sonin.mn
УИХ-ын болоод НИТХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, даруй гурав дахь жил нь эхэлж байна. Гэсэн хэдий ч тус намын дотоод зөрчил гүнзгийрч, үүнээс үүдэлтэй төрийн ажилд саад тотгор учирсаар буй юм.
Жишээ нь Монгол Улсын хүн амын тал нь шахам амьдардаг Улаанбаатар хотыг хариуцан ажилладаг МАН-ын нэгж болох Нийслэлийн МАН-ын хороо гэхэд л даргагүй өдийг хүрээд байна. Нийслэлийн МАН-ын дарга бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, дуулиант "60 тэрбум"-ын схемийн зохиогч, санаачлагчдын нэг  Ц.Сандуй 2017 оны аравдугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Иймээс ч Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, даргаа шинээр сонгох ёстой.
МАН-ын Үндсэн дүрмийн 4-ийн 11.3-т “Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож. төлөөлөгч сонгох журмыг батална” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн МАН-ын хорооны ээлжит хурал  товлогдсоноосоо хойш сарын дараа болох учиртай. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ долоо хоногийн сүүлээр тов гарч, ирэх тавдугаар сарын дундуур Нийслэлийн МАН-ын хорооны хурал хуралдах бололтой. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх ихээхэн сонирхолтой байгаа ч намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч, ялалт байгуулах магадлал бага байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Учир нь Сундуйн Батболд тэргүүтэн нийслэл Улаанбаатар хотыг удирдсан өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь ажил нь иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа тул Нийслэлийн МАН-ын хороог түүнд удирдуулах маш буруу шийдэл болно гэж МАН-ын лидерүүд хийгээд жирийн гишүүдийн зарим нь үзэж буй аж. Үнэхээр ч МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан хүртэл түүнд шүүмжлэлтэй хандаж, "Хотын засаг дарга С. Батболд, НИТХ-ын дарга С. Амарсайхан нарт
Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юмаа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй!
Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй , баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн. Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод." гэж байсан билээ. Товчхондоо бол Сундуйн Батболд Нийслэлийн МАН-ыг удирдаж чадахгүй, улам дордуулчихаж мэднэ гэсэн уур амьсгал МАН-д давамгайлж байна.
 
н.Отгонбаяр