АН-аас "Өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан, Төрийн ордонд хуралдав. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрээр: "АН өнөөдөр улс орон даяар өөрчлөлт, шинэчлэлтэнд уриалсан үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ бол намын дотоод үйл ажиллагаа биш. Том өөрчлөлтийн өмнө бид ирсэн. Монголчуудын мөрөөдөл хаана байна вэ? Айл гэр, аж ахуйн нэгжүүд, төр засаг яг юуг мөрөөдөж, юунд уриалан дуудаж байна вэ?
Өнөө маргаашаа бодсон, авлига хээл хахууль, албан тушаал, айдсаар барьцаалагдсан улстөрийн нэг хэсэг болж. Мөрөөдөлгүй ард түмэн болоод хувирчихлаа.
Ийм учраас АН-аас эхлүүлж буй энэ аян зүг чигтэй. Зүг чиг нь монголоо бүтээдэг болгож өөрчлөгдөх ёстой. Баялгаа гадагшаа зарж, түүн дээрээ хэрэлддэг, мөнгөөр нь сонгуулийн хэрэгсэл болгож ашигладаг улс оронд ирээдүй байхгүй. Бүтээдэг Монгол болгохын төлөө бид ажиллана. Ардчилсан нам өөрчлөлтөнд манлайлагч байх ёстой. Бүтээнэ гэдэг нь монголд үйлдвэрлэнэ гэдгээс илүү, том философи агуулагдаж байгаа. Монголыг өөрчлөх 100 санал гаргаж ирнэ. 100 санал нь 100 бүтээл болно. Ардчилсан нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд салбар бүрийн 100 шийдэлтэйгээр оролцоно. Энэ аяны хүрээнд
"Бидний хүсэж буй ардчилсан Ерөнхийлөгч" гэсэн санал асуулга явуулна.
Ямар хүмүүс нэр дэвшиж болох тухай иргэд болон албан байгууллагуудын саналыг нэгтгэж ажиллана. Бид зөвхөн сөрдөг, шүүмжилдэг сөрөг хүчин байхгүй. Улс орны төлөө бодлого, шийдэл гаргадаг улстөрийн хүчин байна. " гэв.
М.Чой
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл0