- Номын хэсгээсээ толилуулъя
- Яагаад ингэж их мэдэмхийрээд байгаадаа бас хүлцэл өчье
- Уур хилэнгээ барьж уншина уу
Израилийн ГХЯ-ны дэргэд Азийн залуу удирдах дипломатчдад зориулж “XXI зууны дипломати” (Changes in Diplomacy Towards the 21st Century) сэдэвт сургалтад Иерусалим хотдоо суух завшаан 1996 онд надад тохиож билээ. Азийн гэдэг нь Монгол, Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Филиппин, Тайланд, Балба. Тэнд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцая.
Байсхийгээд л тэнгэрт байлдааны сөнөөгч онгоц шүнгэнээд нисэх тоолонд нь цонхны шил доргисон, фронт ойрхон байгаа юм уу гэмээр газар бид 20 гаруй хонож, тэр жижиг оронтой нэвт шувт, хөндлөн гулд аялаж танилцсан даа. “Нэвт шувт, хөндлөн гулд” гэсэн нь сайрхал биш, Монголоос 70 гаруй дахин жижиг нутагтай, баруун эргээс зүүн хил ороход сайндаа машинаар нэг цаг, хойд Ливаны хил дээрээс өмнөшөө Нэгэвийн цөл хүрэхэд 3 цаг л хангалттай, бид тэгж аялаж туулаад, тооцоолсноороо би тэгж бичиж байна.
Монголчуудынхаа хор шарыг хөдөлгөж, цөсийг нь хөөрүүлэх зорилгоор Израильд очоод үзсэн харсан, шүтсэн биширсэнээ “Тэнгэрлиг үндэстэн” хэмээх гарчиглаад нэг бус удаа бичиж хэвлүүлсэн ба ТВ-ийн хоёр ч нэвтрүүлэг хийж олон түмэнд хүргэсэнсэн.
Биднийг очсоны ердөө маргааш нь “Яд ва-Шем” (Yad Vashem буюу “Мөнхийн дурсгал”, 1953 онд босгожээ) руу аваад явсан. Ийм нэртэй нэг дурсгалын цогцолбор музей (Holocaust memorial) байх агаад тийшээ очсон хүн ёстой цөс нь хөөрч, хоолой зангираад, сэтгэл нэн тавгүйтэн гардаг юм билээ. Учир нь нацистуудын гарт үрэгдсэн 6 сая жүүдийн тухай бүх баримтыг голд ортол дэлгээд тавьчихсан байгаа нь тэр. Оскарын шагналт нэгэн кинонд хувь заяагүй хөөрхийлөлтэй нэгэн үндэстнийг үзүүлдэг бөгөөд “Варшавын гетто” хэмээх хороолол тэр чигтээ нацистуудад арчигдаж, хүн ард нь доромжлогдон алуулж хядуулсан тухай гашуун түүх буй. Дэлхийн II дайны үед фронт дээр бус, зөвхөн нацистуудын тамын тогоонд 6 сая жүүд (оросоор еврей гэх) тарчилж үхсэний дотор 1.5 сая нь дан хүүхэд байв. “Яд ва-Шем”-ын гол хаалганы ханан дээр сийлсэн бяцхан хүүгийн инээмсэглэж байгаа товгор баримал, ялангуяа нүдийг нь харсан хэн ч бай сэтгэл огшихгүй байхын аргагүй. Тэр бяцхан хүү нацистын аль нэг хорих лагерьт амь үрэгджээ. Эцэг нь амьд үлдээд хожим нь энэ музейг нээхэд хандив өргөхдөө хүүгийнхээ зургийг өгч энэ баримлыг хийлгэсэн нь тэр аж.
Израильд байхдаа шүтсэн биширсэнээ “Тэнгэрлиг үндэстэн” нэрээр буулгахдаа түүхэн харьцуулалт хийсэн юм. Чингэхдээ Тель-Авив дахь Бейт-ха-Тфуцот (Диаспора музей, 1978 онд байгуулагдсан) музейн үзмэрүүдээс сэдэвлэж буулгасан. Хүн төрөлхтөн 3 дахь мянганаа угтаад 10 жил болох гэж байна, “0000” оноос манай түүхийн манай эрин үе (МЭӨ) эхэлдэг гээд бодоход 0073-1948 онд жүүдийн төрт-улсыг устгаж үгүй хийгээд жүүд нар даян дэлхийгээр 1875 жил тэнүүчлэн орох орон хайж явжээ. Бараг 2000 жил өөрийн гэх төрт улсгүй явсан үндэстэн дэлхийд өөр байхгүй. Библийн сударт өгүүлснээр бол энэ үндэстний түүх 4000 жилийн өмнө эхэлж, 3500 жилийн тэртээ нүүдэлчин төрхөө гээж иргэншжээ. Гэхдээ түүхийнхээ бүх үеийн турш халдлагад өртөж ирсэн эмгэнэлт түүхтэй. Тэдийг эхлээд перс, грекүүд, дараа нь селжүкүүд, ромынхон эзлэн түрэмгийлж тусгаар тогтнолыг нь мөхөөжээ. 0073 оноос хойш мөн ч их зовлон амсчээ. Византынхан, арабчууд түйвээж байснаа загалмайтан рыцарууд 200 жил, завсарт нь мамлюкүүд, Оттоманы түрэгүүд 400 жил энэ газар дээр эзэн нь байв. Тэгж тэгж дэлхийн I дайн Туркийг ялагдуулснаар англичууд энэ нутагт ирж, 1948 он хүргэж байж НҮБ-ын шийдвэрээр, нацистуудад хамгийн ихээр хэлмэгдсэнийх нь төлөөсөнд төрт-улсыг нь сэргээж өгчээ.
Тэгэхлээр дэлхийд үеийн үед, бүх түүхэндээ хамгийн ихээр алуулж хядуулсан үндэстэн бол жүүдүүд гэдгийг би ийнхүү нүдээрээ, биеэрээ олж мэдрээд бичих ажилдаа орсон юм. Үнэндээ манайхны мэддэг тэр Октябрийн хувьсгалын дараахи ард иргэний дайн, Сталины яргалал, тэр нацистуудын яргалал бол ердөө л нэг хэсэг нь. Ямар үйлийн үрээр жүүдүүд ийнхүү үзэн ядагдаж төрөв өө? Хэн үүнд буруутай, хэн нь зөв юм бэ? Ингэхэд “Хүйтэн дайны” хийрхлээр хөөрцөглөсөн монголчууд бид 1991 он хүртэл энэ улсыг мөн ч их хараан зүхэж, үзэл суртлын лүд барам болгож байсандаа ч ичих сэтгэл төрж явлаа. Атаархал гээч нь хүмүүс хоорондын авир араншинд байдаг юм болов уу гэтэл, даян дэлхийн хэмжээнд хүмүүн төрөлхтөний дотор байдгийн илэрхийлэл нь энэ л болов уу. Тэдний тэнгэрлиг явдагт дэлхий нийтээрээ атаархаж явсаных уу?
Тель-Авив дахь тэр “Израиль диаспора” музейд даян дэлхийн жүүдүүдийн түүх, суу билэг, эрдэм чадал, нүүдэл суудал бүгд үзмэр үзүүлэнгээрээ байна лээ. Нобелийн шагналт бараг бүх эрдэмтэн Эйнштайнээс эхлүүлээд тэнд хэдэн зуугаараа мөнхрөөстэй, АНУ, Оросын цөмийн ба онолын физикчид бараг бүгдээрээ, Нобелээс өмнөх гэвэл Коперник, Нострадамус гэхчлэн, улс төрийн салбарт гэхэд л Карл Марксаас эхлээд, Оросын хувьсгалын бараг бүх удирдагчид - Троцкий, Зиновьев, Каменев, Свердловоор (В.И.Лениний эх жүүд цустайг энд би тооцсонгүй) дамжин, Киссенжер хүрчихэж байна. Гэтэл урлагт Бетховен, Моцарт, Шопен, Чаплин, Ростропович. Энд хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна л даа. Энэ музейд ирээдүйд мөнхрөх байлгүй гээд би дотроо бодож явдаг юм. Оросоос Примаков, Фрадков, Жириновский, Рушайло, Березовский, Лавров, Ходорковский, Кобзон, Абрамович, Каспаров, эсвэл АНУ-аас Олбрайт, Сорос, Францаас Саркози, Кушнер, Британиас Милибэнд нар хожим нэмэгдэнэ гэж. Зарим нь ч нэмэгдсэн байх. Энд мөн л хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна. Нью-Йоркийн Уолл Стритийн банкирууд, дэлхийн гол гол биржийн эзэд, Европ, Америк, Австралид үнэт цаасны бараг бүх бирж тэднийх, дэлхийн нефть, алт, зэсийн наймааны ихэнхийг, ер нь аль өнгөтэй өөдтэй гялалзан яваа нь бүгд жүүдүүдийнх гээд бодчих.
Жүүдийн хэбрөү хэл 2000 жилийн тэнүүчлэлийн явцад устан алга болж, үндэсний гэх соёлгүй болж үлдсэн ч XIX зуунд (1890) эрдэмтэн Элизэр Бэн-Ехуда МЭӨ 200 оны Библийн судраас сэргээж (120 000 үгтэй 17 боть) амьд хэл болгосон гайхамшигт жишээ юу өгүүлнэ вэ, суу билэг гэж чухам энэ биш гэж үү?
Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй гэж өөрсдөө, мусульманчууд, христианчууд ярьдагийг биеэрээ мэдэрч билээ. Энэ хот үндсэн гурван хэсэгт хуваагддаг ба биднийг нэг бүрчлэн танилцуулсан. Их цайзаар хүрээлэгдсэн хуучин хот. Иисусын төрсөн ба бурхан болсон, цовдолж алсан хэрээс мод нь, лалын биваагарьд Мухаммедын тэнгэрээс морьтойгоо бууж ирсэн нөгөө ариун дагшин газар энд байна. Түүхэн бүх үзмэр, сүм, мөн армян, христос, жүүд, лалын бичил хорооллууд энд байна. Дорнод Иерусалимд арабын соёл, шашин (ихэнхи нь суннит) тэр чигтээ байна. Баруун Иерусалимд жүүд хороолол, төр засгийн албан газрууд байна. Гиват-Рам хэмээх толгой дээр Кнессетын ордон сүрлэг харагдана. ГХЯ гэдэг нь британийн цэргийн хуаран байсан, бидний очсон төв байр нь дайны үеийн блиндажийг санагдуулам газар зочилж өнжиж байв.
Тайлбар. Израиль-Ливаны хил дээр. Хоёр далбаа байна. Одоо энэ хавь Хезболлагийн пуужин, дроны цохилтын бай болсон.
Израилийн тухай зайлшгүй мэдүүлэх ёстой гурван газрыг хөндөе.
1. Метулла гэж Ливантай залгаа хилийн боомт хот. Нахаль-Аюн хэмээх алдарт хүрхрээ, Хезболлагийн катюшны суман мөндөр дор алба хааж буй хилийн цэргийн охидын тасаг цэрэг санаанаас ер гардаггүй юм. Анхааруулга бичээд өлгөчихсөн тэр хавийн минийн талбайнууд, зүүн тийшээ давхиад хүрчих Голаны өндөрлөг, дээд доод Галилейн хөндий. Галилей нуур гэсхийж аялаад хойд Израилийг дуусгачихна. Энэ хавь бол уулархаг, модорхог, хангай нутаг юм.
2. Урагшаа цөл рүү аялаад Мецада (Масада) хэмээх түүхэн газар очлоо. Явгаар гарах аргагүй энэ нүцгэн уулын орой дээр Ромын легионд бүслэгдсэн эх орончид тэртээ 0070-аад онд гурван жил хориглож байлдаад хоол хүнсээ дуусаад баатарлагаар эрсэдсэн гэнэ. Ихэнхи нь амиа егүүтгэжээ. Одоо бол израилийн армид элсэх залуу офицерууд энэ уулын орой дээр гарч тангараг өргөдөг юм гэсэн. Ромын жанжнууд энэ толгойн орой дээр сауна байгуулчихаад жаргалаа эдэлж байсны гэрч туурийг үзүүлж байна лээ.
3. Миний онцлох гурав дахь газар бол дэлхийн далайн түвшнээс 400 метрийн дор байгаа сөнөсөн тэнгис юм. Энэ тэнгис рүү цутгадаг, эх авдаг ямар ч гол гэж байхгүй. Хачин шүү. Өндөр температур, чийгшилт нь хонхор газарт ус үүсгээд ёроолд нь асар их давс хуримтлагдчихсан юм уу даа, миний ойлгосноор. Амьд амьтан, ургамал гэж тэр усан дотор байхгүй. Амьд амьтан живнэ гэж хэзээ ч байхгүй. Хичнээн үсэрч ороод сэлэе гэхэд дээш нь бөмбөг шиг шидээд хөвүүлээд байдаг, сонин шүү. Эрүүл мэндэд хачин сайн тул жуулчдын хувьд ганц диваажин нь энэ тэнгис гэнэ. Библийн сударт өгүүлснээр бол Давид хаан, Иисус Христос өөрөө энэ тэнгисийн хөвөөнөө саатаж аж төрж байжээ. Түүнийг нь илтгэх мэт эртний жүүдийн суурингийн туурь, анхны христисын лам нар байсан гэх туурь замд тохиолдож байв.
Д.Баярхүү
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл1
Д.Баярхүү шиг чадваргүй хүмүүсийг хурдан гадаад харилцааны яамнаас хөөж явуул. Өмнөд солонгостой 20 санах мартах бичигт гарын үсэг зурсан төдийгөөр төрийн айлчлал гэхэээр ямар муу байна вэ Монголын гадаад харилцаа.