“Формула-1” авто уралдааны ДАШТ-ий 22 дахь гараа буюу Катарын Гран-При өнөөдөр Лусаил хотод эхэлнэ. Энэ улирлын хамгийн сүүлчийн хоёр гараа болох Катарын Гран-При ба Абу-Дабигийн Гран-Приг зохион байгуулах эсэх нь Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас удаан хугацаанд эргэлзээ төрүүлж байсан юм.
Харин “Формула-1”-ийн удирдлага болон багууд аюулгүй байдлын баталгаа авсны дараа уг хоёр уралдааныг явуулахаар шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ Катарт сонирхол татахаар хүчтэй өрсөлдөөн болохгүй гэдэг тодорхой байна.
Учир нь, Италийн уралдаанч Кими Антонелли болон “Мерседес” баг улирал дуусахаас өмнө хэдийн аварга болсон билээ. Түүнчлэн хувийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарахын төлөөх өрсөлдөөн ч сул байна. Ред Булл багийн нидерланд уралдаанч Макс Ферстаппен 304 оноотойгоор Льюис Хэмилтон (Феррари, 267 оноо), Жорж Расселл (Мерседес, 264), Ландо Норрис (Макларен, 264) нарыг ардаа хол орхижээ. Мөн Зохион бүтээгчдийн цомын III байрын төлөөх өрсөлдөөн Ред Булл (440 оноо), Макларен (431) багуудын хооронд явагдаж байна.
Цар тахлын улмаас Австралийн Гран-При цуцлагдсаны дараа Катар улс анх 2021 онд “Формула-1” уралдааныг зохион байгуулсан ба 2023 оноос Катарын Гран-Приг зохион байгуулахаар 10 жилийн гэрээг байгуулжээ.
2021 онд Катарт Хэмилтон түрүүлсэн бол 2023-2025 онд Ферстаппен гурван удаа дараалан аваргалсан байна.
Өнөөдөр Москвагийн цагаар 16:30 цагт /УБ цагаар 21:30/ чөлөөт бэлтгэлийн эхний үе шат, 20:00 цагаас /УБ цагаар 28-ны 01:00/ хоёр дахь үе шат явагдана. Бямба гарагт Москвагийн цагаар 17:30 цагт /УБ цагаар 22:30/ чөлөөт бэлтгэлийн III үе шат, 21:00 цагаас /УБ цагаар 29-ний 02:00/ байрлал тогтоох уралдаан тус тус болно. Ням гарагт Москвагийн цагаар 19:00 цагт /УБ цагаар 30-ний 00:00/ үндсэн уралдаан болох юм.
Б.Адъяахүү
Баасан - 11 сарын 27,
2026
Сэтгэгдэл0