sonin.mn

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөнийг хааж МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

   

Намын Удирдах ажилтны зөвлөгөөн хөтөлбөрийнхөө дагуу өндөрлөж байна. Энэ зөвлөгөөнд мэдээлэл хийсэн бүлгийн дарга, Хяналтын ерөнхий хорооны даргадаа талархал илэрхийлье. Бүсчилсэн хуралдааныг амжилттай зохион байгуулж, бүсчилсэн хуралдааны санал дүгнэлтийг танилцуулсан бүс хариуцсан Нарийн бичгийн дарга нартаа та бүхний өмнөөс халуун талархал илэрхийлье. Давхардсан саналуудад Намын дарга ерөнхийдөө хариулт өглөө. 2-3 зүйл давхардаж байна. Энэ бол сургалт хийх асуудал. Сургалтын асуудал, ер нь боловсон хүчин, хүний нөөцөө бэлдэж өгөөч, магистрийн гадаадад сургах асуудал дээр анхаарч өгөөч гэсэн олон санал гарч байна. Тэгэхээр та бүхэнд хэлэхэд энэ зун бүсийн сургалт зөвлөгөөнүүдийг 5 бүсэд зохион байгуулахаар хуваарь гарч байгаа. Баруун бүсэд Хүрэлбаатар дарга Хяргас нууран дээр зохион байгуулагдана. Хангайн бүсийн сургалт зөвлөгөөн Хөвсгөл нуурийн хөвөөн дээр, Хөвсгөл аймгийн намын хороо нэлээн дэмжлэг үзүүлж байгаа. Төвийн бүсийн сургалт зөвлөгөөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгаа түшиглээд Сэлэнгэ мөрийн хөвөөнд зохион байгуулагдана. Зүүн бүсийн зөвлөгөөнийг зүүн З аймагт сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээр Дорнод аймаг байгаа, ингээд Хэрлэнгийн арлаа түшээд зохион байгуулагдана. Нийслэлийн сургалт зөвлөгөөнийг Тэрэлжид зохион байгуулах чигтэй байгаа. Залуучууд, оюутны чуулга уулзалтууд бүсийн түвшинд аймгуудийн түвшинд зохион байгуулагдана. Хангайн бүсийн залуучуудын чуулга уулзалт Булган аймагт зохион байгуулагдана. НАМОХ  гадаадад суралцагсад эх орондоо амарч ирсэн бүх оюутнуудыг улсаар нь, тивээр нь урьж Тэрэлжид зохион байгуулах юм билээ. Миний мэдэж байгаагаар Архангайгаас авахуулаад хэд хэдэн аймагт сум бүрээс 50 залуучуудыг авчирч 1000 залуучуудын чуулга уулзалт сургалтыг 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийгээд хангаад явж байгаа. Энэ ажлууд энэ зундаа хөтөлбөр хуваарийн дагуу явагдана гэдгийг та бүхэндээ хэлье. Нэг зүйлийг бид анхаарах хэрэгтэй. Хаана хаанаа бид бүхэн сая бол нэлээн олон хариулт нэхсэн асуудлууд дээр Намын дарга тодорхой чиглэл гэдэг юм уу, байр сууриа илэрхийллээ. Бид нар нэлээн хэдэн зүйл ойлгомжтой болж байгаа. Намын нэр дэвшигчдээ тодруулахаас авахуулаад түрүүн Хүрэлбаатар дарга ярьсан, баруун бүс дээр яригдаж байна. Нэг тойрогт хоёр нэр дэвшигчийг гаргаж нөөцтэй байгаад нэг нь УИХ-д нэр дэвшээд явахад нөгөөх нь тэрийгээ сонгуульд ялуулахад дэмжиж ажилладаг, дараа нь энэ намын Удирдах Зөвлөлийн бодлого дэмжлэгээр дараа дараагийн Удирдах Зөвлөлийн бодлого, дэмжлэгийг авах зүйл рүү явдаг, энэ зарчим руу шилжие гэсэн санал ч бас гарч байгаа юм байна. Энэ бүхнийг дүгнээд, Намын даргын илтгэлд дэвшүүлсэн 6 үндсэн зорилт, салбар хуралдаануудаас гаргасан саналууд, сая үг хэлсэн хүмүүсийн саналуудыг дүгнээд та бүхэнд тодорхой хэдэн үүрэг, даалгавар, чиглэлийг өгч байна. Энэ үүрэг, даалгавар, чиглэл бол намын Ерөнхий нарийн бичгийн даргын заавал биелүүлж мөрдөх ажил, албан даалгавар болон та бүхэнд ирэх 7 хоногт албан тоотоор хүргүүлнэ.

    .Намын байгуулалтын чиглэлээр:

            2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд манай намын ялах үндсийн үндэс нь намын дотоод эв нэгдэл. Иймээс Удирдах Зөвлөл, бүлэг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд, дэргэдэх ТББ-ын хэмжээнд намын хамт олны эв нэгдлийг хангах, бэхжүүлэх чиглэлээр тусгай төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай. Энэ ажлыг 2014 онд багтаан нэгмөр эцэслэн шийдвэрлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлж хүн бүхэн эвийг сахиж ажиллах энэ зүйл чухал. Сая Хяналтын ерөнхий хорооны даргын тайланд дурдагдсан 4 аймгийг онцолж хэлсэн байгаа. Ялалт байгуулсан аймгууд өөрсдийн дотоод эв нэгдлээсээ болоод өөрсдийнхөө сонгуулиар зовож зүдэрч олсон ялалтаа нөгөө талдаа бэлэглэчихэж байх жишээтэй. Ийм зүйлүүд гарч байна. Энэ бол намыг эв нэгдэлтэй, энийг хаана хаанаа анхаарч ажиллах нь чухал байгаа юм. Энэ зүйл хамгийн амин чухал зүйл байна.

            “МАН-ын дунд хугацааны стратеги хөтөлбөр”-ийн төслийг та бүхнээс авсан үнэтэй саналаар баяжуулан Удирдах Зөвлөлийн хурлаар, шаардлагатай бол ойрын хугацаанд намын Бага хурлаар хэлэлцүүлэн батална. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны түвшинд орон нутгийнхаа онцлогийг тусгасан “Дунд хугацааны стратегийн дэд хөтөлбөр”-өө боловсруулж 2014 оны 9 сарын 1-ээсэхлэн мөрдөж ажиллах нь зүйтэй.

            Намын гишүүдээ идэвхжүүлье гэвэл намын анхан шатны байгууллагуудыг бодитой дэмжин бэхжүүлэх ажлуудыг бид 2016 оны сонгуулийг хүртэл хийх ёстой. Иймээс аймаг, нийслэл, дүүрэг намын анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх цогц төлөвлөгөөг Удирдах Зөвлөл дээр гаргаж байгаа. Энэ дээр тухайн аймаг, дүүрэг, нийслэлээс сонгогдсон намын Бага хурлын гишүүдийг өргөн дайчилж, нэлээн үүрэг чиглэл даалгавар өгч шахаж ажиллах чигтэй байгаа. Энэ ч утгаараа та бүхэн өөр өөрсдийнхөө аймаг, дүүрэг, нийслэлийнхээ түвшинд энэ төлөвлөгөөг гаргаж ажиллах хэрэгтэй.

2014-2016 онуудад болох томоохон тэмдэглэлт баяр, түүхэн үйл ажиллагаа, сум, байгууллагын ойн жагсаалтыг урьдчилан гаргаж, нэр дэвших магадлалтай хүмүүсийг оролцуулах замаар олон нийтэд танилцуулах ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Ардын Намын бүлэг 26 УИХ-ын гишүүнтэй. Бид бүхэн 76 тойрог дээр нэр дэвшүүлнэ гэдгээ бодох хэрэгтэй. Доод тал нь 50 орчим хүнийг нэр дэвшүүлэх байх. Тэгэхээр энэ хүмүүсийг гаргаж ирэх, энэ хүмүүсийг таниулах, магадгүй шинэ залуу анх удаа нэр дэвшиж байгаа  хүмүүсийг сурталчлах ажлыг энэ зунаас эхлүүлээд аймаг, нийслэл, дүүргийн намын хороод зөвхөн УИХ гэхгүйгээр орон нутгийн сонгуульд нэр  дэвших хүмүүстээ анхаарал хандуулах шаардлагатай. Бид хоёр зүйлийг ярьж байгаа.Нэр дэвшилтийг эртнээс бэлдэх, МАХН-тай холбоотой яах ийх талаар Намын дарга сая байр сууриа хэллээ. Би ганцхан жишээ хэлье. 2012 оны УИХ-ын сонгуульд миний бие  Архангай аймагт нэр дэвшсэн. Намын Бага хурал болохоос 4 хоногийн өмнө нам гэнэт дуудаад намын Удирдах Зөвлөлийн даалгавар, Архангай аймагт нэр дэвш, ялалт байгуул гэсэн үүрэг өгсөн. Мэдлээ гүйцэтгэе гээд зүтгэсэн. Гэхдээ энэ нэг зовлон байдаг юм билээ. 2-8 жил байнгын бэлтгэлтэй улсын цолтой бөхтэй 4 хоног гар дээрээ суниагаад барилдана гэдэг ямар ч бэлтгэлгүй хүний зодог шуудаг, монгол гутал, малгай гуйж өмсөөд барилдана гэдэг туйлын хүнд юм гэдгийг би өөрийн биеэр амссан. Тийм учраас энэ бэлтгэлийг ядаж улсын наадам зодоглох хүмүүс биеэ наранд шарж борлуулчихаад барилдах ёстой гэсэн байр суурийг бид эртнээс баримталж байгаа юм.  2-рт МАХН-ын асуудал бодох, хүлээн зөвшөөрөх асуудал. 5 удаагийн сонгуульд бид бүхэн санал хуваах байдлаас болоод сонгуульд ялагдал хүлээсэн. Хамгийн сүүлд Говь-Алтай аймагт. Архангай аймагт би 2-оор гарч 643 хүний саналаар ялаад, маргааш өглөө нь 42 хүнээр ялагдахад МАХН-аас нэр дэвшсэн Удвал гэдэг хүн 13700 хүний санал авч байсан. Ингээд бодохоор бид бүхэн энэ хоёр асуудал дээр маш нухацтай бодож, тодорхой нэгдсэн бодлоготой болох ёстой гэдгийг та бүхэндээ чиглэл болгож байна.

Орон нутгийн сонгуульд ялагдаж цөөнх болсон нийслэл, аймаг, дүүрэг, сумдын намын хороод ИТХ дахь цөөнхийн бүлгээ идэвхтэй ажиллуулах, эрх баригчдын амлалтыг сануулсан, алдаа эндлийг нь олонд гаргасан, иргэдийн дэмжлэгийг хүлээсэн улс төрийн акцийг орон нутгийн хэмжээд тогтмол, идэвхтэй зохион байгуулж, намын төв удирдлагатай нягт уялдан ажиллах шаардлагатай байна. Энэ дээр Булгантуяа, Ариунзаяа дарга нартай уялдан ажиллах шаардлага байгаа юм. Хэвлэлийнхэн нэг зүйлийг шүүмжилж байгаа, танай намынхан жаахан айсан, зүрх үхсэн байдалтай зориг хүрэхгүй байдалтай байна уу, сөрөг хүчин үг хэлэх цаг болж байна шүү гэж. 1996-2000 оны хооронд Ардын нам цөөн ба 4 жил байхдаа 1998 оноос эхлээд анхны Засгийн газрыг огцруулж, 2 жилийн дараагаар үйл ажиллагаа нь идэвхжиж зоригжиж  ажиллаж байсан юм билээ гэж ярьж байгаа. Тийм болохоор дор бүрнээ даварч байгаа эрх баригчидтай,  төр, засагтай тэмцэх тэмцэлд аймгийг аймаг гэлгүй, сумыг сум гэлгүй, дүүргээ дүүрэг гэлгүйгээр нэгдсэн хүчээр нэгдсэн зоригоор тэмцэж зүтгэх цаг болсон байгаа. Энэ бол энэ 9 дүгээр сарын 1-ээс, 9 сарын 1 болтол тухайн аймаг, дүүрэг, сум, хороон дээрээ болж байгаа хууль зөрчсөн бүх үйлдлийг бүгдээрээ нэг бүрчлэн гаргаж нэгтгээд дэс дараатай нэгдмэл зохион байгуулалттайгаар ажиллая.

 Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл болон УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үеэр намын гишүүд, дэмжигчид, иргэд, сонгогчдоос гаргаж байсан санал шүүмжлэл, хүсэлт, гомдлын хариуг хэрхэн өгсөн талаар дүгнэлтээ яаралтай ирүүлэх, аймаг, дүүргийн намын хороодод хандаж байсан. Хүнд ханддаг амьд харилцааг чухалчилмаар байгаа юм. Нэг хүн өргөдөл ирүүлдэг, нэг хүн хүсэлт ирүүлдэг энэ бүхэн дээрээ маш анхаарч хоёр өгүүлбэр ч байсан хүлээгээд авдаг зарчим руу орохоос аргагүй. Одоо бид ялагдсан, сөрөг хүчин болчихсон, дарга нар биш болсон гэдгээ хатуу ойлгох хэрэгтэй. Тийм учраас аль аль шатандаа, түвшиндээ дарга стилийн имижээсээ бүгдээрээ салцгаая, нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй.

 Нэр хүндийг нь зориуд гутаасан, хэлмэгдсэн, хууль шүүхийн байгууллагад улс төрийн шалтгаанаар шалгагдаж байгаа, хууль бусаар ажлаас халагдсан, сонгох болон сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа намын гишүүдээ хамгаалах, өмгөөлөх тэдний төлөө дуугарах ажлыг аль аль шатандаа системтэйгээр идэвхжүүлэн зохион байгуулъя.

Намын болон улс орны түүх, соёлыг эрх баригчдын зүгээс шууд болон шууд бусаар өөрчлөн засварлах, эвдэн сүйтгэх, гутаан доромжлох аливаа санаархал үйл ажиллагаатай хатуу тэмцэж ажиллах хэрэгтэй байна. Бид нам дээр түүх соёлоо хадгалах хөдөлгөөн байгуулсан. Намын ахмадын хороогоо нэлээн анхаараач гэж ажиллуулж байгаа. Аймаг, дүүргийн намын хороод энэ дээр ахмадын байгууллагуудаа нэлээн сайн ажиллуулаад хариуцуулаад өгчих юм бол ахмадууд маань энэ дээр маш их идэвхтэй ажиллаж байгаа.

    .Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах чиглэлээр:

Намын Удирдах зөвлөлөөс эхлээд аймаг, нийслэл, дүүргийн түвшинд хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах стратеги тактикаа орон нутгийнхаа онцлогтой уялдуулан боловсруулж 2014 оны 9 сарын 1-ээс эхлэн ажиллахыг үүрэг болгож байна.

Аймаг, нийслэл, дүүргийн намын хороо, дэргэдэх ТББ-ууд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн орон тооны ажилтнуудыг ажиллуулж эхлэх. Намын Удирдах зөвлөл эдгээр хүмүүсийг тусгай хөтөлбөрөөр сургаж бэлтгэж өгнө. Сая давхар дээлээ тайлъя гээд жагсаалыг хийхэд аймгуудаас хэвлэлийн мэдээгээ яаж бэлдэх юм бэ гээд улс төрийн ажилтнууд нь яриад байх юм. Ядаж хэвлэлийнхээ мэдээг бичиж бэлтгэж чаддаг зүйлүүдийг сурах. Албан ёсоор хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хамгийн чухал ажил учраас энэ дээр намын хороод маань албан ёсны орон тооны хэвлэл хариуцсан ажилтан бий болгож өгөөч. Бид төв дээр авчраад орон нутагт нь очоод шат шатны сургалтуудыг нь Удирдах Зөвлөлөөс зохион байгуулж өгье гэж байгаа юм. Энэ дээр та бүхэн анхаарал тавиарай.

Аймаг, нийслэл, дүүргийн намын хороод эрх барьж байгаа бол үйл ажиллагаагаа, сөрөг хүчний байр сууринд байгаа бол эрх баригч хүчнийхээ үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч орон нутагт ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулан нягт хамтран ажиллах хэрэгтэй байна. Намын бүлэг 7 хоног бүр хэвлэлийн мэдээ хийж байгаа.Удирдах Зөвлөлөөс 7 хоногтоо амжихгүй бол 14 хоногтоо, сардаа 1-2 удаа хэвлэлийн бага хурал хийж хэвлэлийн мэдээллээ өгч байгаа юм.Орон нутагт намын хороод Иргэдийн хурлын бүлгийнхнийгээ 7 хоног бүхэн чаддаггүй юмаа гэхэд 14 хоногт тодорхой байр суурь илэрхийлж, бид нар 7 хоног бүр ярианы сэдэв, Улаанбаатар хотод бүлэг дээр улс оронд болж байгаа асуудлуудын талаар ярианы  сэдэв, нөхцөл байдлыг хүргүүлж байгаа мэйл хаягаар. Улс төрийн ажилтнууд зарим аймгийн дарга нар мэйлээ уншихгүй юмаа гэж. Бид эндээс материал явуулаад байдаг, огт мэйлтэйгээ ажиллахгүй байна гэсэн зүйлүүдийг ярьж байгаа.  Тийм учраас аймгийн намын хороод маань улс төрийн ажилтнууддаа чиглэл болгоод мэйлээр материал авах асуудалд анхаарах хэрэгтэй байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг нэг урсгалаар, нэг оролт гаралттайгаар бодлогын түвшинд зангидаж ажилламаар байна. УИХ дахь МАН-ын бүлэг дээр нэг асуудал яригдаж байдаг, Намын Удирдах зөвлөлөөр асуудал ярьж байдаг, Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны түвшинд тэс өөр асуудал яригдаж байж болохгүй гэсэн үг. Тийм учраас ойлголтыг нэгтгэх, гаралт, оролтоо нэг суваг дээр зангидах шаардлага бий болж байна. Ийм учраас хэвлэлийн ажилтан чухал байна.   

Манай намын өрсөлдөгч улс төрийн хүчнүүдээс хоцорч буй нэг асуудал бол facebook, twitter зэрэг сошиал медиа орчинд бид ялагдаж байгаа. Үүний тулд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараасаа эхлээд Нарийн бичгийн дарга нараасаа бүлгийн дарга нар, Удирдах Зөвлөлөөсөө эхлээд үүр, хорооны дарга хүртлээ онлайн сошиал ертөнцөд ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Намын Бага хурлын 310 гишүүн, 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны тэргүүлэгчид, иргэдийн хурлын төлөөлөгчид, бүлгийн гишүүд гээд 1100-1200 хүний сүлжээ гарч ирж байгаа юм. Маргааш Дэмбэрэл дарга сургалт явуулна. Бүх хүмүүст хаяг нээж өгөөчээ. Бие биенээ автоматаар дагахад нэг хүний 1100-1200 дагагчтай болно. Нэг хүн намын сүлжээнээсээ гадна 2000 дагагчтай болох, мэдээллээ хүргэдэг зорилтыг тавихад 2 сая хүнд хүрч байгаа юм. Энэний гуравны нэгд нь хүргэлээ гэхэд 500-600 мянган хүнд хүргэж чадаж байвал нийт сонгогчдын 50 хувьд хүрэх боломж, жишээ нь нэг нь мэдээлэл тавихад зэрэг бүгдээрээ шейрлэж чадах юм бол энэ цааш цаашаа явах, нэг хүн 10 дагагч  байхад өргөн сүлжээ болно. Өнөөдөр залуучууд бид нарын сонгогчдын  60 хувь, төвлөрсөн газруудад санал авъя гэж байгаа хүмүүс ихэнх залуучууд сонин уншдаггүй, мэдээ, телевиз үздэггүй, яг энэ цахим ертөнцөөс бүх мэдээллээ авч, харьцаж байгаа. Тэгэхээр энэ дээр сул талаа нөхөх боломж байгаа. Энийг бүх шатны намын хороод дээрээ үүрэг болгомоор байна. Бүх сум шилэн кабельд холбогдчихсон байгаа. Энэ бүхэн дээр анхаарч ажиллая.  

Гуравдугаарт.Намын хүний нөөц, сургалт, судалгааны чиглэлээр:

            МАН-ын Удирдах зөвлөл 2016 оны шат шатны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх хүмүүсийн талаар ерөнхий бодлого чиглэлээ ойрын хугацаанд тодорхойлно. 9 сарын нэгэн гэхэд тойргуудад нэр дэвшигчдийг боломжит хувилбартайгаар гаргаж ирнэ. Намын хороотойгоо эв нэгтэй дэмжиж ажиллахыг Удирдах Зөвлөлөөс гарах тогтоолын журмаар журамлаж өгөх юм.

НамынУдирдах зөвлөл “Боловсон хүчнийг бэлтгэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам”-ыг шинэчлэн боловсруулж төслийг бэлэн болгосон. Энэхүү журмыг ирэх намар Бага хурлаар хэлэлцэн батална. Саналаа та бүхэн ирүүлсэн байх. Журам шинэчлэгдэн батлагдсаны дараа ягштал дагаж мөрдөх асуудал та бидний үүрэг,хариуцлага байх болно.

 МАН сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагаа үндсэн дүрмийн хүрээнд шинэчлэн зохион байгуулж бие даасан, хараат бус, ТББ-ын хэлбэрт шилжүүлж хуучин Нийгмийн ардчиллын хүрээлэн  Стратеги академи болсон. “Стратеги Академи”-аас тодорхой гурван төслийг та бүхэнд хүргүүлж байгаа. Үүнд:

    Нэгд, МАН-ын захиалгаар 2017 он хүртэл аймаг, сум, дүүрэг, хороо бүхэнд намын залуу халааг бэлтгэх зорилгоор Монгол улсын 330 сум, нийслэлийн 152 үүр бүрээс 1, дэргэдэх ТББ-уудаас тодорхой тооны залуусыг сонгон авч нийт 500 манлайлагч залууг бэлтгэх Манлайлал - 500” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлыг Удирдлагын Академитай хамтран Стратеги академи” зохион байгуулах тул та бүхэн Академиас тараасан төсөлтэй танилцаж, энэ ажилд онцгой ач холбогдол өгч хүмүүсээ зөв сонгон тогтвортой байдлын гэрээ байгуулан хамруулвал зохино. Энэ 500 залуу бол бүтэн нэг жил сурах залуучууд биш. Энэ залуучуудыг З сарын хугацаанд 45 хоногийн хугацаанд хагас жилийн хугацаанд Удирдлагын академийн с ургалтанд хамруулж сертификат гэрчилгээ олгоно. Бид аймаг бүрээс нэг залууг дүүрэг бүрээс нэг залууг Удирдлагын академид сургая гэдэг асуудлыг ярьсан. 500 залуугийн сургалтын төлбөрийн дийлэнх хэсгийг намын Удирдах Зөвлөл хариуцна. Гадаад руу хэдэн оюутан сургая гэж ярьж байгаа. Энэ асуудал шийдэгдэж байгаа. Жишээлбэл хятадын Бээжин хотын ардын их сургуульд хятадын талын зардлаар жилд манай намын шугамаар гурван залууг сургах асуудлыг хийсэн. Ахмадын хорооны Төмөр-Очир дарга хямд зардлаар Энэтхэгт сургах асуудлыг ярьж байгаа. Фридрих Эбэртийн сангийн шугамаар европод Германд жилд 2-3 залуу сургах асуудал ярьж байгаа. Харвордын сургалтаар 3 сарын сургалтыг Монгол Улсад зохион байгуулъя. Та нар байр, зардлыг нь гаргаад өгчих, бид нар сертификатыг нь олгоё гэж яриад бид харилцаа холбоо тогтоочихсон. Жил болгон Харвардын их сургуульд манай намаас 1 оюутныг мастерийнхаа сургалтанд хамруулъя гэсэн зүйлийг ярьж тохирсон гэдгийг хэлье.
     Хоёрт, Стратеги Академиас аймаг, орон нутагт очиж та бүхний захиалгаар хийх сургалтын багцтай сайтар танилцаж Академитай эргэн холбогдох хэрэгтэй. Ер нь ямар сургалт ямар аймаг дээр ямар хугацаанд авмаар байна вэ гэдэг саналаа стратеги академид тодорхой хэмжээгээр ирүүлчих. Сургалт хариуцсан  Нарийн бичгийн дарга Т.Гантулга дарга, бид нар ярьж байгаад шаардлагатай бол бид хүртэл яваад очьё. Бид нарын хэлэх ярих хэрэгтэй зүйл байгаа бол чаддаг мэддэг зүйлээ яриад, намын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдээ дагуулаад очьё. Энэ зунаас эхлээд 21 аймгаа бүтэн тойрч ажиллах зорилго тавьж ажиллаж байгаа. Тийм ч учраас энэ зундаа багтаагаад  7-8 аймагт очоод ажиллах зорилт тавьж байгаа.  Стратеги академиас судалгаа хийх саналыг хүргүүлсэн байгаа. Энэ талаараа Стратеги академитай холбогдох хэрэгтэй. Цаашдаа зөвхөн УИХ-ын сонгууль гэлтгүйгээр орон нутагт нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Орон нутагт суурь судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Суурь судалгаанд үндэслэн шинжлэх ухаанч хандлагаар асуудалд хандах бол орчин цагийн улс төрийн намуудын ялалтын үндэс болж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Дөрөвдүгээрт. Эрхзүйн бодлогын хүрээнд:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод эрх баригч хүчний засаг дарга нараас батлан гаргаж буй хэм хэмжээ агуулсан шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тухайн шийдвэрийг батлан гаргах эрх хуулиар олгогдсон эсэх, хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл учрах эсэх, тухайн нутаг дэвсгэр дэх хүн ардын нийтлэг эрх ашигт нийцэж буй эсэх, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн эсэх .

 АН-ын засгийн газар, Засаг дарга нарын хууль зөрчсөн, хууль зөрчсөн байж болзошгүй шийдвэрийг шүүж үзэх, олон нийтэд мэдээлэх, хууль зөрчсөн тогтоолоо өөрсдөө хүчингүй болгох саналыг тавих, холбогдох дээд шатны байгууллага болон шүүх, хууль хяналтын байгууллагад хандах энэ үүднээсээ намын бүх хороод Д.Мөрөн даргатай ярьж байгаад та бүхэн иргэдээ намын хороод бүхэн хажуудаа орон тооны бусаад гэрээт маягаар өмгөөлөгч, хуульчидтай болох хэрэгтэй байна. Энэ амин чухал асуудлын нэг. Ямар асуудал хууль зөрчөөд, ямар асуудал хууль зөрчихгүй байгаа юм бэ гэдгээ энд ирээд цаг хугацаа ч гэсэн зовлонтой байгаа.

Зарим аймгийн намын байгууллага боловсон хүчний хууль бус халаа сэлгээний эсрэг шийдвэртэй сөрөн зогсож чадахгүй байгаад дүгнэлт хийж, энэ талаар зохион байгуулалттай арга хэмжээг авах, хууль бусаар ажлаас халагдсан төрийн албан хаагчдын тодорхой судалгааг гарган намын Удирдах зөвлөлийн ажлын албатай нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа. Гишүүдийнхээ нэр төрийг хуулийн хүрээнд хамгаалах талаар 2016 онд санаачилгатай ажиллах хэрэгцээ байна.  Намын гишүүд хууль эрх зүйчдийг бүртгэн тэдэнд эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулан  энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд нэр дэвших сонирхол бүхий гишүүдэд тавигдах хуулийн шаардлагыг одооноос хангуулж ажиллах хэрэгтэй байна. Хуулийн шаардага их чухал шүү. Орон нутагт нэг хүнээ дэвшээд явуулдаг, баахан янз бүрийн хуулийн заалт зүйл гаргаж ирээд, хууль хүчин бүгд нөгөө талд байгаа. Тэд нар 2016 онд үхэхдээ үхэр буугаа тавина гэсэн яриа хөөрөө ч явж байгаа юм байна лээ. Тийм учраас энэ бүхнийг ойлголцож, одооноос эхэлж нэр дэвших хүмүүсээ хууль зөрчөөгүй байх, хуулийн шаардлага хангасан байх тал дээр анхаармаар байна.

    Нийгэм,Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Цөөнх болсон аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод орон нутагтаа иргэдийн амьдрал ахуй, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг байнга судалж, үнийн өсөлттэй холбоотой улс төрийн акцуудыг хийх хэрэгтэй байна. Энэнтэй холбоотой асуудлаа манай Эдийн засгийн бодлогын газрын дарга Даваасүрэнтэй холбогдоод хамтын ажиллагаагаа нэг зүгт болгоод явчихаж болно.

Аливаа хууль бус явдлын талаар ялангуяа төрийн албан хаагчдын халаа сэлгээ, тендэрийн шалгаруулалт, орон нутагт явагдаж байгаа хууль бус тендерийн шалгаруулалт, тендерийн хууль зөрчсөн байдал, төсвийн тухай хууль зөрчсөн гээд олон асуудлуудыг энэ 9 сарын 1 болтол судлуулмаар байгаа юм. Энэ бүхнийг аймаг, аймгаар нь, чиглэл чиглэлээр нь улс төрийн акц болгох нэгдсэн төлөвлөгөө гаргая гэж бодож байгаа.

Төрийнхуультогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой энэ олон асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй.

Намынхаа бодлого шийдвэр, УИХ дахь намын гишүүдийнхээ санаачлан боловсруулж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийн төслийг олон нийтэд таниулан сурталчлах, ялангуяа ахмад настнууд, эмэгтэйчүүд, малчдад эрх ашигтай нь холбоотой асуудлаар намаас баримталж байгаа байр суурийг ойлгуулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Ер нь сардаа нэг бүгдээрээ явдаг юм руу хаана хаанаа шилжие. Намын даргаас Ерөнхий нарийн бичгийн даргаасаа авахуулаад бүгдээрээ орон нутагт ажиллаж эхэлж байгаа. Энийг цааш нь  гүнзгийрүүлээд сумын түвшинд, эхний ээлжинд улсын хэмжээнд байгаа 10000-аас дээш хүн амтай сумдын түвшинд очиж ажиллах ажлыг бүгдээрээ нэг зүйл дээр санал нэгдэх хэрэгтэй. Явсан  нохой яс зууна, ядахнаа булуу зууна гэж үг байдаг. Тэгэхээр энэ зарчмыг баримталж энэ зунаас эхлээд хаана хаанаа дээр дооргүй бүгдээрээ явъя. Гишүүдийнхээ дунд нь орж ажиллая.

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулагдсан “Эдийн засагчдын клуб”-ээс боловсруулан гаргасан бодлого, тодорхой судалгаа, тоо баримтуудыг авч ажилдаа ашиглах, клубтэй хамтран ажиллах талаар аймаг, нийслэлийнудирдлагууд санаачилгатай ажиллах. Зөвлөмж зөвлөгөө авах тал дээр нээлттэй байгаа.

Зургаадугаарт. Намын санхүүжилт, хөрөнгийн чиглэлээр:

МАН-ын Үндсэн дүрмээр намын санхүүжилтын хороог байгуулан ажиллуулж байгаа. Намын дарга сая хэллээ. Нэр дэвшигчид тодорхой болохтой холбоотой тодорхой хэмжээний хөрөнгө санхүү босгохтой холбоотой асуудал байна. Маргааш үдээс хойш намын хорооны дарга нар, аймаг, нийслэлийн дүүргийн намын хорооны дарга нартай Намын дарга бид хоёр уулзана. Энэ үеэрээ энэ асуудлыг нарийвчилж ярина. Эндээс босож ирж байгаа санхүүжилт дээр аймаг, дүүргийн намын хороод тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх асуудлыг ярьж байгаа. Аймаг, дүүрэг, сум, хороо бүхэн намын байрны асуудлаа 2014 онд багтаан эцэслэн нэг мөр шийдмээр байна.  Байртай нь байраа засаж сайжруулах, байргүй нь шинэ байртай болох арга замыг эрэлхийлэх. Байрны маргаантай асуудлыг намд ашигтайгаар нэг тийш нь шийдэх асуудлыг хууль журмын хүрээнд  нэг мөр болгомоор байна. Жишээлбэл манай Баянхонгор аймгийн намын хорооны байрны асуудал байна. Жишээлбэл Баянхонгор аймгийн намын хорооны байрны асуудал байна. Өмнөговь даваж заалдах шатан дээр явж байгаа. Энэ асуудал дээр бүгдээрээ анхаарал санаачилгатай ажиллая.

Намын гишүүдийн татвар, идэвхтэн сонгуультны хураамжыг цаг хугацаанд нь төвлөрүүлэх ажлыг ажил хэрэг болгомоор байна. Намын Бага хурлын гишүүдийн хураамж гэж 800 мянган төгрөгийн хураамжийг орон нутагт нь өгье гэсэн шийдвэр гарч байгаа. Аймаг, дүүргийн намын хороод хураамжаа цаг хугацаанд нь нэхэж ав. Төв, Дархан-Уул хоёр хугацаанд нь бүгдийг нь 100 хувь төвлөрүүлсэн.

Долоодугаарт. Намын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр

Намын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр нийт хөдөлмөр  эрхлэгчдийн тал хувь нь бүсгүйчүүд байна, санал өгөгчдийн 60 хувь нь залуучууд байна.Манай намын үндсэн гол баатрууд манай ахмадууд байгаа. 170 мянган оюутны саналыг яаж авах вэ гэдэг асуудал байна. Энэ дээр эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын бодлогуудын хүрээнд намын дэргэдэх байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Зарим аймгийн намын хорооны дарга нараас санал гомдол ирж байсан. Дэргэдэх байгууллагууд чинь нам доторх нам шиг бүтэц бий болгож ажиллах гээд байна шүү гэж. Тэгэхээр намын Үндсэн дүрмэнд дэргэдэх байгууллагууд бол намыг дэмжигч байгууллагууд, тийм учраас Үндсэн дүрмийнхээ хүрээнд бүгдээрээ намын хороодтойгоо намын хороод нь дэргэдэх байгууллагуудтайгаа үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах хэрэгтэй.

    2016 оны бүх шатны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн нэрс, судалгааг 2014 оны намар гэхэд нарийвчлан гаргаж бэлэн болгох нь гол чиг үүрэг болж байна. Мөн 2014 оны зун зохион байгуулагдах эмэгтэйчүүдийн чиглэлээр сургалтандаа Цогзолмаа ерөнхийлөгч анхаарал хандуулж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайллыг бий болгосон эмэгтэйчүүдээ эртнээс нэрсийг нь тодруулах ажлаа хангах хэрэгтэй.

    Оюутан залуучуудын холбоо мөн энэ чиглэлийг залуучуудын шинэ нүүр царай, лидерүүдийг төрүүлж гаргах дээр анхаарах хэрэгтэй. Дээрээс нь залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого ахмадын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн энэ зүйлүүдээ шат шатандаа нэлээн анхаарч ажиллая. Залуучууд, оюутны холбоо энэ зун бүсийн чуулга уулзалтууд, аймагт зохион байгуулах чуулга уулзалтуудандаа гол ач холбогдол өгч, дэргэдэх байгууллагууд, аймаг, дүүргийн дэргэдэх байгууллагууд намын хороондоо саналаа гаргаж аймгийн намын хорооны даргатайгаа зөвшилцөж байгаад энэ асуудлуудаараа ажил хэрэг болгоорой гэсэн зүйлийг та бүхэндээ үүрэг, чиглэл болгож байна. Энэ бүхэн та бүхэнд энэ долоо хоногтоо албан тоот болоод албан үүрэг даалгавар болоод очино.

Намын ажлын шуурхай уялдаа холбоог хангах асуудал дээр та бүхэн онлайн орчинг анхаарч сошиал орчинд ажилладаг бүх зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ орчинд хамгийн сайн ажилладаг дарга бол Хэнтий аймгийн намын хорооны дарга Ганбямба байгаа. Туршлагаас нь судлаад намын хороод, намын хороодын дарга нар маань твиттер фэйсбүүктэй болоод мэйл хаягаа тогтмол өдөр бүр шалгадаг болоод үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллая гэж та бүхэндээ хэлмээр байна.

Өнөөдрийн та бүхний санал, санаачилга бол хэлсэн үг, зөвлөмжүүд бүгдээрээ 2016 оны намын сонгуульд бэлтгэх бэлтгэл ажлын төлөвлөгөө болон гарна.  9-10 дугаар сарын 1-нээс та бүхний гар дээр очино.

Өнөөдөр нам сонгуульд ялагдаж цөөнх болсон үед бид бүхэн тал талаасаа итгэл сэтгэлээрээ цуглаж 2016 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө, түүнд бэлтгэх бэлтгэлийн талаар анхаарах зүйлсийнхээ талаар ярилцлаа. Маргааш бүтэн ярилцах боломж байгаа.

Нам бол сэтгэлтэй ажиллах асуудал. Сэтгэлийг нь эзэлсэн цагт тэр бие хаа холдох вэ гэсэн Чингис хааны сургааль байгаа, тийм учраас улс төрийн ажил гэдэг бол намын ажил, хүнтэй ажиллах сэтгэл зүрхтэй ажиллах ажил байдаг. Тийм учраас сэтгэл зүрхнээсээ ажиллах ажилд бүгдээрээ сэтгэл зүрхнээсээ хандъя гэдгийг та бүхэндээ уриалъя.

 

            Та бүхэндээ амжилт хүсье, баярлалаа.

 

МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат