sonin.mn

СӨҮЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /Yonhap/. Ерөнхийлөгч Юн Сог Ёль бүрэн эрхийнхээ үлдсэн гурван жилийн хугацаанд хууль тогтоогчдын дэмжлэгтэйгээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах эсэхийг шийдэх чухал ач холбогдолтой парламентын сонгууль эхэллээ.


Санал хураалт өглөөний 06:00 цагт эхэлж, оройны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн үндэсний хорооноос мэдээлснээр, улсын хэмжээнд 14 259 санал авах байр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт урьдчилсан санал хураалт явуулсны дараа үндсэн санал хураалтад 30 гаруй сая хүн оролцох юм.


Өнгөрсөн баасан, бямба гарагт болсон урьдчилсан санал хураалтын ирц 31.28 хувьд хүрсэн нь энэ удаагийн сонгуульд оролцох олон нийтийн сонирхол өндөр байгааг харууллаа. Өмнөд Солонгост 2014 онд энэхүү системийг нэвтрүүлснээс хойш анх удаа бүх нийтийн сонгуулийн урьдчилсан санал хураалтын ирц 30 хувиас давсан байна.


Өглөөний 09.00 цагийн байдлаар, 3.07 сая сонгогч буюу нийт сонгогчдын 6.9 хувь нь саналаа өгсөн нь дөрвөн жилийн өмнөх өмнөх сонгуулиас 1.1 хувиар бага байна. 


Үндэсний ассамблейн 300 суудлын төлөө намууд өрсөлдөж байгаа юм. Сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ эрх баригч Ардын хүч намаас /АХН/ илүү олон суудал авна гэж таамаглаж байгаа бөгөөд сөрөг хүчнийхэн нийлээд 200 гаруй суудал авах төлөв харагдаж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сонгууль нь эрх баригч АХН-ын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд олонх болж чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн таван жилийн бүрэн эрхийн үлдсэн гурван жилд түүний эрх мэдэл хумигдаж магадгүй юм. Үндэсний ассемблей сөрөг хүчний хяналтад байгаагийн улмаас Юн Сог Ёлийн засаг захиргаа шинэчлэлийн хөтөлбөрөө сүүлийн хоёр жил урагшлуулж чадахгүй байгаа тул эрх баригч намынхан сонгогчдоос дэмжлэг хүсэж байна. Харин АН-ынхны хувьд, эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааг ноцтойгоор хүндрүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд маргаан дагуулсан олон асуудлыг буруу шийдвэрлэсэн хэмээн Юн Сог Ёлийн засаг захиргааг буруутгаж, хатуу хариуцлаг тооцохыг сонгогчдод уриалж байна.


Өнгөрсөн пүрэв гарагт сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө явуулсан санал асуулгуудын дүнг үзвэл, АН-аас нэр дэвшигчид олон бүс нутагт, тэр дундаа АХН-ыг түлхүү дэмждэг зүүн өмнөд хэсгийн нутгуудад ч тэргүүлж байжээ. Түүнчлэн дуулиан шуугианд нэр холбогдсон Хууль зүйн сайд асан Чо Кукийн шинээр санаачилсан Солонгосыг сэргээн босгох нам Юн Сог Ёлийн засаг захиргааны бүрэн эрхийн хугацааг эртхэн дуусгахыг уриалж байгаа нь мөн олны анхаарлыг татаж байна. 


Урьдчилсан санал хураалтын ирц түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн энэ үед сонгогчдын нийт ирц 70 хувиас давах эсэх нь мөн анхаарал татаж байна. Өмнөх 2020 оны сонгуулийн ирц 66.2 хувьтай байсан юм. Сөүлийн 48 тойрог бол сонгуулийн дүнг тодорхойлох өрсөлдөөний гол талбар гэдгийг ажиглагчид хэлж байна. Сонгогчид саналаа өгсний дараа явуулдаг санал асуулгын дүнгүүд 18:30 цагаас гарч эхэлнэ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг