sonin.mn
СТОКХОЛМ. /RT/. Дэлхийн зэвсгийн худалдаа өнгөрсөн онд долоо дахь жилдээ дараалан өсжээ. Зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн нийт худалдаа 2021 онд өмнөх онтой харьцуулахад 1.9 хувиар өсөж, 592 тэрбум ам.долларт хүрсэн гэж Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) даваа гарагт танилцуулсан дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна.
 
 
Хэдийгээр 2020-2021 онд дэлхийн зэвсгийн худалдаа 2019-2020 оныхтой харьцуулахад (1.1 хувь) их хувиар өссөн ч ерөнхийдөө динамик нь цар тахлын өмнөх үеийнхээс доогуур буюу 3.7 хувийн түвшинд байжээ. Өнгөрсөн онд “COVID-19” цар тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөөлж, ихэнх нь тасалдсан байна. Түүнчлэн зэвсгийн үйлдвэрлэлийн түүхий эдийн чухал нийлүүлэгч нь ОХУ учраас Украины дайн ч мөн нөлөөлжээ.  
 
 
Энэ нь Украинд нийлүүлсний улмаас багассан зэвсгийн нөөцийг нөхөх, цэргийн чадавхыг бэхжүүлэх Европ, АНУ-ын хүчин чармайлтад саад учруулж болзошгүй гэж SIPRI-ийн тайланд дурджээ. “Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Хэрэв нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үргэлжилсээр байвал зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн заримд нь Украинд болж буй дайнаас үүдэлтэй шинэ эрэлт хэрэгцээг хангахад хэдэн жил шаардагдаж магадгүй" гэж SIPRI-ийн ахлах судлаач Диего Лопес да Силва бичсэн байна. 
 
 
Тайланд дурдсанаар, ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн компаниудын хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр хагас дамжуулагчтай холбоотой бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд одоогоор тэдэнд олж авах боломж хязгаарлагдмал байна. Тус улсад тавьсан хориг ч мөн нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас үйлдвэрлэгчид экспортолсон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгааг тэмдэглэжээ. Энэ талаар ялангуяа "Алмаз-Антей" компани энэ оны гуравдугаар сард мэдэгдсэн юм.
 
 
2021 онд зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад ОХУ-ын зургаан компани багтаж, гурван компани хасагджээ. Тодруулбал, "Алмаз-Антей", "КРЭТ", "Росэлектроника" компаниудын талаарх мэдээлэл байхгүй байсан тул жагсаалтад багтаагүй юм. Оросын зургаан компанийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос 0.4 хувиар өсөж, 17.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.  Жагсаалтыг өмнөхийн адил АНУ-ын компаниуд тэргүүлж байна. Жагсаалтад багтсан тус улсын 40 компанийн зэвсгийн нийт худалдаа 299 тэрбум ам.доллар болжээ. Жагсаалтын эхний тавд мөн л АНУ-ын компаниуд бичигдсэн байна. Бусад орны зэвсгийн үйлдвэрлэгчид 2018 оноос хойш эхний тавд багтаж чадаагүй байгаа юм. 
 
Европын зэвсгийн үйлдвэрлэгчдийн тухайд уг жагсаалтад 27 компани орсон бөгөөд 2021 онд нийт худалдаа нь өмнөх оныхтой харьцуулахад 4.2 хувиар өсөж, 123 тэрбум ам.долларт хүрчээ. 
 
"Сансар судлалын салбарт мэргэшсэн Европын ихэнх компани өнгөрсөн онд алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж мэдээлсэн. Харин Европын усан онгоц үйлдвэрлэгчид эсрэгээрээ тахлын нөлөөнөөс бага хохирол амсаж, 2021 онд худалдаагаа нэмэгдүүлж чадсан бололтой" гэж SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн судлаач Лоренцо Скараццато тайланд тэмдэглэсэн байна.  Европын компаниудаас Францын “Dassault Aviation Group” нийт 6.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 25 “Rafale” байлдааны онгоц нийлүүлж, борлуулалтаа 59 хувиар нэмэгдүүлжээ.
 
 
Ази болон Далайн орнуудаас жагсаалтад 21 компани багтсан бөгөөд зэвсгийн худалдаа нь 136 тэрбум ам.долларт болсон нь өмнөх оныхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 109 тэрбум ам.доллар нь нийт худалдаа нь өнгөрсөн онд 6.3 хувиар өссөн Хятадын найман компанид ногдож байна. 
 
 
“2010-аад оны дунд үеэс Хятадын зэвсгийн үйлдвэрүүдэд нэгдэн нийлэх давлагаа бий болсон. Өнгөрсөн онд Хятадын "CSSC" компани хоёр компанийг нэгтгэсний дүнд 11.1 тэрбум ам.долларын борлуулалттай, байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болсон" гэж SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн хөтөлбөрийн судлаач Сяо Лян онцолжээ.  Дээрх жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын компаниудын хувьд өнгөрсөн онд нийт 7.2 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийсэн нь 2020 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ийнхүү өссөн нь “Hanwha Aerospace” компанийн зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой байна. Тус компани зэвсгийн худалдаагаа 7.6 хувиар нэмэгдүүлж 2.6 тэрбум ам.долларт хүргэжээ. Польштой томоохон гэрээ байгуулсантай холбоотойгоор энэхүү компанийн худалдаа ирэх жилүүдэд өсөх хандлагатай байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг