sonin.mn

БЕРЛИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /Reuters/. Германд Цэргийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн хэдий ч залуучууд гадаад улс руу зорчихдоо урьдчилж зөвшөөрөл авах шаардлагагүй хэвээр байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдээд, хүнд суртлаас сэргийлэх үүднээс энэ долоо хоногт багтаан нийтэд нь зөвшөөрөл олгох шийдвэр гаргана гэдгийг дурджээ.


Уг хуульд 17-45 насны эрчүүд гурван сараас дээш хугацаагаар гадаадад оршин суух тохиолдолд Бундесвер буюу Германы Зэвсэгт хүчнээс зөвшөөрөл авах шаардлагатай гэж заажээ.


Гэвч энэ нь зөвхөн "онцгой нөхцөл байдал" үүссэн үед болон цэргийн албыг одоогийнх шиг сайн дураар бус, заавал хаах үүрэгтэй болсон үед л хэрэгжих зохицуулалт гэдгийг тус яам тайлбарласан байна. 


Шинэ хууль нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хэдий ч дээрх шаардлагын талаар өнгөрсөн баасан гаргийг хүртэл хэн ч анзаараагүй бөгөөд үүний дараа олон нийтийн дунд болгоомжлол үүсжээ.


Герман улс батлан хамгаалах салбартаа АНУ-д хэт удаан хугацаанд найдаж ирсэн гэх хандлага дотоодод нь нэмэгдсэн төдийгүй ОХУ-тай холбоотой хурцадмал байдал нь Европ даяар батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх шаардлагыг бий болгож буй. Иймд Зэвсэгт хүчнийхээ хүн хүчийг нэмэгдүүлэх, НАТО-гийн өмнө хүлээсэн зорилтуудаа биелүүлэх зорилгоор энэхүү хуулийг баталсан байна.


Герман улс АНУ-д хэт удаан найдаж байна гэх үзэл дотоодод нь газар авч, түүнчлэн ОХУ-тай үүссэн хурцадмал байдалтай холбогдуулан Европ даяар батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийг уриалж буй энэ үед Бундесверийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, НАТО-гийн зорилтуудыг хангах зорилгоор уг хуулийг баталжээ.


Шинэ хуулийн дагуу 18 нас хүрсэн эрэгтэйчүүдийг бүгдийг бүртгэлд хамруулж, цэргийн албыг сайн дураараа хаах хүсэлтэй эсэхийг нь захидлаар тодруулж байгаа юм. Эмэгтэйчүүдэд ч мөн ийм захидал очих боловч эрчүүдээс ялгаатай нь заавал хариу илгээх шаардлагагүй ажээ.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг