sonin.mn
Дээд зууны отгон он буюу 1999 оны зун. “Зууны мэдээ” сонин санаачлан “Зууны манлай”-нуудыг тодруулж асан цаг. ХХ зууны манлай найрагчаар БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулан тодорлоо. Баасанжавын Ганболд эрхлэгчээс манлай найрагчийн тухай хөрөг бичих үүрэг авдаг юм. Дорнын хөлгөн их найрагчийн бүтээл туурвилыг уншиж цээжилж, шүтэж биширч байснаас өөрийнх нь тухай бичнэ чинээ ёстой л “зүүдэлсэнгүй явлаа”. Ерөнхий эрхлэгчийн даалгавар шиг том, хүндтэй  даалгавар өдөр тутмын сонины сурвалжлагч хүнд өөр юу байхсан билээ дээ.
Тэр завшааны далимаар Монголын оюун санааны ноён оргилуудтай уулзаж үгийг нь сонсох сайхан хувь тохиосон доо. “Б.Явуухулан Отгонтэнгэрийн хормойд төрснөөрөө том найрагч болсон. Хэрвээ тэнд төрөөгүй бол “Би хаана төрөө вэ”, “Тэхийн зогсоол” гэсэн тэнгэрлэг найраглалуудыг би­чихгүй байсан байж болох. Түүний нурууны хөх толбо Отгонтэнгэр уулын дүрстэй байсан байх гэж би боддог” гэж Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай хэлж байв.
“Б.Явуухулан яруу найргийн ширгэшгүй ундаргаараа Монголын уран зохиолын их далайд боргилон цутгасан цэнгэг уст мөрөн. Түүний найраг шүлгийнх нь мөрүүдэд хөгжмийн хөг ая, яруу уянга шингэн нууц­лагдаж, эрдэнийн шигтгээ мэт гялалзаж байдаг” хэмээн хөдөл­мөрийн баатар, Төрийн шагналт, хөгж­мийн зохиолч Дагвын Лувсан­шарав гуай ярьж байсан. “Аливаа найрагт, найрагч бүхний давах гурван оргил байдаг. Утга санаа, уран дүр, уянга эгшиг гэсэн. Энэ гурван их оргилыг авьяас, ухаан, хөдөлмөр гэсэн гурван хүчирхэг жигүүртэй аавын хүү давдаг. Тэр бүхэн Явууд байв.
Бас энэ гурван давааг давагч өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагт амьдардаг гэх. Явуу гурван цагийн зочин гэдэгт би итгэ­дэг. Явуу хүний орчлонд “Өөрөө уйлж ирээд өрөөлийг уйлуулж буцахын” хоо­ронд юу бүтээж амжсаныг түүний шүлгүүд бүрнээ харуулж чадна. Яаралгүй, зэрэмдэглэлгүй, эхэлснээ гараас гаргадаг нь Явуугийн гол чанар, хойчийн олон найрагчийн их том сургууль байсан юм” хэмээн Төрийн шагналт, Ардын уран зо­хиолч Дөнгөтийн Цоодол багш бичиж өгөв.
Тэр сацуу Хүүхэлдэйн театр орж, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ахтай уулзлаа. Багшийнхаа тухай “Б.Явуухулан бол яруу найргийн их хувьсгагч. Тэрээр намжсан, улстөржсөн байдлаас Монголын уран зохиолыг аварсан юм. Түүнийг дагаж монгол хайр, монгол сэтгэл, монгол дур зорго яруу найрагт орж ирсэн. Тэр бас өрнө дорнын гэгээн зааг дээр төрсөн их найрагч. Чингэхдээ аль алиныг нь хохироогоогүйгээсээ гадна аль амттайг нь түүж чуулснаараа ХХ зуун байтугай XXI зуунд ч шилдгээрээ үлдэнэ гэдэгт би эргэлздэггүй” хэмээн өгүүлж билээ.
 
Өрөөнөөс нь гарахад хэлсэн “Чи манайхаар ирж бай. Орж гарч бай” гэснийг нь би 100-гаа байг гэхэд 70-80 хувьтай биелүүлж боломж гарвал л Хүүхэлдэйн театр руу гүйгээд очдог болсон сон. Лхагваа ахын гашуун боловч үнэн, амттай үг яриаг нь сонсохоороо л нэг болсон. Бага нас, аж амьдрал, бүтээл туурвил, хуульчдын тухай ч ярилцаж, ярилцсанаа сонин, сэтгүүлд хэвлүүлж явлаа.
Улсын драмын эрдмийн тетарын тайзнаа тоглосон “Атга нөж” жүжигт нь зориулж “Бадрангуй урлаг” ТББ-ын хэдэн нөхөдтэйгөө сэтгүүл гаргаж байлаа. Жүжигт зориулсан анхны сэтгүүлийг гаргасан л юм даа, бид. Хожим “Бадрангуй” гэж шүлгийн номоо редакторлож өгнө үү хэмээн бариад очиход минь Лхагваа ах уриалгахан гэгч аваад “За би уншина аа. Гурав хоногийн дараа ирээрэй” гэдэг юм. Хэлсэн өдөр нь яваад очлоо. Уншжээ. Хэвлэж өгсөн эх нооргийг маань эргүүлж тойруулан “Аятайхан шүлгүүд байна” л гэнэ. “Энэ хүү хоёр охинтой юм байна гэж хөгшинтэйгээ хоёул ярьж суулаа. Чиний шүлгүүд дотор харгис, түрэмгий мөр ер таарсангүй. Олон охин хүүхэдтэй эр хүний сэтгэл уян болчихдог юм даа” л гэнэ.
“Монголын яруу найрагт үйл явдлын шүлэг сонсогдохоо байлаа. Дандаа л тоочсон шүлэг зонхилж байна. Чиний тэр аавдаа зориулсан шүлэг… хүний нутагт яваа хүүгээ даарчих вий гээд зүүдэнд нь нар тэвэрч ирж байгаа аав…аавынхаа авчирсан наран дотор хөлбөрөөд өглөө нь орноосоо босохгүй байгаа хүү…их сайхан” гэснээ үргэлжлүүлэн
 
Гандаж хэлтгий явахад зэмлэх
Гаатай чихэр шиг үгтэй
Өвөгчүүлийн
Өвдөг тохойг түшиж хуучилсан
Үнэн худал зэрэгцэж сундалсан
Үгийн явган шуурганаас толгодоо өмөөрч
Зөрж зогссон
Зөөлөн уул аав минь
Зөв бурууг ялгах гашуун амт
Алганд нь байдаг
 
Хатуу уул аав минь…гэнгүүтээ л “дүрэлзээд” явчихсан. “Ийм сайхан санаа олчихоод ингээд буруу бичиж байгаа юм даа. Утгын том алдаа… Үр хүүхдээ өмөөрч байгаа эцэг хүн томын өмнө л том, хатуугийн өмнө л хатуу байдаг юм. Эцэг хүн хайрлахдаа, харамлахдаа л хүүхдэдээ алганы амт үзүүлдэг. Эцэг хүний хайр алгандаа байдаг юм. Бодохгүй байна. Бодсон ч дутуу бодож байна. Тултал нь бодохгүй залхуу байна” гэснээ үзгээ шүүрч аваад зөөлөн, хатуу гэсэн хоёр үгийг дугуйлан сарвайтал нь татаж зөрүүлээд…
 
Нээрээ л
Үнэн худал зэрэгцэж сундалсан
Үгийн явган шуурганаас тол­годоо өмөөрч
Зөрж зогссон
Хатуу уул аав минь
Зөв бурууг ялгах гашуун амт
Алганд нь байдаг
 
Зөөлөн уул аав минь… гээд ун­ши­хад огт “өөр” болоод явчихсан. Аав гэдэг “зөөлөн хатуу” биш “хатуу зөөлөн” хүн гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан даа, тэгэхэд. Агуу хүний “гар хүрсэн” ганц шү­лэг минь тэр. Лхагваа ах дараа нь но­монд минь зориулж бичсэн үгээ ун­шиж өгсөн. Тэнд төгсгөлд нь “…биеийг мартан шүлгийг эр. Олсон шүлгээ эрдэнэ мэт дээдэл. Энүүн шиг их аз жаргал найрагч хүнд үгүй билээ.
 
Санаж бодохын бахыг хангаж
Сайхан бүтээл туурвиж яваарай
Олон “галбадарсан” найрагч гарааны зурхайгаас эргэсэн шүү…”  гэж бичсэн байсан.  “Сануулсан” ч гэж хэлж болох.
Сүүлд гэрт нь очиход “Зовсон сүү” номоо гаргаж ирж ширээн дээр дэлгэж тавьчихаад ярьж сууснаа үзгээ аваад “Ц.Галбадрахдаа “Бурхан чамд бүхнийг харамгүй өгсөн. Чи бурханд юу өх гэж байна!” гэж бичээд дурсгаж билээ. Өдөр хоног, сар жилүүдийн нугачаа хугачаан дунд бодолдоо бүдчиж явах хооронд…Та минь өөрөө бурхан болчихлоо. Бичиж туурвиж, урлаж барлаж байгаа бүхнээ би танд өгнө.
 
Ц.Галбадрах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин