sonin.mn

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /TASS/. АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Кишида Фүмио энэ оны эхээр газар хөдлөлтөд өртсөн Японы Ното мужийн иргэдийн хийсэн гар хийцийн бэлэг дурсгалын зүйлс, мөн "Нинтендо"-гийн "Супер Мариа" тоглоомын ертөнцийн баатруудыг дүрсэлсэн төрөл бүрийн мерчендайз бүтээгдэхүүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бэлэглэжээ. 


Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, К.Фүмиогийн нэрийн өмнөөс Америкийн Ерөнхийлөгчид “важима-нури” хэмээх япон технологиор хийсэн кофены аяга, бичгийн хэрэгслийг бэлэглэсэн байна.


Японы Ерөнхий сайд мөн ах дүү Мариогийн чихмэл тоглоом, Пич гүнж, үлэг гүрвэл Ёши зэрэг "Супер Мариа Брос" тоглоомын ертөнцийн баатрууд бүхий мерчендайз бүтээгдэхүүний багцыг бэлэглэжээ. Энэхүү багцад уг франчайзын дүрүүдтэй аяга таваг, цүнх, цамц багтсан байна. Ерөнхий сайдын гэргий Юко Кишида АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байденд Японы уран дархчуулын урласан бугуйвч, зүүлт, ээмэг зэрэг үнэт эдлэлүүдийг бэлэглэжээ.


Японы Ерөнхий сайд АНУ-д төрийн айлчлал хийж байгаа бөгөөд түүнийг Гадаад хэргийн сайд Камикава Ёко, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сайто Кэн нар дагалдан явж байгаа юм. Тэрбээр дөрөвдүгээр сарын 10-нд буюу өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийж, маргааш Конгресст үг хэлэхээр төлөвлөөд байна.


Түүнчлэн Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркосыг оролцуулсан гурван талын дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ бол Японы Ерөнхий сайдын сүүлийн есөн жилийн хугацаанд АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал юм. 2015 онд Ерөнхий сайд асан Абэ Шинзо АНУ-д ийм түвшний айлчлал хийж байв.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг