сонин mn
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон.
Ихэнх хүн түүнийг “Форум” нэвтрүүлгийн хөтлөгч, Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монголд интернэт хөгжлийн эхлэлийг тавьсан, технологийн салбарын анхдагчдын нэг гэдгээр нь мэддэг. Гэвч хэвлэлд мэргэжлийн байр сууриас өөр өнцгөөр төдийлөн ярилцлага өгдөггүй Д.Энхбат гэж хүнийг монголчууд хувь хүн, намтар талаас нь тэр бүр мэдэхгүй. 
 
 
Тэгвэл Дангаасүрэнгийн Энхбат гэж хэн бэ?
 
Хүүхэд нас
 
Д.Энхбат 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхээс зургуулаа. Түүний аав Н.Дангаасүрэн нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, түүхийн ухааны доктор, дипломатч, Монголын сор болсон сэхээтнүүдийн нэг билээ. Харин түүний ээж Хөвсгөл аймгийн гаралтай хүн юм.
Н.Дангаасүрэн нь 1955 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Коммунист намын дээд сургуулийг төгссөн. Дараа нь Их Британийн Кембриж болон Лийдсийн их сургуульд олон улсын эдийн засаг, англи хэлний дамжаанд суралцсан байдаг. Н.Дангаасүрэн 1950-иад оны үед Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны даргаар ажиллаж байв. Тэрээр шинийг санаачлагч, зоригтой, ажилдаа амжилт гаргасан хүнийг аливаа болзолгүй дэвшүүлэхийг зорьдог нэгэн байсан нь хожим тэмдэглэгдэн үлджээ.
Хэдий Н.Дангаасүрэн олон жил МАХН-ын удирдах албан тушаалыг хашсан ч тухайн үеийн нам, улс төрийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, зоригтой дуугарч чаддаг нэгэн байсан юм. Тэрээр 1956 онд “Эх орны бахархал болох үндэсний зүйлийг орхигдуулж байна. Ардын дууг хүртэл хориглож байсан. Энэ бол том алдаа шүү дээ. Ер нь Монголын юм бүхнийг феодалын гэж хэтрүүлэн харах хандлага байсан. Энэ бол буруу. Манай ард түмэнд ч үзэж харах юм бий. Үүнийг улс төрийн талаар зөв үнэлэх ёстой. Би энэ үгүүдийг эх орныхоо тулд тавьж байна” гэж хэлээд Сэхээтний төөрөгдөл гэх хэрэгт холбогдож олон жил хэлмэгдсэн байдаг.
 
Боловсрол
 
Тэрээр нийслэлийн 24-р дунд сургуулийг төгссөн. Энхбат 1975-1980 онд ЗХУ-ын Уралын Политехникийн их сургуулийг системийн инженер мэргэжлээр төгссөн. Дашрамд сонирхуулахад ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний төгссөн Уралын Техникийн их сургуулийг Д.Энхбатаас гадна УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд тэргүүтэй цөөн монгол хүн төгссөн байдаг. Хожим Д.Энхбат ОХУ-ын Шинжлэх ухаан технологийн үндэсний их сургууль буюу хуучнаар Москвагийн Ган, хайлшийн их сургуульд металлургийн кибернетик сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Техникийн ухааны дэд эрдэмтэн юм.
 
 
Ажлын туршлага
 
Д.Энхбат 1980 онд их сургуулиа төгсөөд 1992 оныг хүртэл Статистикийн төв газрын Тооцолох төвд программистаас төвийн захирал болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж байгаад 1993-1994 онд П.Жасрайн Засгийн газрын Үндэсний хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байв.
 
 
Ардчилал гарч хүмүүс хувийн бизнес хийж эхлэхтэй зэрэгцэн Д.Энхбат 1994 онд Монголын интернэт үйлчилгээний анхдагч компани болох Датаком ХХК-ийг нөхдийн хамт үүсгэн байгуулсан. Тус компани нь “ICANN” олон улсын корпорацын итгэмжлэлтэй “.mn” домейн хаягийг бүртгэгч байгууллага бөгөөд өнөөдөр технологийн салбарын тэргүүлэгч “Google” компанийн албан ёсны төлөөлөгч болтлоо өргөжин тэлсэн байна.  
 
 
Би интернэтийг 20 гаруй жилийн өмнө оруулж ирээд өнөөдөр нэг зүйлийг ойлгож байна. Хүн болгонд интернэт өгчихлөөр болох юм гэж би итгэдэг байсан. Яг өнөөдөр эргээд харахаар болдоггүй юм билээ. Д.Энхбат
Тэрээр өнгөрсөн хугацаанд буюу 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн Удирдах зөвлөлийн дарга, 2001-2004 онд Монголын Мэдээллийн хөгжлийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллажээ. Дараа нь 2004-2006 онд Форум хөтөлбөрийн захирал, хөтлөгчөөр ажиллаж байв.
 
 
 
Улс орны хөгжлийн бодлогын сэдвүүдийг гарган тавьдаг Форум нэвтрүүлэг нь тухайн үедээ Монголын хамгийн олон үзэгчтэй телевизийн нэвтрүүлгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байлаа.
 
 
 
Улс төрийн замнал
 
Монголын улс төрд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бодитоор яригдаж эхлээд байсан 2007 онд Д.Энхбат тухайн үеийн сөрөг хүчнүүдийн нэг болох Монголын ногоон намын даргаар сонгогдсон юм. Улмаар тэрээр 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан байдаг.
Монгол Улсын 2008 оны парламентын сонгуулийн үр дүн долдугаар сарын 1-ний үймээнийг дагуулж, сөрөг хүчингүй эвслийн Засгийн газар байгуулагдан Оюутолгойн гэрээг байгуулсан түүхтэй. Д.Энхбат долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөн турхирагчдын нэг гэж буруутгагддаг. Гэвч тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, огцроход бэлэн байгаагаа илэрхийлж байсан удаатай.
 
 
 
Д.Энхбат 2009 онд УИХ-ын гишүүн байх үедээ сөрөг хүчингүй эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд, 2000 оноос хойш төсвийн зардал хэд дахин нэмэгдсэн зэрэгт шүүмжлэлтэй хандаж, Монголын уул уурхайн корпорац байгуулах замаар олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож, стратегийн орд газруудаа яагаад өөрсдөө хөдөлгөж болохгүй гэж гэх зэрэг байр сууриудыг илэрхийлж байжээ.   
 
 
 
Хамгийн сүүлд тэрээр Монгол Улс дахь засаглалын хямралыг улс төрийн намуудын хоцрогдол, ялангуяа намууд дотоод ардчилалгүй болоод байгаатай холбон тайлбарлав. Улмаар сонгуулийн тогтолцоогоо дагаад төрийн боловсон хүчний бодлого, мерит зарчим, залгамж халаа алдагдсан. Энэ нь эргээд Монголын төрийн нэгдмэл байдлыг алдагдуулж, сонгуульд мөнгө өгсөн хүмүүст эрх мэдлийг дөрвөн жилээр түрээсэлдэг байдалд төрийг аваачсан гэж тодорхойлсон юм.   
 
Гэр бүл
 
Энхбатын гэргий Оюунцэцэг эдийн засагч мэргэжилтэй, социализмын үед Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байгаад ардчиллын дараа аялал жуулчлалын салбарт хувийн бизнес эрхэлж байжээ. Тэд гурван хүүхэдтэй, дөрвөн ач, зээтэй өнөр өтгөн, жирийн нэг айл юм.