ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Нидерландын Гадаад харилцааны сайд Том Берендсен нар арваннэгдүгээр сарын 25-нд Бээжин хотноо хэлэлцээ хийжээ.
Ван И хэлэлцээний үеэр Хятад, Нидерланд нь нээлттэй эдийн засагтай, харилцан чухал ач холбогдол бүхий түнш орнууд бөгөөд хоёр улсын харилцааны гол онцлог нь нээлттэй, ажил хэрэгч байдал болохыг онцлов.
Тэрбээр Хятад улс Европын Холбоог олон туйлт дэлхийн чухал төвүүдийн нэг хэмээн үзэж, Европын талаарх бодлогоо тууштай, тогтвортой хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв. Мөн Европ стратегийн бие даасан байдлаа бэхжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Европ стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн зэрэгцээ нээлттэй, хүртээмжтэй бодлого баримталж, Хятад, Европын хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Ван И онцлов. Түүнчлэн Хятад, Европыг холбох гүүр болж буй Нидерландын үүргийг өндрөөр үнэлж, хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд тус улс бүтээлч хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хэлэлцээний үеэр талууд Украины хямрал, их гүрнүүдийн харилцаа болон олон улс, бүс нутгийн анхаарал татсан бусад асуудлаар санал солилцжээ.
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өргөн хүрээний асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрч, хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд 2014 онд тогтоосон нээлттэй, ажил хэрэгч, иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болон 2025 онд хүрсэн зургаан чиглэлийн нийтлэг ойлголцолд тулгуурлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсоныг дурджээ.
Ирэх 2027 онд Хятад, Нидерланд улс Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан талууд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, соёл, эрүүл мэнд, спорт, усны нөөцийн менежмент зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын харилцаа, солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Нидерландын тал мөн нэг Хятадын бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолжээ.
Түүнчлэн талууд эдийн засаг, худалдааны харилцаанд тулгарч буй асуудал, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл зэрэг салбарт одоо байгаа механизмаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн чухлыг онцлов. Экспортын хяналтын асуудлаар харилцан ойлголцлоо бэхжүүлэх шаардлагатайг ч тэмдэглэсэн байна.
Хоёр улс Дэлхийн худалдааны байгууллагад тулгуурласан олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, олон талт хамтын ажиллагааг дэмжих байр сууриа дахин илэрхийлжээ.
Мөн хүний эрхийн тэгш байдлыг хангахад олон улсын хэмжээнд бодитой арга хэмжээ авах шаардлагатайг хамтарсан мэдэгдэлд онцолж, энэ зорилгын төлөө хамтран ажиллахаа нотолсон байна.
Г.Бямба
Баасан - 11 сарын 27,
2026
Сэтгэгдэл0