Гар утасны хулгайтай тэмцэх өргөн хүрээтэй ажиллагааны явцад Лондоны цагдаа нар 700 гаруй хүнийг баривчилжээ. Есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд явагдсан тусгай ажиллагааны явцад хуучин гар утас зардаг дэлгүүрүүдэд 50 гаруй удаа нэгжлэг хийсэн байна.
Лондоны цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар, гар утас хулгайлах гэмт хэрэг 2024 онд 81 439 удаа гарсан бол 2025 онд 71 867 болж буурчээ. Энэ оны 1-8 дугаар сарын хугацаанд 39 793 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад /49 136/ буурсан байна.
Хэдийгээр гэмт хэргийн тоо буурсаар байгаа боловч Лондоны хулгайн гар утасны зах зээл том хэвээр байгаа бөгөөд жилд 50 сая фунт стерлингийн гар утас зарагдаж байгаа ажээ.Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Их Британийн цагдаагийн газар ба Apple компани хулгайлагдсан гар утасны талаар сүүлийн хоёр жилийн турш мэдээлэл солилцож байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт Их Британид гар утасны контрбандын сүлжээнд хамрагддаг гурван этгээдэд нийт 25 жилийн хорих ял оноосон байна. Тэд 2024-2025 онд Их Британиас Хятад руу 40 мянган ширхэг хулгайн гар утас гаргажээ.
Үүний зэрэгцээ гэмт хэрэгтнүүд аюулгүй байдлын сайжруулсан хамгаалалтад “дасан зохицож” байна. Хамгаалалтын технологиуд боловсронгуй болохын хэрээр тэд гар утсанд нэвтрэхийн тулд "нийгмийн инженерчлэл"-ийн шинэ аргуудыг түлхүү ашиглах болжээ. Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн байгууллагуудын төлөөлөгч болж жүжиглэн, өөр төхөөрөмжнөөс хохирогчидтой холбогдож, гар утасны блокийг гаргахад шаардлагатай нууц үг болон бүртгэлийн мэдээллийг олж авдаг байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл0