sonin.mn
Мэргэн ухаан гэж хүн мэдлэг туршлагадаа тулгуурлан буруу зөвийг таних буян нүглийг ялгах бурхан чөтгөрийг ч зааглаж чадах хувь хүний чадвар юм. Мэргэн ухааныг оросоор мудрость англиар wisdom гэнэ.
Эртээ урьдын цагт  Бурхан нэгэн сонгосон хөвүүнээ янзыг нь үзэж сорихдоо  Чамд хаан ширээ эрх мэдэл алт мөнгө адуу мал авгай хүүхэд газар нутаг гээд юу дуртай хүссэнийг чинь өгье гэхэд хариуд нь Надад юу ч хэрэггүй ээ ганцхан Мэргэн ухааныг л өгөөч хэмээн гуйн авч түүгээрээ дээрхи бүх зүйлийг  ядах юмгүй олж энэ дэлхий дээрхи хамгийн цэцэн мэргэн хаанаар өдийг хүртэл өргөмжлөгдсөн түүхтэй.  
Нэг удаа манцуйтай жаахан хүүг минийх минийх хэмээн булаалдах хоёр эмэгтэй шат шатны шүүх дамжин маргалдсаар сүүлдээ энэхүү хааныхаа өмнө зарга мэдүүлэхээр ирэхэд хаантан: Хэрвээ та хоёр чин шударгаар учраа олж чадахгүй бол би хүүгийг тань тэг дундуур нь та хоёрт хуваагаад өгье хэмээн хурц сэлмээ сугалан ухасхийхэд нэг нь Тэг тэг хэмээн хээвнэг бардам хэлэхэд харин нөгөө нь Хаантан минь энэ хүүг бүү алаач харин түүний оронд “худлаа хэлсэн” намайг цаазлаад энэ хүүг амьд үлдээгээд “тэр эх”-д нь өгөөч хэмээн өвдөг сөхрөн уйлан хайлан гуйхад суут цэцэн мэргэн хаан Хэн нь хэн бэ гэдгийг шууд ойлгон өвдөг сөхрөн уйлах жинхэнэ эх болох тэр эмэгтэйд хүүгийг нь авч өгчээ.
Манай монголын түүхэнд цэцэн мэргэн хаад ноёд хатад эмс бишгүй л бичигдсэн байдаг. Нэг удаа монголын хаантны  өргөөнд асар том тулган дээр адууны мах чанаж буй харц боол галч-тогооч, тогоотой махны сайхан үнэрт ходоод гэдэс нь хонхолзож хорхой нь хүрч өлсөхийн хирээр хааны нүдийг хариуллаа гэж санаад халуун тогоон дээр буцалж байсан адууны махнаас нэгэн хэсэг умс китааг улаан гараар ухасхийн шүүрч автал гай болж харамч хатан нь яах ийхийн зуургүй яг гаднаас орж ирэх тэр агшинд шаз халуунаар нь ханцуйндаа хийхийг харж амжсан хоймор суугаа цэцэн мэргэн ухаант хаан харц боолдоо хандан Гадаа гарч тэнгэрийн байдлыг ажихыг зарлигдахад тэрээр гэрийн гадаа баруун хойх нь гарч зогсон тэнгэр өөд залбиран Цэцэн ч хаан байна Цэлмэг ч тэнгэр байна Харам ч хатан байна Халуун ч китаа байна гэж хаандаа сонсогдохоор шүлэглэж ханцуйнаасаа умс-китаагаа гарган үмхэлж байжээ.
За тэгээд заавал хаад ноёд төрийн тэргүүн гэлтгүй жирийн бидний өдөр тутмын амьдралд ч мэргэн ухаан ус агаар мэт чухал. Дээд тооны шалгалтаас халшрах дөрвөн оюутан залуу санаатайгаар шалгалтандаа хоцрон ирж
-Багшаа, Машины дугуй хагараад хэмээн худлаа хэлэн толгойгоо маажихад
-За яахав, тэгвэл та нараас маш амархан ганцхан асуулт асуугаад дүнгийг чинь тавья хэмээн тохиролцоод танхимынхаа дөрвөн буланд нэг нэгээр нь буруу харуулан суулгаад АЛЬ ДУГУЙ НЬ ХАГАРСАН ВЭ? гэсэн цаасан дээрх ганц асуултанд хэн ч зөв хариулж чадсангүй дөрвүүлээ бараг дөрвөн янзын хариулт өгч бүдэрчээ.
 
ЦЭЦЭН ХАТАГТАЙН ДУУЛЬ /хайрт ээж Гармаад зориулав/
 
 
 
Суль хирийн шүүрээр хоймороо цэвэрлэх эзэгтэй
Суу цэцэн ухаанаар сэтгэлээ шүүрдэх хатагтай
Сургаалт мэргэн үгсээр хүүгээ номлох ижий
Сүүн цагаан хайраар хадмаа бялхаах гэргий
 
 
Эрлийн хүмүүс ирлээ ч идээ будаа нь өрөөстэй
Эхнэр бэр буулгаа ч дээлийн торгууд хуйлаастай
Айлын хүүд атгуулах чихрийн хүүдүй нь дүүрээстэй
Аяны хүмүүст илүүчлэх сүүний савнууд мэлтээстэй
 
 
 
Дэгжин хөөрхөн царайг нь нутгийн харцуул шагширлаа ч
Дээл хотны хормой нь дэрвэнэ ч гэж үгүй ээ
Дэнжийн гэрийн цэмцгэрийг нь нугын самгачуул сайрхлаа ч
Дэмий сул үг унагана ч гэж үгүй ээ
 
 
 
Алсад одсон нөхрөө сар жилээр хүлээх ч
Ариун сэтгэлийн дээжээ цаг нараар ч өргөн
Хурган доторт дээлэнд нь торгон гадар эмжиж
Хоргой хантааз шаглан ээтэн гутлыг нь ширлэнэ.
 
 
 
(Зураг дээр ээж Гармаа 1967 он, Завхан Ургамал сум, Баян-Улаан бригад, Цагаанчулуутын хаваржаандаа Аймгийн аварга малчин болох үеэр ..)
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт