Өнөөдөр (2026.09.07) УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тэрээр: "Улс орны өмнө хийх ажил их байна. Төсөв батлах гэж байна, өвөл хаяанд ирж байна. Дээрээс нь өвлийн бэлтгэл, аж ахуй, иргэд айл өрхийн амьдрал ахуй гээд шийдвэрлэх ёстой олон асуудлууд байна. Ийм байхад нэг нөхөр сенсаци гаргаж ирдэг, эсвэл нэг юм зохиож ярьдаг ийм асуудалд ерөөсөө автмааргүй байгаа юм. Булганд гишүүд цугласан. Хүйтэн нойтон болохоос өмнө салхинд гарсан ч байна уу, амарсан ч байна уу тэр бол хувь хүний эрхийн асуудал. Тэрийг улс төржүүлээд, хэн нэгнийг огцруулах гэж байгаа юм шиг, хэн нэгэн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа юм шиг ямар ч яриа хэлэлцээр болоогүй.
Төсөв хөрөнгөө яаж шийдвэрлэх юм, ардчилал хүний эрх, бусад шударга ёсны асуудлуудаа яаж тэнцвэржүүлэх юм, хууль тогтоомжиндоо ямар өөрчлөлт оруулах юм, улс орны өмнө тулгамдсан эдийн засаг, эрх зүй болон бусад амжиргаатай холбоотой асуудлуудыг УИХ-ын чуулган дээрээ хэрхэн хэлэлцэх юм, УИХ-ын чуулганы хэлэлцэж байгаа хууль тогтоомжууд ямар түвшинд явж байгаа юм гэдэг ерөнхий асуудлууд ярьсан. Миний хувьд элдэв ажлийн хэсэг ахлаад байгаа зүйл ерөөсөө байхгүй.
Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Ялангуяа хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ цаг үед бид Засгийн газраараа, эсвэл улс төрөөр шоу хийдэг юм ерөөсөө байж болохгүй.
Сүүлдээ энэ чинь урлаг соёлынхон, хошин шогийнхоны шоу байхаа болиод улс төрийн хошин шог шоу нь хэрээс хэтэрч байна. Энийгээ одоо больцгооё. Миний хувьд аливаа зүйл дээр яриа хэлэлцээрийн замаар, улс орны томоохон эрх ашгаа бодож, эв зүйгээр асуудлуудаа шийдвэрлэх ёстой гэдэг үндсэн зарчимтай. Тэр хүрээнд ч асуудалд хандаж байгаа. Тэнд байсан гишүүд ч тийм зарчимаар асуудалд хандаж байгаа." гэв.
Х.Цэцэн
Даваа - 09 сарын 07,
2026
Сэтгэгдэл0