sonin.mn

Орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 1-ний өглөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 26 дахь удаагийн хуралдаанд оролцов. 


ШХАБ-ын ээлжит дарга орон болох Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров хурлыг даргалав. Хуралдаанд ШХАБ-ын гишүүн орнууд болох Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, мөн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев нар оролцов. Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нартай хамт дурсгалын гэрэл зураг авахуулж, дараа нь Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцон “ШХАБ-ын илүү өндөр чанартай хөгжлийг урагшлуулъя” сэдвээр чухал илтгэл тавив. 




Ши Жиньпин тэмдэглэхдээ: Энэ жил ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. 25 жилийн өмнө Хүйтэн дайны гүнзгий сургамж, “гурван хүчний” бодит заналхийлэл, энх тайван болон хөгжлийг улс орнуудын ард түмэн чин сэтгэлээсээ хүсэж байсан нөхцөлд үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах нь бүс нутгийн улс орнуудын нийтлэг олголт болсон. Ийм нөхцөлд ШХАБ үүсэн байгуулагдсан бөгөөд улам бүр хүчирхэг амьдралын эрч хүч, идэвхийг харуулах болсон юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ШХАБ ер бусын замыг туулсан. Хамгийн томоохон хөгжлийн ололт амжилт нь алхам алхмаар дэлхийн хамгийн өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан, хамгийн олон хүн амтай, хөгжлийн асар их нөөц боломж бүхий шинэ төрлийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болсон явдал юм. Хамгийн үнэтэй оюуны баялаг нь харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх, эрх тэгш байдал, зөвшилцөл, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх “Шанхайн үзэл санаа”-г анхлан дэвшүүлж, ямагт тууштай баримталж ирсэн явдал юм. Хамгийн чухал хамтын ажиллагааны туршлага нь эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглүүлэхгүй байх зөв харилцан орших арга замыг олж, бүс нутгийн улс орнуудыг хүчээ нэгтгэн хамтын гэр орноо байгуулахад түлхэц өгсөн явдал юм. 25 жилийн дараах өнөөдөр дэлхийд зуун жилд тохиох их өөрчлөлт хурдацтай өрнөж, яриа хэлэлцээ ба сөргөлдөөн, хамтаар амжилтад хүрэх ба тэг нийлбэрийн тоглоом, олон талт үзэл ба ганц талын хоорондын ширүүн тэмцэл үргэлжилж, дайны бараан сүүдэр одоо ч арилаагүй байна. Хүн төрөлхтний ирээдүй, хувь заяатай холбоотой чухал замын уулзвар дээр зогсож буй энэ үед ШХАБ түүхэн хариуцлагаа зоригтой үүрч, түүхийн хөгжлийн чиг хандлагыг идэвхтэй манлайлах ёстой гэжээ.


Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятадын тал бүх талтай хамтран “Шанхайн үзэл санаа”-ны тугийг өндөрт өргөж, ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, илүү өндөр чанартай хөгжлийг хэрэгжүүлэхийн төлөө чармайж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үйл хэрэгт илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.


Хуралдаанаар Пакистан улс 2026–2027 оны ШХАБ-ын ээлжит дарга орноор ажиллахаар шийдвэрлэв.