sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр эрх чөлөөтэй болсон Н.Энхбаяр их улс төрд эргэн ирэхээ мэдэгджээ. Тэрбээр өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд намынх нь нөхөд тийшээ гүйдэлтэй болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд буюу он солигдохтой зэрэгцэн даргадаа алтан хошуу өргөхөөр очсон О.Баасанхүү, Б.Тэрбишдагва нарт намын дарга нь улс төрд эргэн ирэхээ мэдэгдсэн байна.

Гэхдээ тэр зүгээр ч ингэж хэлээгүй бололтой. Өдгөө дээр, доороо оролцон чи, би дээ тулаад буй МАХН-ын хагарал Н.Энхбаярын тэвчээрийг барсан нь тодорхой. Учир нь Намбарын хүүгийн үүсгэн байгуулсан нам өдгөө орших уу эс орших уу гэдэгтээ тулаад байгааг улс төрийн хүрээнийхэн хэдийнэ анзаарчихсан.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон Бага чуулганы үеэр энэхүү хагарал ил гарсныг зарим эх сурвалж ярьдаг. Үүний үргэлжлэл болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Б.Тэрбишдагва нарын үл ойлголцол эцэстээ хил дамнасан маргаан болсон нь энэ.

Хоорондын зөрчил нь хурцадсан хоёр харь орныг зорьж, даргаа эргэх нэрийдлээр хайнаагаа хагалуулахаар очсон ч мань хүн өөдөөс нь "Би улс төрд эргэн ирнэ" хэмээн мэдэгдсэн байх юм. Бодвол байдал бишдэж, намынх нь хуваагдал тогооноосоо хальсныг тэр анзаарсан биз ээ.

Өдгөө түүний эзгүйд намынх нь нөхөд бие биенээ тагнаж чагнан сайтын сэтгэгдлээр хүртэл. доромжлон утсаар дарамталж байгаа талаарх яриа шинэ долоо хоногийн хамгийн содон мэдээлэл байлаа. Ийнхүү ярьсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү.

Тэрбээр сүүлийн үед намынхаа дэд дарга Б.Тэрбишдагватай түнжин муутай байгаагаа хэвлэлээр ний нуугүй л ярьж байна. Тэр бүү хэл намынх нь дэд дарга түүнийг намаасаа гарахыг зөвлөснийг ч тэр хэлээд авсан.  

 Ойлголцлын зөрүүтэй байгаа учраас энэ нь ч зөв гэж Шадар сайд түүнд зөвлөсөн юм байх. Үүнээс харахад өнгөрсөн хугацаанд Б.Тэрбишдагва МАХН-д өөрийн нөлөөг хэр тогтоосон бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Нэг үгээр бол тэрбээр О.Баасанхүүг намаас гарахыг зөвлөсөн нь хувь хүний итгэл үнэмшилд хүртэл нөлөөлөхийг оролдсон, нэг ёсондоо хүний эрхэнд шууд утгаараа халдаж байгаа үйлдэл гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Өдөр, өдрөөр бие нь сайжирч, улс төрдөө намдаа эргэж ирэх цаг нь дөтөлсөөр буй Н.Энхбаярыг ирэхээс өмнө түүний гэх хүмүүсийг үгүй хийх гэсэн нэг алхам гэж харах нэгэн ч байна. Үнэндээ өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэх гэсэн Б.Тэрбишдагвын санаархал эртнээс цухалзаж эхэлсэн.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдсан Бага чуулганы үеэр тэрбээр эрх мэдлийнхээ хүрээнд 40-өөд хүнийг намын гишүүнчлэлээ буцаахыг шаардан намаас гарахыг мөн л нөхөрсгөөр зөвлөсөн. Үүний дунд Н.Энхбаярын гэх хүмүүс МАХН-ын хаалгыг хаасан нь ч бий.

Тодруулбал, улс төр судлаач Л.Эрдэнэтуул, өмгөөлөгч Б.Оюунбилэг тэргүүтэй 40 хүнийг Бага чуулганы гишүүнээс хассан. Улс төр судлаач Л.Эрдэнэтуулын хувьд улс төрийн нам дамждагаараа адлуулдагч  Н.Энхбаярын үнэнч цэргүүдийн нэг явсан.

Харин өмгөөлөгч Б.Оюунбилэг Н.Энхбаярын төлөө эхнээс нь дуустал тууштай өмгөөлсөн. Гэсэн ч түүнийг "Н.Энхбаярыг муу өмгөөлсөн" гэх шалтгаанаар МАХН-аас хөөсөн талаар эх сурвалж хэлдэг.

Гэтэл үнэндээ 2012 оны наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс авлига, албан тушаалын хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсоход шүүх танхимын гадаа МАХН-аас хэн хэн байсныг эргэн саная. Н.Энхбаярын эзгүйд намдаа адлагдаж, Б.Тэрбишдагвад нүд үзүүрлэгдсэн өнөөх л Л.Эрдэнэтуул, Б.Оюунбилэг, О.Баасанхүү нар байлцсан.

Тэд бүтэн хоёр өдөр үргэлжилсэн анхан шатны шүүх хурлыг чимээлэн хоёр өдөр халуунд халж, хүйтэнд хөрч зогссон. Гэтэл тэднийг намаасаа хөөж, заримыг нь "Одоо ч гар" гэж зөвлөж суугаагийн цаана ямар санаархал нуугдана вэ. Бас болоогүй МАХН-ын нэрээр 76-гийн тоонд багтаж, тэр ч бүү хэл Н.Алтанхуягийн Засгийн газраас Шадар сайдын өндөр албан тушаал хүртсэн түүнд Н.Энхбаярын эмхлэн байгуулсан МАХН-ыг бужигнуулах эрх байгаа билүү.

Туршлагатай улстөрч хэнд, яаж, хэрхэн тал засахаа бас ч гэж мэднэ ээ. Бага чуулганы гишүүдийг намаас хөөхдөө "хөөрхөн" тайлбар хийсэн нь бий. Өмгөөлөгч Б.Оюунбилэгийг "Даргыг муу өмгөөлсөн" гэх нэрээр явуулчихаж байгаа юм. Сүүлд хэлэх үгтэй үлдэх нь л дээ.

Харин Н.Энхбаярын өмгөөлөгч нэрээр олонд танигдаж, тэр эрчээрээ урагшилсаар төрийн түшээ болоод авсан О.Баасанхүүг тоншихдоо бас ч гэж дээрх хүмүүсийн адилаар хөөчихөөгүй. Хожим Н.Энхбаярын урт гap түүнийг хааш нь ч хөдөлгөж мэдэх учраас "Би зүгээр сайхан нөхөрсөг зөвлөгөө өгсөн" гэх нь л дээ.

Ямартай ч энэ байдлыг гадарласан Н.Энхбаяр улс төрд эргэн ирнэ гэдгээ тэднээр дамжуулан мэдэгдлээ. Энэ бол олон нийт гэхээсээ илүү улс төрийн хүрээнийхэнд өгч буй томоохон дохио. МАН-ын хуучин нэрийг сэргээн нам байгуулж, массаас багагүй үнэлгээ авсан, нөлөөтэй улстөрч эргэн ирэх мэдээлэл зарим нэгний нүд, чихийг сортойлгож байгаа.

Тэр дундаа эзгүйд нь эзэрхлээ тогтоогоод авахыг ихэд санаархсан Б.Тэрбишдагвад хамгийн их хамаатай мэдэгдэл байж мэдэх. Харин энэ үйл явцаас олон нийт нэг дүгнэлт хийж байгаа нь Н.Энхбаяр улс төрд эргэж, ирнэ гэсэн нь Б.Тэрбишдагва О.Баасанхүүд намаасаа гарахыг зөвлөсөнтэй холбогдолтой гэж үзэх нэгэн байна.

Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүг явуулснаар Н.Энхбаярыг парламентад суудалтай болох нь хэмээж буй. Гэвч ойрын хоёр жилдээ буюу ирэх 2016 оны сонгууль хүртэл ийм акци өрнөх боломжгүй гэдгийг хуульчид хэлж байна. Учир нь Н.Энхбаяр өнгөрсөн онд Өршөөлийн хуульд хамрагдан эрх чөлөөтэй болсон.

Энэ бол цагаадсан гэсэн үг биш. "Чи хэрэг хийсэн ч төр чамайг өршөөж, уучлал үзүүлж байна" гэсэн үг. Тиймээс Н.Энхбаярын намтраас "Ял эдэлж явсан" гэх түүх арчигдах боломжгүй гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр эргэн ирж, хоёр жил эзгүй явсан намаа жинхэнэ утгаар нь удирдаж, байх ёстой бүхнийг байранд нь тавихаар шийдсэн бололтой. Одоо үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Тэр болтол Б.Тэрбишдагвын хаанчлал МАХН-д үргэлжилнэ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: