sonin.mn
“Соёмбо” сонины өмнөх дугаараас эхлэн “Цэргийн ахмадын өргөө”-тэй болох асуудлаар хэлэлцүүлгийг өрнүүлж эхэлсэн нь цаг үеэ олсон чухал сэдвийг хөндөж байна.
Цэргийн хөдөлмөр нь нэр хүндтэй бөгөөд асар өндөр хариуцлагатай алба. Миний хувьд БХЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1990 онд цэргийн тэтгэвэр тогтоолгосон ба өнгөрсөн хугацаанд Соёл урлагийн их сургуулийн аж ахуйн дарга, “Монгол кино үйлдвэр”-ийн зохион байгуулагч, зургийн дарга, Дуурь, бүжгийн эрдмийн театрт үйлдвэр ангийн дарга, ерөнхий зохион байгуулагч, боловсон хүчний даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм.
Би бээр өдгөө Зэвсэгт хүчний соёл, урлагийн ажилтны холбооны зөвлөх, мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрын ахмадын хорооны даргын сонгуульт үүргийг хүлээдэг. Энэ бүх албан тушаалд ажиллах хугацаанд ахмадуудад хандсан ажил, үйлчилгээг явуулах, бие даасан төвтэй болох асуудал хамгийн түрүүнд хөндөгдөж байлаа.
Иймд цэргийн тодотголтой төрөл мэргэжлийн холбоод ажлаа төлөвлөх, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ахмадуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний дурсамж яриаг өрнүүлэх, спорт, урлагаар хичээллэх нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор “Цэргийн ахмадын өргөө”-г байгуулах нь зүйтэй.
Энэхүү өргөөг ажил албаны болон соёл урлаг, спортын цогцолбор байхаар төлөвлөж хэрэгжүүлээсэй хэмээн зөвлөх байна. Энэхүү санал санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгоно гэдэгт итгэл төгс байна.
 
 
Чөлөөнд байгаа хурандаа Д.БОЛД