sonin.mn

Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө. Энэ их хуучны үг. Чухам хэзээ, хэн хамгийн анх өгүүлснийг нь мэдэхгүй ч тэр хүн нэг дээр хоёрыг нэмбвэл гурав гэсэн нийлбэр үүсдэг гэдгийг мэддэг байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл нэг нь нэгэнгүйгээрээ оршихгүй гэх энгийн ойлголт. Харин энэ ойлголт бидний нийгэмд ихээхэн дутагджээ.

 

Тэр дундаа спортын салбарт энэ үг ус, агаар шиг хэрэгтэй байна. Та сагсан бөмбөг, хөлбөмбөгийн баг хэдэн тоглогчтой гэдгийг яриангүй мэддэг атлаа нийлбэр нь нэг “гоол” байдаг гэдгийг мартчихав бололтой.



 Саяхны жишээ татахад Тайваньд Азийн эрэгтэй оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Манай баг тамирчид ч өчигдөр эх орондоо ирлээ. Тус тэмцээнийг интернэтээр 2000 орчим монголчууд үзсэн. Тоглолт бүрийг ийм тооны давтамжаар хүлээн авч үзсэн гэвэл сагсан бөмбөг сонирхогчид бүгд үзсэн болж таарлаа.



Бидний хувьд тоглолтын явцад үнэлэлт хийж стратеги боловсруулж байх ёстой дасгалжуулагч зөвлөгөө байхад гарааны болон нөөц гишүүд ч ам уралдан “чалчиж” байсан нь тоглолтын үр дүнд ихээхэн нөлөөлсөн. Гэтэл эсрэг баг зөвхөн дасгалжуулагчийн үгийг сонсч бүр номхон зогсож байлаа. Энэ нь нэг хүний тоглолтоор таван хүн тоглож нэг зорилгод нэгдэж буй юм.

 

Харин манайхан нэг хожлыг таван өөрөөр хүсч хүлээж байсан нь тоглогч хувийн ур чадвараа хэт үзүүлж байснаас харагдана. Нөгөөтэйгүүр хувийн ур чадварын тоглолт сайтай гэх тоглогчдыг цуглуулж нэг баг болгосон нь хамгийн муу стратеги болсон гэж дийлэнх үзэгчид дүгнэсэн юм. Энэ нь олон цэцэн цугласан газар шийдэл бус маргаан гардагтай адил юм.



Үндсэндээ бид нэг баг, нийтийн биеийн тамир гэх ойлголтыг ардчиллаас хойш халчихсан. Энэ нь олон улсын шинж чанартай тэмцээн дээр ч харагдаж байна. Амжилт гаргаж байгаа спортын төрлөө эргээд нэг харвал, ганцаарчилсан гэх төрөлд бүгд багтана. Буудлага, жудо, чөлөөт бөх гээд л урсаж өгнө. Харин нийтээрээ хичээллэж байгаа спорт гэвэл ганхаж далийсан, сүүмгэр гэрэлтэй ганц шийд, хуурай шороогоо бужигнуулж хавь ойрын шилээ хагалчих гээд байдаг хөлбөмбөг хоёр л байна.

 Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн Толь"