sonin.mn

Криштиану Роналду нэг сарын хугацаанд Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох эрхгүй болж, 255 еврогоор торгуулжээ. Португалын хөл бөмбөгийн холбоо ийм шийдвэр гаргасан тухай спортын сэтгүүлч Фабрицио Романо Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна.


Ингэснээр Роналду 11 дүгээр сарын 14 ба 17-ны өдрүүдэд болох Үндэстнүүдийн лигийн тэмцээний Дани, Уэльсийн шигшээ багуудтай хийх тоглолтуудад оролцохгүй юм.


9 дүгээр сарын 30-ны өдөр Роналду шигшээ багийн цугларалтын үеэр бэлтгэлийн баазыг орхин явжээ. Энэ нь шигшээгийн ахлах дасгалжуулагч Жорже Жезуш өөрт нь өгсөн амлалтаа хоёр удаа биелүүлээгүйтэй холбоотой гэж тэрбээр ярьсан байна. Роналду Үндэстнүүдийн лигийн тэмцээний Уэльстэй /1:0/ хийсэн тоглолтод оролцсон бол Норвегийн багтай хийсэн тоглолтыг /2:1/ сэлгээний сандалд суусаар өнгөрүүлжээ. Норвегитэй хийсэн тоглолтын үеэр дасгалжуулагч нь 30 минутын дараа талбайд гарах ёстойг сануулсны дараа Роналду бие халаалт хийж эхэлсэн боловч түүнийг тоглолтод оролцуулаагүй байна.


Одоогийн байдлаар Португалын шигшээ баг Үндэстнүүдийн лигийн тэмцээний дөрвөн тоглолтод хожсоноор шөвгийн наймд шалгарах нь тодорхой болоод байгаа юм. Хэсгийн шатны сүүлчийн хоёр тоглолтод португалчууд 11 дүгээр сарын 14-нд Данийн шигшээтэй, 11 дүгээр сарын 17-нд Уэльсийн шигшээтэй тоглоно.


Өдгөө 41 настай Роналду хөлбөмбөгчний замналдаа 981 гоол оруулаад байгаагаас 146 нь шигшээ багийн бүрэлдэхүүнд, 835 нь клубүүдэд тоглохдоо оруулсан гоолууд юм. Тэрбээр 2022 оны 12 дугаар сараас хойш Саудын Арабын “Аль-Наср” багт тоглож байгаа билээ. 



Б.Адъяахүү