sonin.mn

Салбарынх нь ажил эх, хүүхдийн өмнө байтугай улс орны өмнө тулгамдан асуудал болтлоо хүндэрчирээд байхад "Засгийн газраас гарахгүй, би хаашаа ч явахгүй" хэмээн суудалтайгаа тас зууралдах хүсэлтэйгээ илэрхийлсэн Н.Удвал сайдад хариуцлага тооцож, анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ, Ерөнхий сайд аа.

Cap шинийн өмнө эрүүл мэндийн салбарынхны дунд болсон нээлттэй уулзалтад оролцосон нэгэн эрхэм "Энэ салбарт үнэхээр шинэчлэл хийх цаг нь ирсэн байна. Сайдаасаа авахуулаад салбарынхаа бодлогыг тодорхойлж хэлж мэдэхгүй баахан дарга нар л сууж байх юм" хэмээн халаглан ярихыг сонсов.

Энэ бол муулж, гоочилж сандал суудлын асуудал ярьж байгаа хэрэгт огт биш. Төр түшилцэж явсан энэ эрхэмд эрүүл мэндийн салбарын ирээдүй үнэхээр бүрхэг харагдсандаа л ийнхүү халаглаа биз. Үнэндээ энэ үгийг ганц хүн ч хэлж байгаа юм биш. Түмэн олон энэ салбарыг толгойлж буй эрхэмд хэдийнэ "муу" үнэлгээ өгчихсөн.

Засгийн газар бүрдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх ажлын үзүүлэлт, эрүүл мэндийн салбар дахь эмч, эмнэлгийн ажилтнуудын "хариуцлагагүйн зуд" хэчнээн хүний аминд хүрснийг хэлэхэд бэрх. Учир нь энэ салбарт бугшиж, ялзарсан асуудал олон бий.

Үүнээс хамгийн том нь эмнэлгийн сонгон шалгаруулалтын ажилд сайд дур мэдэн оролцож, будилаан хутгаснаас үүдэн, 50 жилийн түүхтэй ГССҮТ баахан бужигнасан явдал. Бүр эмч, ажилчид нь хүртэл ажлаа хаясан нь бий, Салбарын сайд нь өөрийнхөө лоббиг хийх гэж нэг эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад хошуу дүрсэн.

Нөгөөхийг нь эсэргүүцсэн эмч, ажилчид арга ядахдаа ажлаа хүртэл хаяж, эсэргүүцлээ илэрхийлсэн асуудал мэт боловч энэ бүгдийн цаана хүний алтан амь яригдаж байгаа юм. Үнэндээ нэгдсэн гуравдугаар эмнэлгийнхний бужигнаан дунд дарагдаад өнгөрсөн болохоос дөнгөж 25 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан байдаг.

Н.Удвал сайдын зүтгүүлэн байж түр орлон гүйцэтгэгчээр тавьсан Ц.Энхбаяр дарга ажил авсан даруйдаа тус эмнэлгийнхнийг бужигнуулж, халаа сэлгээ хийж эхэлсэн юм, Ингэхдээ бүр мэргэшсэн эмч нарыг халсан нь ийнхүү хүний аминд хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, судасны бичил мэс заслын мэргэшсэн эмчийг ажлаас халсны дараа гүрээндээ хутгалуулсан залуу яаралтай хагалгаанд орохоор ирсэн ч мэргэжлийн эмч байхгүй учраас мэс засал цагтаа хийгдээгүй улмаар амьсгал хураасан. Тухайн үед судасны бичил мэс заслын эмч эмнэлэг дээр байж таарсан бөгөөд "мэс засалд оръё" гэсэн ч Ц.Энхбаяр дарга "Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хүнээр хийлгэж болохгүй.

Гурвадугаар эмнэлгээс эмч дуудсан, хүлээж бай" гэсэн нь залуугийн амийг авч одсон байдаг, Энэ бол цэвэр хариуцлагын асуудал. Зөвхөн үүнээс харахад л Н.Удвал сайд эрүүл мэндийн салбарыг халаасныхаа бизнес гэж үзсэн, өөрийн хүнээ дур мэдэн зүтгүүлээгүй бол, нөгөөх нь ч хүний амь настай холбоотой хариуцлагатай албанд очиж байгаагаа ухааран, асуудалд ул суурьтай хандан, мэргэшсэн эмч нарыг ажлаас нь халаагүй бол өнөөдөр нэгэн гэр бүл цэл залуухан хүүгээрээ дутахгүй байлаа, ГССҮТ-ийн даргын асуудал ч одоо ч намжаагүй байгаа, эмнэлгийй даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн онд эхэлсэн ч өнөө ч үргэлжилсээр байна.

Ийнхүү удаж байгаагийн цаана бас л Н.Удвал сайдын лобби орохоор хүлээгдэж байгаа гэх шуум ч тараад байна, Наад захын жишээ татахад л энэ салбарт ахиц дэвшил гэхээсээ илүү сандал суудлын төлөөх тулаан хүний аминд ч хүрээд байна, Гэсэн атал сайдын сэнтий, эрх ямба гэдэг зүгээр орхиод явамгүй мест гэдгийг Н.Удвал сайд харуулсаар байгаа.

Тэр ч бүү хэл, "Яадаг ч байсан юу ч болсон суудлаа тавьж өгөхгүй" хэмээн мэдэгдчихээд байгаа, Тэр бүү хэл, "Надтай хариуцлага тооцох асуудал байхгүй гэж бодож байна. Олон түмний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласан гэж л хариуцлага тооцохгүй бол шүү дээ. Би сайдын суудлыг гуйж, худалдаж аадаг улстөрч биш.

Миний улс төрд ажиллах цаг хугацаа, тэмцэл дуусаагүй" хэмээн оны өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий, Угтаа нэг нь нийтийн төлөө явах ёстой атал Н.Удвал сайдынхаар бол нийт нь нэгийн төлөө явах ёстой болж байна. Нэг үгээр бол, ард түмэн дундаасаа нэгнийхээ амийг өргөөд ч болов түүнийг сайдын суудалд нь залруулах шаардлагатай болж байна.

Зүй нь энд нэг хүний эрх ашиг бус нийтийн эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байгааг сайд ухаарахгүй байна уу эсвэл хүний амь нас эрсдэж байсан ч хамаагүй, "Би сайдын суудлаасаа босохгүй" хэмээн гүрийж байгаа хэрэг үү.

Ямартай ч төр засгийн удирдлагуудад улс эх орныг нь бүрдүүлж буй олон нийтийн эрх ашиг чухал л бол Н.Удвал сайдыг удаалгүй, асуудлыг цэгцэлж, элгээрээ хэвтсэн эмнэлгийн салбарыг өөд нь татах ажлыг түргэхэн эхлүүлэхийг харж, хүлээж суугаа хүн олон байгааг дуулгая.

Засгийн газраас хийсэн судалгаагаар ч тэр эрүүл мэндийн салбар хамгийн их хүнд сурталд идэгдсэн салбаар нэрлэгээд байгаа. Цаашлаад Н.Удвалыг эрүүл мэндийн салбарыг толгойлсноос хойш гарсан элдэв эндэгдэл, эмч нарын хариуцлагагүй үйлдлийг дурдвал нэлээд их юм гарна.

Ямартай ч амин хувийн эрх ашгаа дээгүүр тавин, сайдын суудалтайгаа зууралдахын оронд нийтийн эрх ашгийн төлөө ажлаа өгөх цаг чинь болсон гэдгийг эрүүл мэндийн салбарыг толгойлж буй эрхэм сайдад дуулгая.


М.Өнөржаргал

Эх сурвалж: