
Эдийн засагч Р.Шинэгэрэлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Сайн байна уу. Та өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөдөр манай эдийн засагт хэд хэдэн асуудал үүсчихээд байна. Инфляц хоёр оронтой тоо руу орчихлоо. Долларын ханш 3500 давчихлаа. Манай эдийн засгийн хамгийн гол бүтээгдэхүүн болох нүүрс маань урд хил дээр овоорсон байдалтай, үнэ нь нэлээн унасан төлөвтэй, нөгөө маш том данхар төсөв маань тодотгол хийх үү үгүй юу гэдэг нь маргаантай нөхцөл байдалтай байна. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдээгүй байна. Бүтээмж сайжраагүй, төрийн эдийн засаг дахь оролцоо том хэвээрээ байна. Мөн иргэдийн санаачилга бүтээмжийг боомилсон төрийн том оролцоо татварын дарамт хэвээрээ гэсэн л нөхцөлтэй байна.
-Иргэдийн амьдрал хүндэрч инфляц маш хүнд дарамт болж байна. Засгийн Газраас энэ тал дээр анхаарч байгаа гэдэг боловч бодит байдал сайнгүй байна. Инфляцийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Ер нь энэ инфляц яг юунаас үүдээд үүсээд байгаа юм бэ? гэдгийг бид нар эхлээд маш сайн судалмаар байна. Энэ төрөөс, төрийн бодлогоос, төрийн оролцооноос болж үүсээд байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг судалмаар байна.
Миний үзэж, судалж байгаагаар бол энэ инфляц ерөөсөө манай төрийн том бүтцээс, төрийн том оролцооноос төр эдийн засгийн бүх юмыг зохицуулах гэж оролдож байгаагаас болж байна.
Ийм учраас үүнийг үнэхээр бууруулж, иргэдийн өнөөдөр гар дээрээ авч байгаа цалин орлого инфляцийн өсөлтөд идэгдэхгүй байх ямар нөхцөл байгаа гэхээр энэ яам, тамгын газрын тоог 2-3 дахин цөөлөх хэрэгтэй. Энэ төрийн эдийн засагт оролцож байгаа оролцоог хязгаарладаг маш олон дүрэм журам хууль байгаа бол энэ хууль журмаар багасгах хэрэгтэй. Өөрсдөө зах зээлийн зарчмаараа явдаг тогтолцоо руу очихгүй бол бид нар энэ инфляцийг хэзээ ч хязгаарлаж чадахгүй. Өөрөөр хэлбэл үүнийг төрийн оролцоогоор захиргааны аргаар хэзээ ч шийдэж чадахгүй.
-Засгийн Газраас явуулж буй эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ? Засгийн газар хэр сайн ажиллаж байгаа вэ?
-Засгийн Газар маш хангалтгүй ажиллаж байна. Огцор гэдэг шаардлагыг иргэд олон нийтийн зүгээс бараг сүүлийн хоёр гурван сар тавилаа. Гэтэл өнөөгийн манай Засгийн Газар үнэхээр дарангуйллын дэглэмийг л бүтээж байна. Бүх намуудаа өөртөө авчихсан, УИХ дээр хүртэл дарангуйлал тогтоосон хэзээ ч огцрохгүй мэт байдалтай байна. Тэр үүднээсээ бүх зүйлд оролцож байгаа ийм том бүтэцтэй Засгийн газраас сайн эдийн засгийн бодлого гарна гэж хэзээ ч байхгүй.
Эдгээр намууд төсвөө яаж тэлж, УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөөсөө яаж ухарч бүтэц орон тоогоо нэмж байгааг бид нар харж байна. Мөн төрийн өмчийн компаниудыг ерөөсөө цомхотгохгүй байна.
Бүр өнөөдөр л гэхэд Аялал жуулчлалын сайд нь аялал жуулчлалын төрийн өмчийн компани байгуулна гээд яриад явж байна. Бусад төрийн өмчийн байгууллагууд дээр энэ гурван нам хамтран бүтээмжийн менежер, хяналтын менежер, бүрэн эрхт төлөөлөгч сүүлдээ бүр тусгай үүрэгт элчин сайд гэх мэт орон тоонуудыг нэмж байна. Ийм тохиолдолд энэ эдийн засгийн бодлого хэзээ ч иргэдэд үр ашгаа өгөхгүй. Ийм л дүр зурагтай байна.
Магадгүй энэ нь тэр дарга тойрсон дарга анги намын нэрээр дээд хэсэгт байдаг хэсэг бүлэг хүмүүст л үр өгөөж нь очиж магадгүй. Нөгөө авлигын индекс, эдийн засгийн эрх чөлөөний индекс бүгд ухарсаар л байна. Энэ тохиолдолд эдийн засгийн тийм үр ашигтай бодлого явуулж байна гэж хэн ч хэлж чадахгүй. Хэлэх ч боломжгүй.
Маш олон мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа ч үүнийг бүгдийг нь төрийн оролцоотой шийднэ гэж ярьж байна. Төр үүнд оролцоно гэдэг бол тэнд хулгай луйвар, төрийн монополь газар авна. Тэндээс сайн үр дүн гарахгүй. Хамгийн эхний нэг том төсөл болох Газрын тосны үйлдвэр хэзээ эхэллээ. Одоо бараг 6, 7 жил болж байна. Өнөөдөр түүний өртөг нь анхны өртгөөсөө бараг 2 дахин өссөн байдалтай байна. Энэ төсөл дуусахдаа анхны өртөг нь хоёроос гурав дахин өснө. Уг төсөл дуусахаар түүхий эдийн эх үүсвэр байгаа эсэх нь өнөөдөр бүгд маргаантай байна. Тэр утгаараа төр бизнес хийхээр ийм л үр дүн гарна.
-Эдийн засагчид Монгол Улсын эдийн засагт эзлэх төрийн оролцоо их байгааг их шүүмжилдэг. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
-Эдийн засаг дахь төрийн оролцоо маш өндөр байгаа. Үүнийг бид нар бүгд мэдэж байгаа. Үүнийг яаж бууруулах вэ гэвэл нэгдүгээрт энэ төрийн бүтцийг хоёроос гурав дахин багасгах хэрэгтэй. Мөн төр эдийн засагт оролцож байгаа янз бүрийн хууль, дүрэм журам эдгээр хязгаарлалтуудыг эрс багасгах хэрэгтэй. Төр бизнес хийдгийг болиулах хэрэгтэй.
Ямар ч уул уурхайг хувийн хэвшил аваад явж чадна. Яагаад заавал тэр хэвийн явж байгаа бизнесүүдээс 34 хувийг нь булааж авах гээд байгаа юм. Татвараа аваад л татварыг үр дүнтэй үр ашигтай хөгжилд хэрэгтэй зүйлд зарцуулаад явахад л болно.
Ингэж байж л энэ асуудал шийдэгдэнэ. 10 жилийн өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх төсөв 20 хэдэн хувь байсан. Өнөөдөр 38 хувь болчлоо. Энэ дээр нэмээд төрийн өмчийн бизнесүүдийн оролцоог нэмээд ирэхлээр бараг 60, 70 хувь болох гээд байна. Энэ бол ерөөсөө л социалист эдийн засаг ноёрхож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ бол хөгждөггүй эдийн засгийн модель юм.
-Засгийн газраас стратегийн орд газруудтай холбогдуулаад Ухаа худгийг “М Си ЭС” группээс авна гэсэн яриа байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Энэ тухайн үед тэр Тавантолгойн асуудал ямар хууль журмын хүрээнд яаж шийдэгдсэн гэдэг асуудлыг эхлээд яримаар байгаа юм. Тэгэхгүй бол Засгийн газар шууд л булааж авна, хүчээр авна гэдэг ийм мэдээлэл явуулаад байхаар энэ чинь эргээд гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагчдаа айлгаад байна.
Энэ өөрөө маш том эрсдэл байдаг. Эрсдлийг бизнес эрхлэгчид л үүрдэг. Тэгэхээр нэгдүгээрт тухайн үеийнхээ дүрэм журмыг хармаар байна. Хоёрдугаарт үнэхээр энэ стратегийн ордыг төрд авна гэдэг чинь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх хамгийн том мессеж болно.
Заавал төрд авснаар үр өгөөж нь иргэдэд улс оронд ирдэг гэсэн үг биш. Тийм жишээтэй орон дэлхий дээр хэд байна. Байвал нэг хоёр байж магадгүй. Хувийн хэвшил уул уурхайн хамгийн сайн төслийг хэрэгжүүлж чадна. Тэндээс татвараар дамжуулаад хамгийн сайн үр өгөөжийг иргэд хүртэж болно. Хувийн хэвшил хангалттай их татвар төлж байгаа. Харин түүнийг хамгийн байж болох үр ашиггүй байдлаар зарцуулж байгаа. Энэ өөрөө нэгдүгээр асуудал. Харин тэр 34 хувийг авна гэдэг бол бараг 100 дугаар асуудал. Өнөөдөр авч байгаа татвараа хөгжилд хэрэгтэй зүйлд цомхон бүтээмжтэй төрийн хэмжээнд зарцуулаад явсан бол манай хөгжил магадгүй 50, 60 жилээр урагшлах байсан. Түүнээс биш бизнесүүдийг булаагаад төрийн оролцоог нэмээд л байх юм бол энэ хэзээ ч үр дүнгээ өгөхгүй. Магадгүй Венесуэлийг гүйцнэ л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл социалист эдийн засгийн загвар луугаа ойртож байна л гэсэн үг. Энэ бол үр дүн авчрахгүй гэж харж байгаа.
-Зарим хүмүүсийн зүгээс манай өнөөгийн эрх баригчид социалист эдийн засгийн бодлого явуулаад байна. Өөрөөр хэлбэл Венесуэлийн араас орох гээд байна гэж ярьж байгаа. Тэр талаар та юу гэж хэлмээр байна?
-Одоо ингээд уул уурхайн бизнесийг ер нь бараг төр хийдэг болчихлоо. Засгийн газар гэдэг уул уурхайн групп компанийн ТУЗ шиг л болчихлоо. Долоо хоногийн хурал болгоноороо төрийн өмчийн компанийн асуудал, уул уурхайн компанийн асуудал ярьж байдаг.
Засгийн газар гэдэг чинь бодлого ярьдаг, бодлого боловсруулдаг газар болохоос биш бизнес хийдэг газар биш. Тэр утгаараа энэ бол ерөөсөө тэр чигтээ дэлхий дээр дампуурсан орнуудын загварын араас л яваад байна.
Тэрнээс биш уул уурхайн бизнес гэдэг бол зөвхөн төрөөс өөр газар хийж чаддаггүй тийм бизнес биш. Маш сайн хувийн хэвшлүүд хийгээд, хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлээд, хангалттай татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлж болдог ийм л бизнес. Тэр төсвийг зөв зарцуулах юм бол улс орон хөгжинө. Тэгвэл өнөөдөр яаж байна. Нүүрс их хэмжээгээр экспортлож байсан, нүүрсний үнэ сайн байх үед ямар ч хуримтлал хийсэнгүй. Бүгдийг нь зараад дуусчлаа.
Ийм загвараар явах юм бол манайд хэзээ ч тэр баялгийн санд нь мөнгө хуримтлагдахгүй. Хэзээ ч энэ улсад нөөц бий болохгүй. Энэ өөрөө баялгийн хараал руугаа л явж байна гэсэн үг. Тэр жишээ нь Венесуэль дээр тохиолдсон.
Газрын тосны үнэ дэлхий дээр хамгийн өсөлттэй байх үед 21-р зууны социализм коммунизмыг байгуулна гээд л дайрсан. Гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөсөн. Дотоодын хөрөнгө оруулагчдаа шоронд хийсэн. Үр дүнд нь яасан. Эргээд тэр нефть өссөн үнэ нь унангуут тэгээд л сүйрэл рүүгээ очсон. Тэгэхээр манайх шиг энэ эдийн засаг нь уул уурхай, хоёроос гурван бүтээгдэхүүнээс хамааралтай ийм улсад тэр бусад улс орны алдааг давтахгүй тал дээр маш сайн анхаарах ёстой. Харамсалтай нь тэгж чадахгүй байна.
-Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд юуг анхаарах ёстой гэж та үздэг вэ?
-Нэгдүгээрт бид нарт өнөөдөр үнэхээр энэ бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд өрсөлдөх бүтээгдэхүүн юу байна гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үндсэн түүхий эд нь Монгол оронд байдаг ямар бүтээгдэхүүнийг бид хийж чадах юм гэдгээ эхлээд тооцох ёстой. Тэгэхээр энэ дээр бид нар хэдхэн зүйлийг нэрлээд байна. Нэгдүгээрт уул уурхай байна. Энэ гаргаж байгаа түүхий эдээ бид нар анхан шатны болон дараагийн шатны боловсруулалт хийж чадах уу?
Хоёрдугаарт бид нар хөдөө аж ахуйн уламжлалт эдийн засагтай орон. Энийгээ эрчимжүүлж экспорт хийдэг болж чадах уу? Гуравдугаарт манайд аялал жуулчлалын нөөц байгаа.
Үнэхээр жилдээ сая жуулчин авдаг больё гэсэн зорилго тавьбал бид нарт ахиад хоёроос гурван том онгоцны буудал хэрэгтэй болно. Бас улс хооронд явдаг тохилог, орчин үеийн хурдан галт тэрэг хэрэгтэй болно.
Мөн гадаадын жуулчид хөдөө орон нутгаар явбал үзүүлэх үзүүлбэрүүд нь яг гадны аялагч жуулчдын сонирхлыг татахуйц хэмжээний тийм чөлөөт бүсүүд хэрэгтэй байгаа. Ийм л хэдэн чиглэлүүд бид нарт байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд бид нарт нэгдүгээрт хууль эрх зүйн тогтвортой орчин хэрэгтэй байгаа. Мөн хөрөнгө оруулагч нараа хамгаалдаг, тэд нарын эрх ашгийг хамгаалдаг татварын таатай орчин хэрэгтэй байгаа. Эдгээр нөхцөлүүдийг бүрдүүлж байж л бид нарын бизнес цаашаа явна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхийн тулд яг ямар бодлого явуулах шаардлагатай вэ?
-Бид нар өнгөрсөн хавар гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж чадаагүй. Бүгд л газар нутагтаа хайртай хүн болоод л хэсэг популист улс төрчдийн популизмд итгээд л 100 жилээр газраа өгөх юм байна гээд улс төржилт болоод тэр хуулиа баталж чадаагүй. Яг энэ мэтийн зүйл чинь л гадаадын хөрөнгө оруулагчдын хөлийг тушаад байна.
Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчид манайд орж ирэхээс айж байна. Засгийн газарт нь өмчөө дээрэмдүүлэх юм байна. Улс төрчдөд нь мөнгөө дээрэмдүүлэх юм байна. Гэмт хэргийн бүлэглэлүүдэд нь ч дээрэмдүүлж мэдэх юм байна гээд айж байна.
Ийм аюултай нөхцөл рүү ямар ч хүн, ямар ч бизнес наашаа орж ирэхгүй. Өнөөдөр Америкийн Ерөнхийлөгч Трамп тангаргаа өргөснөөс хойш гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яаж идэвхитэй ажиллаж байгааг хар. АНУ чинь өөрөө дэлхийн супер гүрэн. Тэгэхэд манайх гадаадын хөрөнгө оруулалтыг зүгээр л үргээж байна. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр улс орон хөгждөггүй гэдгийг эхлээд бүх түвшиндээ ойлгомоор байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Тэгээд энэ ойлголтоосоо эхлээд тогтвортой хууль эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулагч болон түүний оруулсан хөрөнгийг хамгаалж чадах итгэлийг бид тэр хүмүүст төрүүлэх ёстой.
-Ер нь энэ 2025 онд Монгол Улсын эдийн засаг хэр өсөлттэй гарна гэж та таамаглаж байна?
-Одоо таамаглахад маш хэцүү болчихлоо. Төсөв баталж байх үед манай Засгийн Газар их өөдрөг байсан. Үүний дараагаар нүүрсний үнэ нэлээн уналаа. Мөн АНУ-аас үүдэлтэйгээр улс орнуудын хоорондох худалдааны болон тарифын янз бүрийн асуудлууд үүсч байна.
Мөн хойд хөрш болон урд хөршид улс хоорондын тариф, татварын асуудлууд нэлээн эрчимтэй яригдаж байна. Одоогоор яг яах нь тодорхой мэдэгдэхгүй байна. Ийм үед бид хамгийн хэмнэлттэй горим руу шилжих ёстой. Яагаад гэвэл бүх юм тодорхой бус байна.
Мөн нөгөөтэйгүүр экспортын үндсэн бүтээгдэхүүн маань үнэ болон хэмжээний хувьд асуудалтай байна. Бас энэ том улс орнуудын хоорондох эдийн засгийн асуудал шийдэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл яаж ч мэдэхээр байна. Тийм учраас бид бүрэн хэмнэлтийн горимд шилжиж, төсөвтөө тодотгол хийж, ахин таналт хийгээд ямар ч зүйлд бэлэн байх ёстой. Харин түүний дараа асуудал тодорхой болно гэсэн үг. Яагаад гэвэл хэдхэн сарын өмнө төсөв баталж байх үеийн нөхцөл байдал өнөөдрөөс нэлээн өөр болчихоод байна.
-Сүүлийн үед Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэж магадгүй гэсэн яриа явж байгаа. Хэрвээ энэ байгууллагад элссэн тохиолдолд манайд хэр ашигтай вэ?
-Энэ хэлэлцээрт орсноор ерөнхийдөө манай улс нөгөө импортлогч орон гэдэг статусаа улам нэмэх гээд байгаа. Энэ нь эргээд маш олон жил энэ татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгч босгох гэж зүтгэж ирсэн дотоодын хэдэн үйлдвэр, аж ахуйн нэгжид ирэх хүндрэл ачааллыг улам л нэмнэ. Үүнийг тооцох ёстой гэж харж байгаа. Хамгийн сүүлд хийсэн хэсэг эрдэмтдийн судалгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүн 6,5 хувиар буурч магадгүй.
Энэ нь төсөөлж байгаагаас илүү манайд сөрөг зүйл нь их байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байгаа. Хамгийн анхаарах ёстой зүйл нь гэвэл энэ талаарх хангалттай мэдээлэл судалгаа байхгүй байна. Мөн Засгийн газар тийм мэдээлэл судалгааг бид нарт гаргаж өгөхгүй байна.
Гоё болно гэдэг зүйлийг ярьж байгаа боловч нарийн суурь судалгаанууд алга. Үнэхээр нарийн тооцоолсон тийм судалгаанууд байгаа бол түүнийгээ бизнес эрхлэгчид, судлаачид иргэдийнхээ өмнө нээлттэй байлгамаар байна. Гэтэл тийм зүйл алга. Зүгээр нэг гоё болно гэдэг өгүүлбэрт хэн ч итгэхгүй байна. Энэ өөрөө маш эрсдэлтэй байж магадгүй ийм хэлэлцээр болчихоод байгаа. Тэгэхээр маш сайн ярилцах хэрэгтэй. Үүнийг бүх түвшинд УИХ-аар заавал оруулж хангалттай хэлэлцүүлж байж энэ хэлэлцээрийг шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
-Орос Украины дайн болон геополитикийн нөхцөл байдалтайгаар холбоотой дэлхийн эдийн засаг ер нь ямархуу байдалтай байна гэж та харж байна?
-Яг энэ сүүлийн өдрүүдэд уг дайны галыг 30 хоногоор зогсоох АНУ болон Орос, Украин, Европийн холбоо оролцсон ийм гэрээ хэлэлцээрүүд нэлээн явагдаж байна. Энэ нөхцөл байдлаас эдийн засгийн байдал нэлээн хамаарах байх. Тэр утгаараа АНУ ямар бодлого баримтлах мөн Оросын эдийн засагт ямар өөрчлөлт гарах нь одоогоор тодорхой бус байна. Энэ дайны гал зогсох уу, эргээд энэ хэлэлцээр нь хэрэгжихгүй энэ дайн үргэлжлэх үү гэдгээс хамаараад дэлхийн эдийн засагт нэлээн өөрчлөлт гарах байх. Үүнийг дагаад манай эдийн засагт ямар асуудал үүсэх вэ гэдгийг яг одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Монгол банк хэр сайн ажиллаж байгаа вэ?
-Өнөөдөр манай энэ төрийн байгууллагууд дотор хамгийн сайн судалгаа шинжилгээтэй, хамгийн шилдэг хүний нөөцтэй байгууллага бол яах аргагүй Монгол банк. Тэнд манай хамгийн сайн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд ажилладаг. Энэ бол сайн зүйл. Харин Монгол банк Засгийн газраас, улс төрчдөөс үнэхээр хараат бус ажиллаж чадаж байна уу гэдэг бол өөр хэрэг. Тэгэхээр бид нар Монгол банкны удирдлагуудын томилгоог яаж улс төрөөс хараат бус болгохов гэдэг дээр анхаарах ёстой. Хэрвээ Монгол банканд үнэхээр бие даасан хараат бус институтээр ажиллах тэр нөхцлийг нь бүрдүүлж өгч чадвал тэд ажлаа хамгийн сайн хийхэд бэлэн байгаа.
-Ер нь өнөөгийн манай энэ эрх баригчид өнгөрсөн хугацаанд чадварлаг эдийн засагчдийнхаа үгийг сонсож байсан удаа бий юу?
-Ер нь манай Засгийн газар болон улс төрчдөд нэг асуудал байдаг. Эрдэмтэд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтайгаа маш тааруу хамтарч ажилладаг. Тэд нарынхаа үгийг бага сонсдог. Ийм байдал олон жилийн туршид давтагдсаар ирсэн. Харин сүүлийн үед гарч байгаа ахиц дэвшил гэвэл төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэх мэт төсөв, эдийн засгийн асуудалд хараат бусаар дүгнэлт хийдэг ийм байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Энэ бол сайн хэрэг. Энэ хүмүүсийн үг болон тэдгээр хүмүүсийн хийсэн судалгаа дүгнэлтүүд харьцангуй бодлогын шинж чанартай шийдвэрүүдэд тусдаг болоод эхэлж байна. Мөн үүн дээр нэмээд бусад институтууд, их дээд сургуулиуд, хараат бус судлаачидтай хамтран энэ төсөв эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг болгох цаашлаад иргэдээрээ хэлэлцүүлдэг болох шаардлагатай. Ингэснээр иргэддээ үнэн зөв ойлголт өгдөг, иргэд нь эдийн засаг, бизнесийн мэдлэгтэй, төсвийнхөө үйл явцад оролцдог болж эхлэх ёстой. Тэгэхээр энэ зам руугаа бас тодорхой хэмжээгээр явж байгаа гэж харж байна.
-Өнөөдөр манай улсад татварын бодлого хэр зөв явж байгаа вэ?
-Татвар төлөгчид өнөөдөр хангалттай сайн ажиллаж байна. Энэ 2025 онд татвар төлөгчид 33.5 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт тушаах ёстой. Үүний 96 хувь нь татвар төлөгчдөөс бүрдэж байгаа. Нэмүү өртөгийн албан татвар, аж ахуйн нэгжийн ашгийн татвар, хувь хүний орлогийн албан татвар үүн дээр нэмээд нийгмийн даатгал болон бусад татварыг улсад тушаах ёстой. Гэхдээ эдгээр татварууд тэд нарыг үнэхээр дарамталж байна. Иргэд нь өмчтэй, орлоготой дундаж давхрага болж чадахгүй байна.
Жижиг дунд бизнесүүд нь хөл дээрээ тогтож, хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Үнэхээр энэ татвар болон төрийн дарамт хоёроос болж яг сөхрөхөд бэлэн болчихоод байна. Тийм учраас энэ татварын хуулиуд дээр өөрчлөлт хийх ёстой.
Энэ татварын дарамтыг бууруулах ёстой. Нийгмийн даатгалын бүрэн цогц шинэчлэл хиймээр байна. Өнөөдрийн нийгмийн даатгалын энэ тогтолцоо манайд явахгүй гэдэг нь нэгэнт батлагдсан. Энэ дээр яаж ч хичээгээд энэ цаашаа явахааргүй болчлоо. Тийм учраас энд ямар нэгэн том шинэчлэл хийх ёстой. Энэ их татварыг бууруулах гэхээр нөгөө нүсэр том төр нь өөрөө бензингүй болчих гээд байна. Тэгэхээр ахиад л нөгөө төрийн бүтэц тогтолцоогоо хоёроос гурав дахин жижигсэж байж л энэ татвар төлөгчид дээр ирдэг татварын ачааллыг бууруулж чадна. Тийм учраас манай бодлого боловсруулагчид татварыг үнэхээр бууруулая гэж бодож байгаа бол энэ төрийн нүсэр том тогтолцоогоо багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол татварын тэр дарамтыг бууруулж чадахгүй. Өнөөдөр манайд татварын дарамт их байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд татварыг бууруулахыг хүсч байна. Энэ зөв. Яагаад гэвэл иргэд өмчтэй, баян орлоготой болж байж л энэ улс хөгжинө. Түүнээс биш улс нь мөнгөтэй болсноор улс хөгждөггүй.
Иргэд мөнгөтэй болохын тулд бага татвартай байх ёстой. Иргэдийн ашиг сонирхолд нийцсэн нийгмийн даатгалын тогтолцоотой байх ёстой. Тэтгэврийн шинэчлэл хийгдэх ёстой. Мөн эрүүл мэндийн даатгалын шинэчлэл хийгдэх ёстой.
Нөгөө талаар төрийн бүтэц цомхон болсноор бүх юманд оролцохоо болино гэсэн үг. Яг л хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Харин бусад нь өрсөлдөөнийхөө зарчмаар өөрсдөө тэмцээд хөгжөөд явах ёстой. Манайд нэг буруу ойлголт байдаг. Хувь хүмүүс, хувийн компани их ашиг олохоор нөгөө ашгаа тэврээд л бурхны орон руу ганцаараа явах гэж байгаа юм шиг уулгалдаг ийм нэг хуучин социалист сэтгэлгээ байдаг. Үүнээсээ бүгдээрээ салах хэрэгтэй. Хувь хүн, хувийн бизнес их ашиг олох үед дахиад шинэ бизнест хөрөнгө оруулалт хийдэг. Ажлын байр бий болдог. Татварын баазыг өргөтөдөг. Шинэ ноу-хау, шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг бий болгодог. Энэ нь өөрөө тэр чигтээ л улсын хөгжлийг урагш нь авч явдаг. Төр хэзээ ч бизнес хийж, улсыг хөгжүүлдэггүй. Үүнийг л бид маш сайн ойлгох ёстой. Тийм учраас энэ боож хаагаад байгаа татвар болон төрийн энэ бүх дарамтыг яаралтай бууруулах хэрэгтэй байна.
Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Ярилцсан Ж.Батдорж
Сэтгэгдэл15
Дэмжиж байна. Хүрэлсүх гэж нэг хурандаа сүүлийн 10 жил энэ улсын байдал төрхийг төрийн дарангуйлалтай хачин юм болгочихлоо.
Bas neg ih medegch
“М Си ЭС” групп шиг их бүтээн байгуулалт хийсэн, хамгийн их татвар төлсөн, шилдэг инженерүүдтэй компани байна уу Монголд.
Хэрэггүй дээ. Дараагийн сонгууль болсоны дараа сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулна гээд дор нь төрийн албанд томилж оруулаад буцаагаад ихэсгэчихнэ.
songuuliar tsunkch barij alban tushaald gorilogchdiig horison huuli batlaad boloo. toriin alba mergeji, chadbaraar orsoldoj songogdono. kharin uls toriin alban tushaalaa namuud ni medne biz .hudal surjignekhee bolio kho
Төрийн алба мэргэжил чадвараар орсолдож сонгогдоно гэсэн хуулийг батлаад 20 гаруй жил болж бн. Гэвч ямар ч нэмэргүй. Сонгуулийн шагналаар хуультай хуульгүй төрийн албан хаагч болгочихдог юмоо. Манайх шиг арын хаалганы эзэнт гүрэнд ямар ч хууль байгаад нэмэргүй. Хэрэгждэггүй. Цагаа тулахад шууд уландаа гишгэнэ. 150-160 мянган төрийн албан хаагчтай дагхар том төр ингэж л бий болсон. Харин үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс нь гэж ЖДҮ ийн зээлд рамрагдаэ чаддаггүй цөөхөн хэдэн иргэд байдаг. Ийм улс яаж хөгжих вэ.
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!
УИХ-ын гишүүдийн тоог нэмээд 126 болгосон. Өөрчлөлт гарсан уу гэвэл онцын өөрчлөлт алга л гэж хэлмээр бна. Төсөл бодлого боловсруулах байтугай өргөсөн тангарагийнхаа утга учрыг мэдэхгүй, жагсаалт гэгчээр орж ирсэн зарим хүмүүс ёс зүйгүй зан авир гаргаж байгаа нь хурлын нэр хүндийг унагаж бна. Иймд УИХ-ын гишүүдийн тоог эргэн харж, тэр чадвар муутай хүмүүсийг чөлөөлж улсын төсвийг хэмнэмээр бна.
Төрийн данхар бүтэц юм болгоныг зохицуулах гэснээс болсон юм биш. Зөвхөн өөрсдийн суудлаа хадгалахын тулд түүнийг нь түшиж тулж байх хүч нэмж, 126 гишүүнтэй болгож, тэдний цүнх баригчдад сандал ширээ бэлдэж өгч, бүр гадаадад хүртэл сандал суудал бэлдэж өгсөөр данхайчихаад байна. Санаатайгаар төрийн үйл ажиллаагааг хориглох агуулгаар мушгин гуйвуулж ярьж болохгүй ээ либералчлагч минь
шал марзан сонин гар байшд, улаан гацартай яджаахад ха ха. Ярьж байгаа юм нь ч авах юм түй ч алга. Улс төр рүү орох гээл майжигнаж яваа арчилсан намын хөдөөний гаруудын нэг байх даа бодуул чаоос
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төрийн цагдаа хөлсний цагдаа болсон. Сайны дохио биш
Энэ эдийн засагч гээд байгаа нөхрийг би ерөөсөө ойлгохгүй юм,хаана,ямар сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн юм бол шувт лайвдсаар байгаад л нэр хүнд олох маягтай болчих юм,мэргэжил нэгтэй ахмад хүний хувиар эхлээд хааяа хэлсэн бичсэн зүйлийг хардаг байлаа гэтэл заримдаа бүүр эргэлзээ төрүүлмээр үндэсгүй зүйл хэлж бичиж байх юм,сүүлдээ тоож унших харахаач байсан,ёстойл нэр зүүсэн хоосон хөндий цээж,толгой юм байна даа гэж хардаг болсон,ХАОАТ-ыг 1% болгоно ч гэх шиг Төр,Улс орон чинь яаж оршин тогтнох вэ ? багасга,бууруул гэхийн оронд ингэж иргэдийн тархи угаах юм,ийм хүнээс ярилцлага авч байх гэж,Б.Энхбаяр гм эдийн засагчдаас л сэтгүүлчид урьж асууж баймаар юм,энэ бол зүгээр л попорсон хөөс,хуулбарлагч.
Засгийн газарт эдийн засагчид бий Тэр дундаа шилдэг эдийн засагчид тэнд байгаа. Эдийн засгаа хувийнхнаар хөтлүүлбэл юу болдгийг бид мэдсэн, одд ч сүйрүүлсээр байна. Тиймээс баяжсан цөөн хэдийн захиалгаар иймэрхүү бурагчдыг хазаарлаж олон нийт цаад учрыг нь мэдэж байх хэрэгтэй. Засгийн газар , түүний дээр байгаа нөхөд харин сайдын суудлаа мөнгөөр изардгаа болих хэрэгтэй.
MCS-n buunii nohoi......Zailaa.....