Бид хүн амын өсөлт, хөдөөгийн хөгжил, малчдын залгамж халаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлт зэрэг олон асуудлыг тус тусад нь ярьсаар ирсэн. Гэвч эдгээрийн цаана нэг нийтлэг зүйл оршсоор байгаа нь хөдөө орон нутагт амьдарч буй олон мянган ганц бие залуусын асуудал юм.
Энэ бол зөвхөн нэг хүний гэр бүл зохиох эсэх тухай асуудал биш. Харин мал аж ахуйн тогтвортой хөгжил, хүн амын төвлөрлийг сааруулах, сум орон нутгийн ирээдүй, үндэсний аюулгүй байдалтай хүртэл холбогдох бодлогын асуудал юм.
Ийм учраас УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын таван жилийн өмнө эхлүүлсэн нэгэн санаачилга өнөөдөр үнэхээр нүдээ олсон ажил байсан нь тодорхой болж байна.
Тэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "Дөргөн нуурын эрэг дээр 247" нэртэй орон нутгийн ганц бие залуусын уулзалтыг анх зохион байгуулсан. Тухайн үед олон хүн гайхаж байсан. Зарим нь шоолж байлаа. "Төр гэр бүл зуучлах гэж байна", "ийм ажил гэж юу байдаг юм" гэх шүүмжлэл ч гарч байсан.
Гэвч аливаа шинэ санаачилга үр дүнгээрээ үнэлэгддэг.
Өнөөдөр энэхүү арга хэмжээ "Жангар" фестиваль болон өргөжин хөгжиж, таван жил дараалан зохион байгуулагджээ. Хамгийн гол нь уг фестивалиас 300 гаруй хос төрсөн гэх мэдээлэл бий. Тэр ч бүү хэл энэ жилийн арга хэмжээний эхний өдөр өмнөх фестивалиар учирсан нэгэн хосын охины сэвлэг үргээх ёслол болсон нь энэхүү санаачилга зүгээр нэг арга хэмжээ биш, олон айлын аз жаргалын эхлэл болсныг харуулж байна.
Энэ бол ганц нэг хүний амьдралын тухай яриа биш.
Монгол Улсын өмнө тулгамдаад буй томоохон асуудлын нэг бол хөдөөгийн хүн амын бууралт юм. Хөдөөгийн охид хот руу шилжин суурьшиж, сумдад хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, мал аж ахуй эрхлэх залгамж үе багассаар байна.
Үүнтэй зэрэгцэн олон малчин залуус гэр бүл зохиох боломж хомс, нийгмийн харилцааны орчин хязгаарлагдмал хэвээр байгаа нь нууц биш.
Ийм нөхцөлд залуусыг танилцуулж, эрүүл зөв орчин бүрдүүлсэн, соёл урлаг, спорт, аялал жуулчлалтай хослуулсан арга хэмжээ зохион байгуулах нь огтхон ч инээдэмтэй санаа биш. Харин ч төрөөс бодлогын түвшинд анхаарах ёстой асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж буй нэг хэлбэр юм.
Өндөр хөгжилтэй олон орон хүн амын өсөлтийг дэмжихийн тулд шинэ гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орон сууцны хөнгөлөлт олгох, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлдэг. Монголд ч ийм бодлого хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө хүмүүс хоорондоо танилцах, гэр бүл болох боломжийг нэмэгдүүлэх эерэг орчин бүрдүүлэх нь бас чухал.
"Жангар" фестиваль үүний нэг жишээ болж чаджээ.
Мэдээж ийм арга хэмжээ дангаараа Монголын хүн амын асуудлыг шийдэхгүй. Гэвч төрийн бодлого үргэлж их мөнгө, том төсөл гэхээс илүүтэй зөв санаачилгыг дэмжиж, амжилттай туршлагыг түгээн дэлгэрүүлэхээс эхэлдэг.
Тиймээс энэ санаачилгыг зөвхөн Говь-Алтай аймгийн хэмжээнд үлдээх бус, үндэсний хэмжээний бодлого болгон хөгжүүлэх талаар төр засаг бодох цаг болсон юм биш үү.
Жил бүр аймаг, орон нутгийн залуусыг хамруулсан үндэсний хэмжээний "Жангар" фестиваль зохион байгуулж, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн боловсролыг нэг дор багтаасан томоохон арга хэмжээ болговол ямар вэ?
Ингэснээр зөвхөн гэр бүл зохиох боломж нэмэгдэх төдий биш орон нутгийн аялал жуулчлал хөгжинө. Жижиг, дунд бизнесийн орлого өснө. Залуусын харилцааны ч, танилын ч хүрээ тэлнэ. Хамгийн чухал нь хөдөө орон нутагт амьдрах итгэл, ирээдүйн талаарх эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой.
Монгол төр заримдаа хийх ёстой ажлаа иргэдээсээ түрүүлж харж чаддаггүй.
Харин нэгэн орон нутгийн удирдагчийн таван жилийн өмнө эхлүүлсэн санаачилга өнөөдөр бодит үр дүнгээ үзүүлж байна.
300 гаруй хос, олон арван шинээр мэндэлсэн хүүхэд бол ямар ч тайлан, ямар ч статистикаас илүү үнэтэй үр дүн юм.
Иймээс Монгол төрийн хийх ёстой ажлын нэгийг зориглон эхлүүлж, үр дүнд хүргэж чадсан О.Амгаланбаатарт баяр хүргэе.
Одоо харин энэ сайн туршлагыг нэг хүний санаачилга хэвээр үлдээх бус, үндэсний хэмжээний бодлого болгон хөгжүүлэх эсэх нь төр засгийн шийдэх дараагийн ажил байх учиртай.
Н.Отгончимэг
Лхагва - 07 сарын 29,
2026
Сэтгэгдэл0