sonin.mn

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /AP/. Ирландын хууль тогтоогч Саймон Харрис мягмар гарагт болсон парламентын санал хураалтын дүнгээр Ерөнхий сайдаар томилогдлоо. Өдгөө 37 настай тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн болж байна. С.Харрис өнгөрсөн сард гэнэт огцрохоо мэдэгдсэн Лео Варадкараас Ирландын гурван намын эвслийн засгийн газрын тэргүүний халааг авч байна.


Л.Варадкарын засгийн газарт Дээд боловсролын сайдаар ажиллаж байсан С.Харрис барууны төвч үзэл баримталтай “Фине Гэл” намын даргын албан тушаалд өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч байв.


Ирландын парламентын доод танхим болох Дойл дахь хууль тогтоогчид 88-69 саналын харьцаагаар С.Харрисыг Ерөнхий сайдаар батламжиллаа. Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс Дублин хот дахь ерөнхийлөгчийн өргөөнд болсон ёслолын үеэр засгийн газрын шинэ тэргүүнийг албан тушаалд нь томилсон байна. С.Харрис 24 настайдаа парламентад сонгогдсон бөгөөд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглан мэдээлэл дамжуулдаг байсан тул түүнийг “ТикТок ерөнхий сайд” хэмээн хочилдог байжээ. Тэрбээр эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай байгаа, орон сууцны үнэ өссөн, “Фине Гэл” намын хууль тогтоогчид бөөнөөрөө парламентаас гарсан гэх мэт сорилтуудтай тулгарч байгаа юм.


“Өнөөдөр надад хүлээлгэсэн итгэлийг биелүүлэхийн тулд миний бие чадах бүхнээ хийхээ амлаж байна. Ерөнхий сайдын хувиар би нийгмийн амьдралд шинэ санаа, шинэ эрч хүч, шинэ энэрэх сэтгэлийг авчрахыг хүсч байна” гэж С.Харрис хэлжээ.


Л.Варадкар 38 настайдаа хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан бөгөөд Ирландын ижил хүйстэн гэдгээ зарласан анхны ерөнхий сайд байсан юм. Ээж нь ирланд, аав нь энэтхэг гаралтай тэрбээр Ирландын хоёр үндэстнээс гаралтай анхны ерөнхий сайд байв. Өдгөө 45 настай Л.Варадкар 2017-2020 оны хооронд, мөн 2022 оны 12 дугаар сараас хойш Ерөнхий сайдын албыг хашсан юм. Тэрбээр даваа гарагт Ерөнхийлөгчид огцрох өргөдлөө өгчээ. 


Л.Варадкар мягмар гарагт Дойл-ын гишүүдэд хандан хэлсэн үгэндээ, түүний улс төрд өнгөрүүлсэн цаг хугацаа амьдралынх нь “хамгийн бахархалтай, үр бүтээлтэй үе” байсныг онцлоод, харин өнөөдөр бол манай намын хувьд шинэ эрин үе, миний амьдралын шинэ хуудас, хамтарсан Засгийн газрын шинэ үе эхэлж байна гэлээ.


С.Харрис 2025 оны гуравдугаар сард болох сонгууль хүртэл “Фине Гэл”, “Фианна Файл”, Ногоон намын эвслийн засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Харин сөрөг хүчний намууд мэдэгдэхдээ, товлосон хугацаанаас өмнө сонгуулийг явуулах нь зүйтэй хэмээн олон нийт үзэж байгааг дурджээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг