sonin.mn
   1990 оноос өмнө үгээрээ ч үйлээрээ ч нийгэм даяар ингэж нижигнүүлдэг  байлаа.  Өнөөдөр бас ингэж хэлэх ёстой Гэхдээ өмнөхөөсөө арай өөр утгаар. Улс орны хувьд хамгийн чухал нь тухайн нөхцөл байдалд илүү тохирсон, “хамгийн ойр байгаа”хөгжлийн замыг сонгон авч улс төрийн системийг бий болгох явдал юм.
 
20-р зуунд Монголчууд түүхэн хувь заяаны эрхээр сонголтгүй сонголт буюу социализмтай учирсан. Сонголтгүй сонголтыг зөв сонголт болгон хувиргаж, боломжийг ашиглан үндэстэнээ авч үлдэх улмаар хөгжүүлэх их аян дайнд мордсон.
 
   Тэр үед бидний хувь заяа, ирээдүй холоос бус ойроос буюу хоёр хөршөөс,ардчиллаас бус социализмаас,улс гүрнүүдийн хамтын ажиллагаанаас бус зөрчлөөс илүү их хамаарч байлаа. Хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэх бус хүчирхэг 2 хөршийнхөө нэгэнтэй нь дуу хоолойгоо нийлүүлэх нь тэсч үлдэх гарц , ганц сонголт байсан.
 
   Тэгэхээр социализм бол бидний дайрч өнгөрөх зайлшгүй зам гэхдээ зөв зам байсан.Капитализмыг алгасах гэсэн стандарт бус оролдлого нь монголчуудад сайнаар туссан. Өнөөгийн хятад социализм нэрийн доор капитализмыг бий болгож байна гэдэг.
 
Тэгвэл манай ахмад үеийнхэнд соц-ын гүнд капитализм төрж гарах үндэс суурь болох орчин үеийн мэдлэг,соёл иргэншлийн үндсийг тавих үүрэг, хариуцлага оногдсон юм.
 
Тэгэхээр монголын хувьд социализм бол нэг ёсондоо феодализм болон капитализмыг холбосон гүүр болж өгсөн гэж хэлэх бүрэн үндэстэй.Үүнийг 20-р зууны монголчуудын амьдрал нотолно. Жижиг,сонголт нь бусдаас илүү хамааралтай улс орны нэг онцлог, магадгүй давуу тал энэ байж болох. 
 
Дэлхийн дээрх ямар ч сургаал номлолд социализм бол феодализм,капитализм хоёрыг уулзуулагч гэсэн өгүүлбэр байтугай үсэг ч байхгүй.В.Лениний ялсан пролетарийн орны тусламжтайгаар капитализмыг алгасах сургаал бол өөр л дөө. Улс төр, үзэл суртлын зорилготой юм.
 
Улс гүрний хөгжлийн зам гэдэг ямар ч онол сургаалын үнэнийг эвдэж басхүү засварлаж чадах өөрийн гэсэн хүч чадал ,дотоод зүй тогтолтой гэдгийг дэлхий дахинд харуулж өгсөн социализмын үеийнхнээр бид бахархах ёстой учир дахин нэг удаа социализмын яруу алдар бадартугай гэж хэлье.
 
    Анхнаасаа капитализм, ардчиллыг сонгох байсан.Тэгсэн бол өдийд өндөр хөгжилд хүрчих байсан гэдэг үзэл бол дэндүү хийсвэр,өнгөрсөн түүхийг өнөөдрөөс засах гэсэн үр дүнгүй оролдлого юм.Монголын социализмд монголчууд баярлах учиртай.
 
Гэтэл бид бусдыг дуурайж социализмыг үгүйсгэх нь утгагүй төдийгүй өөрсдийгөө гутаасан хэрэг болно.Түүхэн заяа төөргөөс болоод улс орнууд социализмыг өөр өөрийнхөөрөө “амссан”. Социализмын сайн талыг хүртэж чадсан монголчууд хамгийн азтай нь.
 
Харин каптализмын замаар итгэлтэй , тууштай замнаж  байсан зүүн Европын орнуудын хувьд бол социализмд өнгөрүүлсэн цаг хугацаа нь ухралтын он жилүүд болж хөгжил нь гажуудсан. Тийм ч учраас тэд социализмд дургүй байх нь аргагүй. 
 
Гэтэл монголчууд тэдний дургүйг дагаж социализмыг дуртайяа муучлах нь инээдтэй,эмгэнэлтэй. Өөх байтугайг өгсөн социализмтай өөд уруугүй заргалдах гэж үү. Яг л нөгөө Христосын шашныг шүүмжилсэн Өрнөдийнхний үзэл бодлоор Буддизмийг үгүйсгээд байдаг зарим нэгэн хүн нүгүүд шиг.Хөөрхий шашин л бол шашин.
 
Бүгд адилхан гээд эндүүрэн ойлгочихгүй юү.Гэтэл Христос,Будда хоёрын сургаалын мөн чанар,онцлог нь тэдний ялгаанд байдаг. Хөрш чинь хүүхдээ гудамж хэслээ гэж зэмлэхийг сонсоод та гэртээ  байгаа хүүгээ тэнэлээ гэж загнаад байж болохгүй биз дээ. Бид нэг иймэрхүү маягаар л социализмыг хэлмэгдүүлж байгаа нь ардчиллын айдсыг ч хүргэж болох талтай.
 
   Монголчуудын хувьд социализмд амьдарч байснаараа капитализмын эхэн үеийн зэрлэг хайр найргүй эвдэн сүйтгэх их хүчийг мэдрэхгүйгээр хожим капитализмд суурьшихад хэрэг болох гэрийн бууриа тавиад авсан хэрэг. 
 
Өөрөөр хэлвэл капитализмийн  үүргийг соц өөрийнхөөрөө гүйцэтгэсэн. Ингээд улс төрийг нь хасаад үлдсэнийг нь харвал бүтээлч чанараараа социализм яг л капитализм шиг харагдана.
 
Дэлхийн бусад улсууд феодализмаас капитализмаар татуулж гарсан бол хоцрогдсон монгол капитализмаар биш социализмаар татуулж орчин үежиж эхэлсэн. Эндээс Монголын социализмын онцлог мэдэгдэнэ. Худлаа гэвэл түүхийн томруулдаг шил болох түүхийн философи гээчийг бариад 20-р зууны монголыг хараад үзээрэй.
 
Харин түүхэн философийн үүргийг орхигдуулсан 90-ээд оны их хөөрлийн үед соц-ын хэрэггүй юмс гэсэн ойлголтоор капитализмд буюу одоогийн цаг үед хамгийн их хэрэг болох олон зүйлийг/ биет болон биет бус/ эвдэн сүйтгэсэн гажуудал бол монголын нэн шинэхэн капитализмын түүхэнд хамаарна.
 
Харин бид социализмын дутуу үлдээсэн буюу яагаад ч хийгдэх боломжгүй/ тэгвэл соц соц биш болно/, хийж ч чадахгүй бүхнийг капитализмын эхэн үед яаралтай бий болгох шаардлагатай байсан. 
 
Тэгсэн бол “Бид соц үеийнхээс хол алхаж чадсан уу ! Чадсан бол хир хол явсан бэ!” гэж анхаарлын тэмдэгтэй асуухгүй байсан. Гэхдээ энэ талаар дараа өгүүлэх болно.
 
   Харин одоо соц байхгүй байсан бол монголын тусгаар тогтнол эргэлзээтэй байх байсныг ойлгох нь чухал. Учир нь ойр орчмынхноо улаан болгон хувиргаж асан оросууд монголчуудад биш бидний сонгож авсан соц-д хайртай байсан Тэд социализмыг жинхэнэ” “прагматик хайраар” хайрлаж байлаа 
 
Учир нь социализм тэднийг улам бүр томруулж бас зөвтгөж байсан. Оросын социализмын түүхийг буруутгаж, жижигрүүлсэн Б.Ельцинд үндэсний үзэлтэнүүд нь дургүй байдгийн нэг шалтгаан энд бий.
 
   Улаан оросууд бусдыг үзэл суртлаар татчихсан байхад газар нутаг нь нүүгээд явчихгүй гэдэг зарчимд үнэнч байсан нь бидний хувьд зол болсон юм. Бусдын толгойг өөрийн болгочихсон байхад хөл нь алхаж чадахгүй  гэж  тооцоолж л дээ Харин бидний толгойд олон бодол байжээ.Дотооддоо дэг журам тогтоох ажилтай байсан хятадууд социализмыг бас л өөрийнхөөрөө ашиглах гээд завгүй байлаа.
 
Тэгээд ч ядарсан ч ястайгаа гэгчээр өвөрийг өөрийн болгож чадсан тул арыг өвөрчлөх санаархлаа хойш тавихаас цааргалаагүй юм.Учир нь тэд луугийн сүүл газарт хүртэл цагийг хүлээж сурсан улс. 
 
Ийм л түүхэн цаг үед бид” соц “чадсан учир орос ,хятадын бидэнд хандах хандлагыг хүссэн хүсээгүй нэг шугам дээр давхцуулж тогтоон барьж чадсан юм.Нэг ижил хоёр санаархлыг хэнд нь ч дангаар нь” өмчлүүлээгүйгээрээ” тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан социализмын  үеийн удирдагчдын яруу алдар бадартугай.
 
           
 
Д.Өрнөхбаяр    / Шинэ үе-Шинэ хүчний холбоо/