sonin.mn
Монголын баруун хязгаарт монгол орны хувь заяаг шийдвэрлэсэн олон чухал байлдаан, тулалдаан болж байсан түүхтэй. Үүний нэг нь 1921 онд Ховд хотыг цагаантнуудаас чөлөөлсөн Хатанбаатар С.Магсаржавын удирдсан байлдааны ажиллагаа байлаа. Дараа нь тулалдаанд оролцсон Хатанбаатарын цэргүүдээс улсын баруун хил хязгаарыг сэргийлэн хамгаалах үүрэгтэйгээр 300 цэргийг Ховд хотноо үлдээснээр өдгөөгийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги анх байгуулагдсан түүхтэй. 
 
Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар анги өдгөө 97 дахь жилийнхээ түүхийг бахархах гавьяа, бахдам амжилтаар бичиж явна. Энэ онд тус ангийн бүтээлч хамт олон сахилга, дэг журмыг шинэ шатанд гаргаж, хүн нэг бүрийн албаны хариуцлагыг улам нэмэгдүүлэх зорилго, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар тус ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар онцолсон. Ангийн удирдлагаас бие бүрэлдэхүүнийг ая тухтай орчинд ажиллаж, алба хаах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч ихээхэн ажлыг амжуулжээ. Эл хамт олны хувьд 2018-2019 оны сургуулийн жилд цэргийн сургалт бэлтгэлийг албан ба албан бус хэлбэрээр цэргийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, жигдрэлтийг хангах, хөгжүүлэх гэсэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. 
 
Тус ангийн хамт олон цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй зохион байгуулж, сургуулийн жилийн нэгдүгээр шатны сургалтыг амжилттай дуусгаад байгаа тухай ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Д.Бямба-Очир онцолсон. Тэрээр “Цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдаа хөгжүүлэх, хос мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлж Ховд аймаг дахь “Хөгжил” политехникийн коллежтэй хамтран хүнсний ногооны фермерийн мэргэжил эзэмшүүлж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Мөн гэрээт болон хугацаат албаны дайчдыг аймгийн дээрх коллеж, “Гурван холбоо” жолооны дамжаатай хамтран бетон арматурчин болон ойжуулагч мэргэжлээр сурган дадлагажуулж, жолооны B, C, A ангилалтай төгсгөж байна. Тэрчлэн соёл хүмүүжлийн албанаас Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх талр ч онцгой анхаарч, аймаг, орон нутгийн хэмжээнд олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хамт олны дунд идэвх санаачилгатай үйл ажиллагааг өрнүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэлээр ч багагүй ажлуудыг хийж байгаа. Тодруулбал, саяхан Ховд аймгийн ЗДТГ, Цэргийн штабтай хамтран ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон “Дөл” тэмцээний өдөрлөгийг “Нээлттэй хаалганы өдөр” болгож, орон нутгийн иргэдэд Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан. Энэ мэт хийж, хэрэгжүүлсэн ажлаа нэг бүрчлэн яривал маш их” гэсэн юм.
 
Сургалт, бэлтгэлийг чанартай явуулж, үр дүнг нь дээшлүүлж, цэргийн албыг дүрмийн дагуу зохион байгуулж, цэргийн алба хаагч нэг бүртэй өдөр тутам тулж ажилладаг нэн хариуцлагатай албыг хашдаг хүний нэг нь сургууль-байлдааны батальоны захирагч, ахмад Б.Ууганжаргал юм. Тэрээр цэргийн алба хаагчдын сурч боловсрох болоод албандаа өндөр амжилт гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь тэдний сургалтын орчин, ахуйн нөхцөл гэж үздэг. Тиймдээ ч цэргийн байрныхаа хана, таазнаас эхлээд цонх, хаалга, шал, ариун цэврийн өрөө гээд бүх зүйлийг батальоныхоо цэргүүдтэй хамтран гар, бие, сэтгэл нийлэн засаж, тохижуулжээ. Мөн тус батальоны бүрэлдэхүүн өнгөрсөн жил ангийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарсан амжилтыг үзүүлжээ. Түүний хувьд элитийн батальоноос ажлын гараагаа эхэлж Зэвсэгт хүчинд 17 дахь жилдээ алба хааж байгаагаас ахлагчийн албанд зургаан жил зүтгэсэн туршлагатай офицер. Ахмад Б.Ууганжаргал нь 2003-2009 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хааж Косово улсад явагдсан НАТО-ийн тэргүүлсэн KFOR ажиллагаанаас эхлээд НҮБ-ын болон олон улсын цэргийн ажиллагаанд хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэсэн шилдэг тэргүүний цэргийн алба хаагч юм.
 
“ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД”-ИЙГ САЙТАР СУДЛУУЛЖ БАЙНА
 
 
Ахлах ахлагч Г.Батзориг сургууль-байлдааны батарейны жагсаалын даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Анх 2008 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөж, Зэвсэгт хүчний ангид буудагч-оператороор томилогдон тус ангийн “элит” болсон ах нараасаа цэргийн хэргийн ур чадварыг сайтар эзэмшсэн нэгэн. Тэрээр 2010 оноос тус ангид сургуулийн төвийн оператор-цахилгаанчнаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогджээ.
Энэ хугацаанд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд долоо, зуны гурван төрөлтийн тэмцээнд дөрөв, гардан тулааны тэмцээнд хоёр, буудлагын тэмцээнд нэг удаа оролцсон. Эндээс маршийн болон зуны гурван төрөлтийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд цэрэгжлийн спортын дэд мастерын болзлыг хангасан байна. Үндсэн үүрэгт ажил нь батарейны жагсаалын даргын өндөр хариуцлагатай алба ба түүний албаны үүргийг нь “Цэргийн дотоод албаны дүрэм”-д нарийвчлан заасан учраас тэдгээр үүргүүдийг дүрмийн дагуу үр дүнтэй гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн байна. Тэрээр цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт, хээрийн гаралт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, цэргийн дүрмийг чанд сахиулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг чадварлаг гүйцэтгэж ирснийг батальоны захирагч, орлогч нар өндрөөр үнэлэх юм билээ. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар саяхан батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг сайтар судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа нь бидэнд мэдрэгдсэн юм.
 
Ахлах ахлагч Г.Батзориг 2018 онд ангийн хөдөлмөрийн аваргаар тодорч, аймаг, орон нутагт зохион байгуулдаг уралдаан тэмцээн, үзүүлэх тоглолтод амжилт дүүрэн оролцож ирснээрээ бахархдаг аж. Анх 2006 онд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа цэрэг спортын “Дөл” тоглолтод амжилттай оролцож, цаашлаад улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарснаар шилжин явах цомын эзэн болсон аж. Тухайн үед тэр бээр төгсөх ангийн 11 сурагчийн хамт улсын аварга болж байсан бөгөөд одоо ч тэдэнтэйгээ холбоотой байдаг гэнэ. Тэр жил тасгаараа ҮБХИС-ийн Цэргийн дээд сургууль, Ахлагчийн сургуульд урилгаар суралцах боломж олдсон нь түүний ажил, амжилтынх нь эхлэл байжээ. Түүнтэй уулзаж суухад “Миний хувьд албаны хувьд хугацаат албаны түрүүч, байлдагч нартайгаа ямагт хамт байж, тэдний сурган хүмүүжүүлэгч нь, дотнын зөвлөгч, анд нөхөд, ах нь болж ирснээрээ бахархдаг. Цэргийн албанаас халагдсан олон залуус маань баярын өдрүүдэд мэнд мэдэж, мэндчилгээ дэвшүүлж, байнгын холбоотой байдагт нь талархаж явдаг юм. Ажлын онцлог, зайлшгүй шаардлагын үүднээс өглөө, үдэшгүй цаг сунгаж ажилладаг, зарим үед 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг миний албыг хүндэлж, ойлгон ар гэрийн амьдрал, хүүхдийн сурлага, сахилгад онцгой анхаарал хандуулж байдаг хайрт хань Н.Саранзаяадаа баярлаж, хайрлаж явдгаа “Соёмбо” сониноор дамжуулан илэрхийлж байгаадаа баяртай байна” хэмээн хэлсэн юм.
 
ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ СОНИРХОЛ ИХ БАЙНА
 
 
Хатанбаатараар овоглосон Ховдын хороонд цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч нар алба хаах тун сонирхолтой байдаг нь бидэнд мэдрэгдсэн юм. Энэ зууны эхэн үед Зэвсэгт хүчнийг цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилтын хүрээнд тус ангид гэрээт цэргийн рот анхлан байгуулагдсан юм. Тус ротын гэрээт цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад амжилттай суралцахын зэрэгцээ уулын, усны, гардан тулааны тодотголтой хичээлийг тогтмол явуулж, хээрийн дадлага, сургуульд түлхүү оролцож байсан юм. 
 
Тэр ч чанараараа тус хорооны гэрээт цэргийн ротоос нэг тасгийн бүрэлдэхүүн Шри Ланк улсыг зорьж “Энхийн алхаа” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад оролцож хилийн дээс алхсан түүхтэй. Тус сургалтад оролцсон гэрээт цэргүүд “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд томилогдон үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Харин энэхүү тасгийн захирагч, түрүүч И.Мөнхжаргал нь Зэвсэгт хүчний 2004 оны тэргүүний гэрээт цэргээр тодорч явсан нь саяхан мэт санагдана. 
 
Тус ангийн гэрээт цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээний салхийг хагалж, 2012-2014 онд гурван жил дараалан тэргүүн байрт шалгарсан бөгөөд үүрд хадгалах цом гардсан түүх тэдний бахархам амжилтынх нь нэгээхэн хэсэг. Харин тэрхүү марш тактикийн тэмцээнд хоёр жил дараалан оролцож явсан гэрээт албаны байлдагч Загдсүрэнгийн Хүрэлчулуун өдгөө тус ангид мөн л гэрээт цэргийн албаа үргэлжлүүлэн хааж яваа нь бидний сонирхлыг татсан юм. Тэрээр З.Хүрэлчулуун Ховд аймгийн Зэрэг сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж 2010-2011 онд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаажээ. Хугацаат цэргийн алба хаасан намраа Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гэрээт цэргийн албанд элсэж гурван жил орчим хугацаанд албаа нэр төртэй хаасан байна. Энэ хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, цэргийн дүрмүүд, зааврын шаардлагыг чанд сахиж, цэргийн хуаранд өөрийгөө хөгжүүлэх, ажил амьдралын дадлага, туршлага хуримтлуулах талаар чармайн суралцсан тэргүүний байлдагч явсныг түүх гэрчилнэ. Түүнчлэн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд 2012, 2013 онд амжилт дүүрэн оролцон хошой алтан медаль хүртсэн. Тэрхүү амжилтынхаа үр дүнд өөрийн тасгийнхаа түрүүч, байлдагч нарын хамт Бүгд найрамдах Өмнөд Судан улсад нэг болон гуравдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. 
 
Байлдагч З.Хүрэлчулуун ажиллагааны газар орноос өөрийн эх орондоо ирсэн жилээ гэрээт цэргийн албаа үргэлжлүүлэн хааж, улмаар мэргэжлийн ахлагч болох чин эрмэлзэлтэй байсан ч ар гэрт нь гачигдал гарсны улмаас бэлтгэлээр халагдсан юм. Гэвч тэрээр өөрийн ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өнгөрсөн оны хавраас дахин энэ л ангидаа цэргийн гэрээт албанд ирж албаа үргэлжлүүлэн нэр төртэй хааж явна. Түүний тодотгосноор Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэн батлагдсанаар гэрээт цэргийн албаны нэр хүнд, цалин хангамж нэмэгдсэн. Цаашид цэргийн хэргийн дадлага, ур чадвараа улам ахиулан бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ дээшлүүлэн, үеийн нөхдөө манлайлахын хамт ажил, албаны хувьд зорьсон зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байгаа аж. Тус ангийн хувьд гэрээт цэргийн алба хаах хүсэл, зорилго, чин эрмэлзэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаагийн бодит жишээ энэ буюу.
 
Б.Зоригтбаатар: ЦЭРЭГТ ТАТАГДАХ БОЛСНОО МЭДЭЭД ИХ АЙСАН
 
 
Хугацаат албаны түрүүч, байлдагч нараас Б.Батзул, А.Нямбаатар, Б.Зоригтбаатар, Ж.Еркехулан нарыг онцоллоо. Дэд түрүүч Б.Батзул айлын ганц хүүхэд бөгөөд ээж нь түүнд “Хүн гэрээсээ хол явж байж л сая эр хүн болдог” гэж захидаг гэнэ. Тиймээс дунд сургуулийн 9 дүгээр ангиа төгсөж Өмнөговь аймгийн политехникийн коллежид хоёр жил суралцжээ. Харин ердөө хоёрхон сарын дараа өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагджээ. Тэр бээр “Ээжийнхээ захиасыг дагаж, гэрээсээ 500 км-ийн цаана сурч, 1500 км-ийн хол газар цэргийн алба хаалаа даа” гэсэн юм. Хаалаа гэсний учир нь тэр хагас сарын дараа халагдана. 
 
Дэд түрүүч А.Нямбаатар Завхан аймгийн Цагаанчулуут сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн. Сумаасаа зургуулаа цэрэг татлагын комиссоор орж, Б.Лодойдамба найзтайгаа хоёул тэнцээд тус ангид алба хааж байгаа аж. Тэрээр СУИС-ийг эстрадын дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийнхээ давуу талыг ашиглаж “Цагаан сар ба монгол түмний уламжлалт баяр”, “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” тэмцээнд оролцож, ангидаа медаль авчирсан “шаггүй” цэрэг. 
Харин байлдагч Б.Зоригтбаатар нь Ховд аймгийн Булган сумаас цэрэгт татагдсан. Хөдөө мал дээр өссөн болоод ч тэр үү, нэлээд шударга, бусдаас санаа зоволгүй өөрийнхөө тухай үнэнээ бахь байдгаар нь хэлээд амжсан. Түүний хэлснээр цэргийн албанд татагдахаар болсноо дуулаад ихэд айсан гэсэн. “Ижий аав, хэдэн малаасаа холдож үзээгүй надад цэргийн алба хаана гэдэг төсөөлөгдөх нь битгий хэл тэр талаар бодох төдийд л айх сэтгэл төрдөг байсан. Гэтэл олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн амьдарч, тэдний дунд учиргүй манлайлаад байхгүй ч адагт орчхолгүй гүйж, харайгаад ирэхээр өөртөө итгэх итгэл бадарч, харин ч улам энэ албандаа дуртай болж эхэлсэн шүү” хэмээн бахархал дүүрэн ярьсан юм. 
 
Ж.Еркехулан бол казах түмний төлөөлөл. Түүний нэр нь эр хулан гэсэн утгатай бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар ээлжээр татагдан ирэхдээ 93 килограмм жинтэй “аварга” залуу байсан гэнэ. Харин одоо гүйж, харайгаад 76 килограмм болтлоо жавхаажаад авчээ. Тэр бээр “Улаанбаатар эрдэм” дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд энэхүү мэргэжлээрээ хууль сахиулах байгууллагад ажиллах зорилготой аж.
 
Н.Ням-Очир: АХМАДЫН ӨРГӨӨТЭЙ БОЛНО
 
 
-Би 2016 оноос хойш Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байна. Миний удирдсан ахмадын зөвлөлд 100 гаруй чөлөөнд болон бэлтгэлд байгаа офицер, ахлагч нар мөн гавьяаныхаа амралтад гарсан өндөр настан, ахмадууд харьяалагддаг. Ахмадын зөвлөл нь таван хүнээс бүрдсэн удирдах зөвлөлтэй бөгөөд аливаа асуудлыг энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд Ахмадын тухай хууль тогтоомжуудыг судлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тус ангийн удирдах бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, 2016 онд тус ангид малын эмчээр ажиллаж байсан аймгийн хурц арслан Д.Пүрэвжавын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, Ховд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ангийн удирдлагын дэмжлэгтэйгээр түүний нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулсан. Энэ үеэр Д.Пүрэвжав маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь манай ахмадуудын сэтгэлд нийцсэн томоохон ажлын нэг болсон юм. 
Мөн Ховд аймгийн Ахмадын зөвлөлтэй хамтран олон талт ажлуудыг хэрэгжүүлэн “Цагаан уул”, “Эвт урлал” ахмадын сувиллын газарт жил бүр 20-30 хүнийг хөнгөлөлттэй үнээр амрааж байна. Тэрчлэн өөрийн харьяалалд байгаа ахмад дайчид, ахмадуудад төрийн одон, медаль болон орон нутгийн салбарын шагнал олгуулах, хүртээлгэх ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Алтан гадас” одонгоор тав, Цэргийн хүндэт медалиар хоёр, Ховд аймгийн хүндэт иргэн цол, тэмдгээр есөн хүнийг шагнуулсан байна. Цаашид ангийн түүхт ойг угтаж 100 бүтээлч ажлыг төлөвлөсний дотор энэ онд Ахмадын өргөөтэй болох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн тус ангид ажиллаж байсан Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул зэрэг аймаг, төвлөрсөн газарт ажиллаж, амьдарч байгаа офицер, ахлагч, ажилтнуудтай холбоо тогтоон зарим ахмадад хүндэтгэл үзүүлэх ажлыг эхлүүллээ. Түүний зэрэгцээ Улаанбаатар хот дахь “Баатар ван-хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлтэй холбоотой ажиллаж, ангийн ой угтсан зарим ажлыг хамтран тэмдэглэх асуудлаар тодорхой шийдэлд хүрлээ.
 
Л.Цэцэгмаа: ДӨЧӨӨД ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР, ЗҮТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ЯВНА
 
 
-Би бээр тус ангийн бага эмч-эмийн сангийн эрхлэгчээр тушаалд 36 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. 1983 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж, тус ангитай ажил амьдралаа холбосон бол миний хань бэлтгэл дэд хурандаа А.Бат-Ерөөл тус ангид салаа, рот, батальоны захирагч, тагнуулын албаны даргаар тасралтгүй 30 орчим жил ажиллан гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа. 
Миний хувьд байнгын бие бүрэлдэхүүн, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын хээрийн гаралт, полигоны дадлага, сургалтад сувилагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн. Шаардлагатай эмийн жагсаалт, гэрээний дагуу эм, тариа, ороох боох материалыг татан авах, их эмчийн жорын дагуу тэдгээрийг олгох, зарцуулалтад нь хяналт тавих, хугацаат тайлан мэдээг тасралтгүй гаргах үүргийг тогтмол хэрэгжүүлдэг. Мөн ангийн байр, объектод ариутгал, устгалыг графикийн дагуу тогтоосон цаг хугацаанд нь хийж, урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад өөрийн хувь нэмэр, оролцоогоо нэмэгдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн албаны дарга, их эмч, сувилагч нар олон удаа солигдож байсан ч тэднийхээ мэргэжлийн дадлага, ур чадварыг ямагт өндрөөр үнэлэн хамтран ажиллаж ирсэндээ бахархаж явдаг. Мөн хамт олныхоо итгэлийг дааж ангийн хөдөлмөрийн аваргаар тодорсны зэрэгцээ Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагуулсан маань миний ажил, хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн үнэлэлт байлаа.
 
Миний хүүхдүүд ч тус ангид ажиллаж, нэр хүндтэй хөдөлмөрлөж явна. Тодруулбал, хүү Б.Бадрал Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг зенит артиллерийн командын офицер мэргэжлээр төгсөж, тус ангид Артиллерийн агуулахын даргаар ажиллаж байгаа, ахлах дэслэгч цолтой. Охин дэд ахлагч Б.Батцэцэг Холбооны зангилгааны радио телеграфчнаар, ахлагч Б.Бадмаараг Зенитийн салааны жолооч-телефончноор ажиллаж байна. 
Ховдын хорооны бүтээлч хамт олныхоо дунд гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар амжилт бүтээл дүүрэн, аз жаргал, баяр баясгалантайгаар нэр хүндтэй хөдөлмөрлөхийн хамт өөрийн амьдралын 40 орчим жилийг өнгөрүүлж яваадаа сэтгэл нэн өндөр байна. Өдгөө эмнэлгийн дарга-хадгалах тасгийн дарга, их эмч С.Сувданчимэг, их эмч Б.Баттогтох, нөөцийн сувилагч Я.Оюун-Эрдэнэ, Х.Цэцэгсүрэн, Р.Батсүх, С.Отгонбаяр, асрагч Г.Шийжав нарын хамт амжилт дүүрэн ажиллаж явна.
 
“АЛТАН ГАРТАН” АЛТАЙЖАВ
 
 
Алба амины, байр, объект, орон сууцанд сантехникийн засвар, үйлчилгээ хийх шаардлага гарсан онцгой тохиолдолд слесарь А.Алтайжавыг үгүйлэн санах албан тушаалтнууд тун чиг олон. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн арын албанд олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа түүнийг “Алтан гартан” хэмээх тодотголоор анги, хамт олон, аймаг, орон нутаг нь хүндлэх ажээ. 
 
Энэхүү хүндтэй тодотголын эзэн болсон Алтангэрэлийн Алтайжав нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 1994 оноос хойш сантехникийн слесарь мэргэжлээр тасралтгүй ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд ангийн сургууль-өвлийн бэлтгэлийг хангах, уурын зуух, хорооны штаб, цэргийн байр, хичээлийн танхим, эмнэлэг, тавиулан зэрэг бүхий л объектын сантехникийн шугамын засвар, үйлчилгээг хийх, өвлийн улиралд дулаанаар тасралтгүй бөгөөд найдвартай хангах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн юм.
Тэрээр Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж 1980-1983 онд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Хилийн хороонд албаа нэр төртэй хаасан нэгэн. 1984 онд Улаанбаатар хотноо сантехникийн слесарийн байнгын курсийг төгсөж мэргэжлээрээ Ховд аймгийн Зам, барилгын ашиглалтын конторт 10 орчим жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, дадлага, туршлагаа ахиулжээ. Түүний ажлын амжилт дүүрэн байж ажил мэргэжлээрээ бусадтайгаа энэ тэнцүү өрсөлдөж явсан тэр жил тус ангийн захирагч, хурандаа Ч.Өлзийбаатар анхлан санал тавьснаар Ховдын хорооны хөдөлмөрч хамт олны дунд алхаа нийлүүлж 25 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан оны аварга ажилтнаар хоёр удаа, тэргүүний ажилтнаар хэд хэдэн удаа тодорчээ. Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиар энгэрээ мялаалгаж, Ховд аймгийн Хүндэт тэмдэг, Жуух бичгийн эзэн болсон нь юутай бахдалтай. “Ховд аймагт Дулаан түгээх станц шинээр ашиглалтад орж төвийн халаалтад шилжсэн нь өвлийн улиралд уурын зуух галлах шаардлагагүй болж ажиллах орчин, нөхцөл боломж сайжирсан. Гэхдээ өдөр тутмын засвар, үйлчилгээ тасралтгүй явагддаг онцлогтой” гэж албаныхаа талаар цухас дурдсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн мэргэжил нэгт слесариуд, галч нар, ажилсаг бүтээлч хамт олондоо цаг ямагт талархаж ирснээ бахархал дүүрэн өгүүлсэн юм.
 
ТОГООЧИЙН ХӨДӨЛМӨР-ТҮМНИЙ ХҮНДЭТГЭЛ
 
 
Цэрэг хаана байна, тэнд байнга явдаг ажилтны нэг нь тогооч юм. Чухамдаа цэргийн сэтгэлд хүрэх зам тэдний ходоодоор дамждаг гэсэн мэргэн үг бий. Тиймээс цэргийн алба хаагчдын үндсэн үүрэгт ажлаа алдаа мадаггүй биелүүлэх, анги, салбар, салаа, тасгийн өмнө дэвшүүлсэн үүрэг, зорилго, зорилтуудыг амжилттай биелүүлэх үйл хэрэгт тогооч нарын оруулсан хувь нэмэр асар их бөгөөд цаашдаа ч тийм байх болно. 
 
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ажил хэрэгч тогооч нарын дундаас Т.Отгондалайг энэ удаа онцолж байна. Т.Отгондалай Ховд аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийг бараа хадгалалтын технологич мэргэжлээр төгссөн. Улмаар Хүнс технологийн коллежийн тогоочийн дамжааг тус тус дүүргэн хоёрдугаар зэрэгтэй мэргэшсэн тогооч болжээ. Тэрээр тус ангийн цэргийн гал тогоочоор 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Т.Отгондалай ээлжийн тогоочийн үүргийг чадамгай гүйцэтгэж, амт чанар, илчлэг сайтай хоолоор нормын дагуу үйлчлэхийн зэрэгцээ тус ангид ирсэн хүндэт зочид, дайчдын ар гэрийн төлөөллийг амтат зууш, хоолоор дайлах хүндтэй үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж иржээ. Тэрчлэн харуул, хоногийн манааны бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдаас авсан санал сэтгэгдлийн дэвтэрт тогооч Т.Отгондалай болон бусад тогооч нарт талархлаа илэрхийлсэн олон хүн албан тушаал, цол, нэр, гарын үсгээ үлдээсэн нь тод харагдах аж.
 
Т.Отгондалай өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнүүд, хээрийн гаралт, полигоны дадлага мотобуудлагын рот, салаа, артиллери, зенитийн буудлага, үзүүлэх сургууль, марш тактикийн тэмцээний үеэр байнгын бүрэлдэхүүн, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад үйлчлэх үүргийг нэр төртэй гүйцэтгэсээр ирсэн. Түүний тэрхүү хээр гадаа томилолтоор ажилласан, ангид ээлжийн тогоочийн үүрэг гүйцэтгэсэн бүхнийг тоочвол ихээхэн урт жагсаалт гарах ажээ. Тэрээр 2018 онд Зэвсэгт хүчний тогооч нарын ур чадварын уралдаанд анги, хамт олноо төлөөлөн оролцож, ганцаарчилсан төрөлд тусгай байрын шагналыг хүртсэн нь бас л нэг амжилтын илэрхийлэл юм. 
Тиймээс Т.Отгондалайгийн нөр их хөдөлмөр, олон жилийн зүтгэлийг нь үнэлж БХЯ-ны “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэг хүртээсэн ба тэрээр өнгөрсөн жил ангийн хөдөлмөрийн аваргаар тодорсон нь нэн бахдалтай. Тус ангийн хамт олны бахархал болж, түмний хүндэтгэлийг хүлээсэн тогооч Т.Отгондалайн тухай товч өгүүлэхэд ийм буюу. Түүний хийж бүтээх ажлын дардан зам шулуун гэдэгт итгэнэм.
 
 
Хурандаа Б.Отгонбаяр, ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин