сонин mn
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хамгийн товч анализ
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нийт сонгогчдын 58.99 хувь нь саналаа өгсөн бөгөөд үүнээс Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 67.76 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хэдхэн хоногийн дараа тэрбээр тангараг өргөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой сонгуулийн үр дүнд ямар хүчин зүйл нөлөөлөв гэдэг асуулт улс төр, нийгмийн хүрээнд хамгийн их гарч буй юм.
Үүнд хариулт эрцгээе.
 
У.Хүрэлсүх өрсөлдөгчөөсөө илүү байсан...
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын үр дүнгийн хамгийн эхний хүчин зүйл бол У.Хүрэлсүх өөрөө юм.
У.Хүрэлсүх ард түмэнд танигдсан байдал, хувь хүний харизм, илтгэх чадвар гээд аль ч талаараа Д.Энхбат, С.Эрдэнэ нараасаа хол илүү байсан. 
Нэр дэвшигчээ нэр заагаад ч шүүмжилж чадахгүй хулчгардуу Д.Энхбаттай харьцуулахад л өөрийн намын үл бүтэх нөхдөө хүртэл "Муусайн хулгайч нар" гэж хэлчих эр зориг У.Хүрэлсүхэд байсан. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх өөрийгөө хангалттай бэлдсэн, их ч хичээсэн.
 
С.Эрдэнэ шиг нам доторхи дотоодын тэмцэлдээ хамаг энергиэ бараагүй. Д.Энхбат шиг Гачууртад буйдхан амьдарч байгаад, эхнэрийнхээ зөвлөгөөгөөр гэнэт Ерөнхийлөгчид нэр дэвших болсон ч хүн биш.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиас хойш гэхэд л тасралтгүй тэмцэж, ажиллаж ирснийг нь Монголчууд бүгд мэднэ. Иймээс давын өмнө У.Хүрэлсүх гэдэг хувь улс төрчийн имиж ялалтад нөлөөлсөн нь үнэн...
 
 
Эвлэвэл бүтнэ...
 
 
Нөгөөтэйгүүр ганц хүн хичнээн сайн байгаад амжилт ирдэггүй. Аливаа ажлын амжилт заавал хамтын хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ухуулагч хийсэн 21-тэй залуугаас эхлээд намын идэвхтэн, сонгуультан, үүрийн дарга нар, сонгуулийн штаб, тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүд гээд бүгдийнх нь хамтын зүтгэлийн дүнд У.Хүрэлсүх ялсан.
Хамгийн гол нь Монголчууд тодорхой нам, улс төрийн хүчнийг дэмжиж, аливаа сонгуульд саналаа өгдөг.
Иймээс ч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй ялалт байгуулсны гол шалтгаан бол улс төрийн хүчний дахин хувиарлалт байлаа.
УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш АН хоёр хуваагдан, тэмцэлдэж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль эхлэх үед Ц.Тувааны АН нь О.Цогтгэрэлийн АН, С.Эрдэнийн АН нь М.Тулгатын АН болсныг эс тооцвол эвлэрэх, нэгдэх ямар ч ахиц гараагүй л байв.
Харин нөгөө талд юу болов?
Өрсөлдөгч нам хуваагдаж буйн эсрэг нэмэх үйлдэл хийх стратегийг МАН-ын удирдлагууд баримталжээ.
 
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаас анхлан гарсан гэх энэ санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга нар маш түргэн шуурхай хөдөлж, хамтарч ажилласан бөгөөд хамгийн гол нь МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар жижиг сажиг гомдол, үл ялиг бэрхшээлийг үл тоон, том зорилгын төлөө нэгдэж чадсан явдал юм. 
 
МАХН бол 60 орчим мянган гишүүдтэй, нийт улс орны хэмжээний сонгууль бүрт хамгийн багадаа 300 орчим мянган сонгогчдын дэмжлэг авч чаддаг улс төрийн маш том хүчин байлаа.
ХҮНамын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд 246 мянга орчим санал авснаа амжилт гэж дүгнэж байгаа харагдсан.
Тэгвэл МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохдоо хөдөө орон нутгийн дийлэнхид нь ялалт байгуулан, нэгээр гарч, нийт 409 899 сонгогчийн санал авч байсан юм.
Энэ дүн ч МАХН-ын тогтмол дэмжлэг болж төлөвшсөн байсан гэдгийг МАХН-тай нэгдэн, хүчээ бэхжүүлсний дараах МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй ялалт байгуулсан явдал харууллаа.
Товчхондоо бол УИХ-ын 2020 оны сонгуулийн дараагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гартал өрнөсөн үйл явдал, түүний үр дүн "Эвлэвэл бүтнэ" гэдэг ардын сургаалийг амьдралд нотолсон үйл явдал болсон гэж дүгнэхэд болно.
Энэ жишиг нийт Монголчуудын амьдралд ч үйл хэрэг болон төлөвшөөсэй билээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн тухай хамгийн товч анализаа ардын уран зохиолч Т.Галсангийн шүлгийн мөрөөр төгсгөе.
 
"Чшш … чимээгүй
Эвдэрвээс бид Чин улсын босгоны боол Монгол шүү
Эвлэвээс бид Чингис богдын Гүрэн бүрэн Монгол шүү
Энэ бол бидний зүрхний бичээс ээ
Эвлэсэн цагтаа цөөн монгол олны олноос дутахгүй ээ…"
 
 
М.Гал-Арив