sonin.mn
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулсан. Авьяаслаг бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киногоо өнгөрсөн баасан гарагт үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү киноны найруулагч, жүжигчин Д.ГАНЦЭЦЭГТЭЙ цөөн хором ярилцсанаа хүргэе. 
 
-Таны найруулсан анхны уран бүтээлийн нээлт сайхан боллоо. “Аримун” продакшны дэлгэцийн анхны бүтээлийг “Халуун зүрх” гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?
 
-Киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн. Хүний амьдралын утга учир бол хийсэн бүхнийг гэрчлэх мөр, амьд оршсоныг илтгэх үр хүүхэд. Киноны гол дүрийн эмэгтэй амь насаараа дэнчин тавьж хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлдэг. Бидний бүтээлийн зохиолын нэр нь “Дэлхийг тээсэн эмэгтэй” гэж байсан. Гэхдээ эх хүн нэгэн шинэ амийг хэвлийдээ төдийгүй халуун зүрхэндээ тээж төрүүлдэг. Төрүүлсэн үрээ сэтгэл зүрхэндээ цаг үргэлж халуун хайраар өлгийдөн өсгөдөг. Тиймээс “Халуун зүрх” хэмээн нэрийг нь өөрчилсөн юм. “Халуун зүрх” бол миний найруулсан анхны кино. Тиймээс киногоо ханьдаа зориулан бүтээсэн. Киноны гол дүрд ханьтайгаа зан аашийн хувьд төстэй жүжигчин сонгохыг хичээсэн. Миний сонголтод хамгийн дөхөж очсон жүжигчин бол Б.Тамир. Бидний урилгыг хүлээн авсан Б.Тамиртаа баярласнаа илэрхийлье.
 
-Жүжигчин Б.Тамирын ямар чанар танд таалагдсан юм бэ?
 
-Б.Тамир бол Монголын үзэгч дэлгэцийн урлагт орон зайгаа эзэлсэн, найруулсан бүтээл бүр нь үзэгчдэд хүрдэг залуу уран бүтээлч. Мэргэжлийн уран бүтээлчид ч түүнийг өндрөөр үнэлдэг. Би жүжигчин Б.Тамиртай 20 гаруй уран бүтээлд хамтран ажилласан. Мөн найруулагчийн гараагаа эхлүүлсэн “Тоглоом” жүжигт нь гол дүр бүтээж байлаа. Харин энэ удаад хамтран ажиллахдаа Б.Тамирын ур чадвар, сэтгэмж, мэдрэмж, бүтээлдээ хандах хандлага, бусдыг гэх сэтгэлийг нь мэдрээд бахархсан.
 
-Энэхүү кинонд бага хүү тань туслах дүр бүтээжээ. Хүү тань кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авав?
 
-Миний бага хүү Б.Хангал “Халуун зүрх” кинонд хорт хавдраар шаналж буй хүүхдийн дүрийг бүтээсэн. Хүү минь кино зохиолыг анх уншаад “Ямар инээдтэй кино вэ. Яаж өөрөөсөө эгч хүнийг хайр аа, хөөрхөн өө гэж дуудах юм бэ” гээд инээж байсан. Мөн “Ээж ээ, би киноны нэг хэсэгт нь 100 мянган төгрөгөөр тоглоно гэвэл танд ямар байна” гэж асуусан юм. Хүү минь энэ дүрийг өөрийнхөөрөө гаргах гэж их хичээсэн. Энэ дашрамд бидний үр хойч болсон хүүхэд багачууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр бүү шаналаасай. Тэдний минь хүүхэд нас үргэлж гэрэлтэй, инээд хөөрөөр цалгиж байгаасай гэж хүсье.
 
-Жүжигчин А.Ганчимэг та хоёр “Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан. Шинэ продакшныхаа талаар болон цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?
 
-Нэр гэдэг тухайн зүйлийнхээ хувь заяаны төөрөг, тавиланг дуудаж, мөн чанарыг илэрхийлдэг. Тиймээс бид бүтээл бүрээ Монголын тал нутаг шиг уудам тэнүүн байж, хүний оюуныг гийгүүлнэ гэсэн бэлгэдлээр “Аримун" нэрийг сонгосон. Энэ нь энгүй уудам, амарлингуй гэсэн утгатай. “Халуун зүрх” уран сайхны кино бол бидний ирээдүйн их бүтээлийн эхлэл юм. Цаашид хийж бүтээх санаа, төлөвлөсөн зүйл олон бий.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин