sonin.mn
Т.Ганболд удирдагчтай Бие даагчдын нэгдсэн платформ Үндсэн хуулийг бүхлээр нь ч өөрчлөх эрхтэй,  МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт үймээн самуунгүй, дээрх шаардлагын дагуу энхийн замаар улс орноо шинэ цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж байгааг сануулж, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буйгаа зарлав.
Шаардлагад: "
 
МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх танаа
 
 
Шаардлага хүргүүлэх тухай 
 
Монгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өнөөдрийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна. Нийт сонгогчдынхоо 40 орчим хувийн саналаар 100 хувийн засаглалыг авч, ардчиллын үндсэн зарчим болох олонхын засаглалын утга санааг алдагдуулан, сөрөг хүчнээ нухчин дарж эрх мэдэлтнүүд төрийг удирдах нэрээр алдаа завхарлыг өөгшлүүлэн, бүлэглэл фракц болж, үгсэн хуйвалдан, төрт ёсыг уландаа гишгэлээ. Шинэ цаг үеийг эхлүүлэх нийгэм , улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн гэж үзэж, шинэ улс төрийн хүчнүүдийн манлайллыг ард түмэн үгүйлж, хүсэн хүлээж байна. Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүлж байна. 
 
1. Эрх мэдлийн төлөө байгалийн баялагт эзэн суух гэсэн хувийн эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн оромж зэвсэг болсон өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг дахин ашиглахгүйгээр өндөр шалгуураар үүсгэн байгуулж, эрх тэгш шинэ гараанаас эхлэх эрх зүйн зохицуулалт, боломжийг бий болгож хэрэгжүүлэх
2. УИХ нь МУ-ын Үндсэн Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх прокурор, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж "алагчилсан" ашгийн төлөөх шударга ёсыг хэрэгжүүлж ирсэнийг уламжлан төгөлдөржүүлж байгаа Ерeнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх талаар чуулганы хуралдааныг зохион байгуулах 
 
3. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцсэн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг цаашид гаргах чадамжгүй, түүхэндээ гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн ёс зүйгүй, иргэдийн итгэл, хүндлэлийг алдсан энэ УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулах 
 
Үймээн самуунгүй, энхийн замаар улс орноо шинэ цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь ч өөрчлөх эрхтэй, МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт байгааг сануулж байна. Дээрх шаардлагын хариуг 2021 оны 4-р сарын 22 ны дотор ирүүлэхийг шаардаж байна.
Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна !" гэсэн байлаа.

 

Энэ үеэр Т.Ганболд: "Сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэдээрээ амлалтаас амлалтын хооронд горьдлого тээж одоо нэг юм хийж өөрчлөх болов уу гэж бид нар энэ 30 жилд 8 удаагийн УИХ-ыг үзлээ. Би илүү шудрага гэж дараа дараагийнхан гарж ирдэгийг та бид бүгд тодхон сүүлийн жишээнүүд дээр харж байгаа. Эрх мэдэлтнүүд яаж амлалтаасаа эргэж буцаж байна. Иргэдийг бухимдуулж, басамжилж, аархаж, олон нийт бухимдахад дүлий мэт тоохгүй явж байна. Сүллийн жишээ гэхэд цэрэг өөд болж байхад Батлан Хамгаалахын Сайд, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Тэр бүү хэл ядуу айлын хүүхэд хүмүүжил муутай, сайн зодож хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн утга агуулгатай тайлбар тавьж байна. 
 
Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдсэн байхад манай улс төсвийн хөрөнгөө ямар үрэлгэн, ямар мунхаг, ямар их цавчаатай хийж байгаагийн тод жишээ хөшөө, барилга байгууламж болж байна.
 
Төсвийн хөрөнгөөр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэсэн. Энэ нь өнөөдөр 13 аймагт PCR шинжилгээний аппараттай байх хэмжээний мөнгө байх жишээний. ОУБ-аас хандив тусламжаар 560 орчим сая доллар ирсэн. Энэ мөнгийг хээв нэг бүтээн байгуулалтаар зарсан юм аа гэж өөрсдийнхөө хамаатан садан найз нөхдөд цавчааны тендер, бизнест оруулчихсан дүр зурагтай тайлбар өгөөд сууж байна. 
Өнөөдрийн төр засаг иргэний нийгмээ сонсож ийм алдаа завхралдаа цэг тавьж цоо шинэ цаг үед орох хэрэгтэй байна. Үндсэн Хууль, бусад бүх хуулинд намууд бүгд тэгш эрхтэй гэдэг бол Монгол Улсад ганц нам ноёрхож байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. Өнөөдөр 34 нам маш сул дорой эрх тэгш бус байдал дээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ намуудаа бид татан буулгаж шинээр шинээр дахин  зохион байгуултанд оруулж Үндсэн хуулиндаа том өөрчлөлтийг хийж, шинэ цаг үе рүү шилжих шаардлагатай байгаа болохоор бид УИХ-ын дарга болон эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсэн нарт албан шаардлага хүргүүлж байгаа юм. " гэв.
 
Г.Мөнхбаяр