Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 25 дахь уулзалт наймдугаар сарын 25-нд Бээжин хотноо болж, талууд хилийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, маргааныг зохицуулах чиглэлээр найман зүйлт нийтлэг ойлголтод хүрчээ.
Уулзалтад Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны албаны дарга Ван И, Энэтхэгийн талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Кумар Довал нар оролцож, хилийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Талууд юуны өмнө хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг баримтлан, хилийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, Хятад, Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхээ дахин нотолжээ.
Мөн 2005 онд байгуулсан Хятад, Энэтхэгийн хилийн асуудлыг шийдвэрлэх улс төрийн удирдамжийн зарчмын тухай хэлэлцээр болон тусгай төлөөлөгчдийн өмнөх уулзалтуудаар хүрсэн тохиролцоонд тулгуурлан хилийн асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр болов. Ингэхдээ шударга, зохистой, хоёр тал хүлээн зөвшөөрөх боломжтой шийдэлд хүрэхийг зорих юм.
Хоёр тал хилийн зааг тогтоох чиглэлд бодит ахиц гаргахын зэрэгцээ хилийн хяналт, зохицуулалтын механизмыг боловсронгуй болгохоор тохиролцжээ.
Түүнчлэн дипломат болон цэргийн одоо байгаа харилцааны сувгийг ашиглан Бодит хяналтын шугамын дагуу үл ойлголцол, буруу тооцооллоос үүдэлтэй зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ зарим бүс дэх Бодит хяналтын шугамын талаарх хоёр талын ойлголтыг ойртуулах арга замыг хэлэлцжээ.
Хилийн хяналт, зохицуулалтыг сайжруулах хүрээнд генерал цолтой албан тушаалтнуудын уулзалт хийх хоёр шинэ цэг нээж, хилийн зүүн болон төв хэсэгт тус бүр нэг, нийт хоёр цэргийн шууд холбооны шугам шинээр байгуулахаар тохиролцсон байна.
Мөн хил орчмын хамтын ажиллагаанд гарсан ахицыг талууд нааштай үнэлж, хилийн бүс нутагт яриа хэлэлцээ, энх тайван, зөвшилцөл, хамтын ажиллагааны уур амьсгалыг бэхжүүлэхээр болжээ.
Үүнээс гадна есдүгээр сард хил дамнасан гол мөрний асуудлаарх шинжээчдийн механизмын ээлжит уулзалтыг зохион байгуулна. Уулзалтаар ус судлалын мэдээлэл, үерийн нөхцөл байдлын мэдээллийг харилцан солилцох болон холбогдох харилцан ойлголцлын санамж бичгийг сунгах асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон байна.
Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 26 дахь уулзалтыг 2027 онд Энэтхэгт зохион байгуулахаар хоёр тал мөн тохиролцжээ.
Г.Бямба
Баасан - 08 сарын 28,
2026
Сэтгэгдэл3
Орчин үеийн Хятадын хэврэг байдлын талаарх гайхшруулам 10 үнэн: 1. "Сүнсэн хотууд" ба үл хөдлөх хөрөнгийн хөөс: Хятадын ДНБ-ий 25-30%-ийг үл хөдлөх хөрөнгийн салбар бүрдүүлдэг. Гэвч өнөөдөр тус улсад хүн амьдардаггүй, хоосон хаягдсан 60-90 сая гаруй орон сууц байна. 2. Түүхэн дэх хамгийн хурдан хөгшрөлт: "Нэг өрх - Нэг хүүхэд" бодлогын уршгаар 2035 он гэхэд Хятадын тэтгэврийн насныхны тоо 400 саяд хүрнэ. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас олон бөгөөд ажиллах хүч нь огцом багасаж байна. 3. Залуусын ажилгүйдлийн дээд цэг: Их сургууль төгсөгчдийн тоо хэт олширсон ч ажлын байр байхгүй. Хятадын залуусын ажилгүйдэл 20%-ийг давж, засгийн газар нь албан ёсны статистик мэдээллээ нууцлахад хүрсэн. 4. "Байгаагаараа хэвтэх" (Tang Ping) хөдөлгөөнЗалуус амжилтанд хүрэхийн тулд өдөр шөнөгүй зүтгэхээс татгалзаж байна. Тэд гэрлэхгүй, хүүхэд төрүүлэхгүй, байр авахгүй, зүгээр л хамгийн бага хэрэглээгээр амьдрахыг илүүд үзэх болов.
Орчин үеийн Хятадын хэврэг байдлын талаарх гайхшруулам 10 үнэн: 5. "996" соёл ба сэтгэл зүйн хямрал: Өглөөний 9-өөс оройны 9 хүртэл, долоо хоногийн 6 өдөр ажиллах соёл залуусыг туйлдуулж байна. Үүнээс үүдэлтэй амиа хорлолт, сэтгэл гутрал Хятадын хамгийн том асуудал боллоо. 6. Орон нутгийн засаг захиргааны асар их өр: Хятад баян харагддаг ч хотууд мужууд нь өрийн туйл болсон. Орон нутгийн засаг захиргаадын нууц өр 9-11 их наяд ам.долларт хүрсэн нь Хятадын санхүүгийн системийг хэзээ ч нурааж мэдэх хэмжээ юм. 7. Үйлдвэрүүд Хятадыг орхин гарч байна: Ажиллах хүчний зардал өссөн, мөн АНУ-тай хийх худалдааны дайнаас болж Apple, Samsung зэрэг гигантууд үйлдвэрүүдээ Вьетнам, Энэтхэг рүү нүүлгэж байна. 8. "Баян болохоосоо өмнө хөгширөх" аюул: АНУ, Япон зэрэг орнууд баян болсныхоо дараа хүн ам нь хөгширсөн. Харин Хятад улс дундаж орлоготой орны түвшинд байхдаа хүн ам нь хөгширч байгаа дэлхийн анхны улс болов.
Орчин үеийн Хятадын хэврэг байдлын талаарх гайхшруулам 10 үнэн: 9. Байгаль орчны туйлдалт ба усны хомсдол: Хятадын газар доорх усны 60 гаруй хувь нь уух байтугай хөдөө аж ахуйд ашиглах боломжгүй бохирдсон. Хойд бүсийн үйлдвэрлэлийн төвүүд нь усны асар их хомсдолтой нүүр тулж байна. 10. Хэт хяналт ба итгэлцлийн уналт: Дэлхийн хамгийн олон хяналтын камер, "Нийгмийн цахим кредит"-ийн системээр иргэдээ хянадаг. Энэхүү хэт чанга хяналт нь нийгмийн дотоод бухимдлыг нуун дарагдуулж, тэсрэхэд бэлэн "даршилсан бөмбөг" болгож байна.