sonin.mn
Дэлхийн тав дахь том гол Хатанголын оройн хэсэгт үзэсгэлэнтэйгээр сүндэрлэж, өдөр хоногоор хөгжил нь тэлж буй Бугат хот урд хөршийн умард нутаг, Өвөрмонголын баруунтаа бий. Өөртөө засах орны аж үйлдвэрийн хамгийн том хот төдийгүй хятадын хойд зүг чиглэсэн түшиц газар, тэргүүлж хөгжүүлэх гол бүс нутаг гэгддэг хөгжлийн чухал зангилаа суурин юм. Бугат, Хөх хот, Ордос гурван хотын харилцан холбогдож “Алтан гурвалжин”-г төлөвшүүлсэн нь Өвөрмонголын хөгжлийн гол цэг болжээ. Хятад, Монголын хамтын ажиллагааны түүхт 70 жилийн ойн хүрээнд их гүрний хөгжлийн загвар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн нэгээхэн хэсгийг ар, өвөрмонголын сэтгүүлчид хамтран сурвалжлах завшаан тохиосон юм.
 
Бугат хот хүн амынхаа тоогоор Монгол Улстай ойролцоо. Монгол, Хятад, хотон, манж, дагуур, эвэнх зэрэг 51 үндэстэн бүхий 2.8 сая хүн оршин суудаг Бугат хотоос Улаанбаатарт хуулбарлах Монголын хөрсөн дээр “тарьж” болох туршлага санаа их бий. Хамгийн наад зах нь алсын хараа эмх цэгц бүхий хот төлөвлөлт, иргэдээ ядуурлаас гаргах, орон сууцжуулах эрчимтэй тууштай бодлогоос нь үлгэр жишээ авмаар.
 
Хотын хөгжлийг төлөвлөдөг ордон
 
Бугат хотын төлөвлөлтийг хотын хөгжлийн ордноос гарын алган дээр тавьсан мэт тольдож болно. Учир нь хотын хөгжлийн маш нарийн төлөвлөгөөг энэ ордонд “зохиож” байдаг. Хотыг хэрхэн цэгцтэй, алсын бодлоготой төлөвлөдөгийг чухам эндээс л харж болно. Аль өнцөг буланд байшин барьж, мод тарих, гэрэлтүүлэх гээд жижигхэн зүйлийг ч орхигдуулахгүйгээр шинжлэх ухаанч, судалгаатайгаас гадна үзэсгэлэнтэйгээр төлөвлөдөг аж.
 
5600 ам метр талбайтай хөгжил, төлөвлөлт, эрдэм шинжилгээний солилцоо, боловсрол шинжлэх ухаан, аялал жуулчлал зэрэг олон талын агуулгыг нэгтгэн дэвшилтэт технологи ашиглан маш ойлгомжтойгоор харуулсан үзэсгэлэнгийн ордонтой. Үзэсгэлэнгийн ордон хоёр давхар, 11 хэсгээс бүрдэх ба тэргүүний технологийг ашиглаж Бугат хотын тал нутгийн хот, эрчим хүчний хотын шинж чанартай уялдуулан хотын хөгжлийг харуулжээ. Түүнчлэн Бугат хотын хөгжлийн түүхэн хувиралуудыг ч өнөөгийнхтэй жишиж үзүүлсэн нь сонирхолтой.
 
Хорооллыг шинэчилж, хотжилтыг өөрчлөх бодлогын загвар буюу Бугат
 
 
Болж бүтэж, бодлого шийдвэр нь биелэж байгаа нь бий ч нэрэн дээрээ “Аз жаргалтай хотын иргэд” гэгддэг ч бодит байдал дээр ам, ажил хэрхэн зөрдгийн жишээ бол Улаанбаатар. Тиймдээ ч иргэдийг орон сууцжуулах, ядуурлыг бууруулах төрийн бодлого яг таг “бай”-гаа онохгүй байгаад шүүмжлэлтэй ханддаг хүн олон бий.
 
Тэгвэл Бугат хотын гурван сая шахам иргэний  99 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байна гэж дүгнэжээ. Арга ч үгүй, Бугат хот бол Хятад даяар хэрэгжиж буй хорооллыг шинэчилж, хотжилтыг өөрчлөх бодлогын загвар болж, их гүрний хэмжээнд үлгэр жишээ болгон ашиглаж болохуйц системтэй бодлогын хамгийн үр дүнтэй хувилбараар нэрлэгджээ. Тохиромжтой, тохилог, бүрэн чадамжтай амьдрах орчинг бий болгож гурван жилийн хугацаанд 30 мянган иргэнийг орон сууцтай болгож иргэддээ аз жаргалтай амьдралыг эдлэх боломжийг олгосон байна. Үйлдвэрлэл, экологи, соёлын өв, эртний хотын хэв маяг бүхий өндөр барилгууд сүндэрлэж буй Бугат хот Хятадын хэмжээнд хэрхэн аз жаргалтай хотын загвар болсныг ганцхан дүүргийн шинэчлэлээс харж болно. 47 мянган өрх, 124 мянган хүн амтай Бэй Лян хорооллыг шинэчлэх төсөл Өвөрмонгол төдийгүй хятадын хэмжээнд талбайгаар хамгийн их төвлөрсөн хорооллыг шинэчлэх төслийн бүс юм. Нурах шахсан орон сууцанд тарчигхан амьдарч байсан 30 мянган иргэнийг гуравхан жилийн дотор шинэ орон сууцанд оруулжээ. Ингэхдээ нэг өрхөд хамгийн багадаа 65 мкв орон сууцыг ямар ч үнэ төлбөргүй олгож, 30-40 насны иргэдийг давхар ажлын байраар хангасан байна. Орон сууцны үнийг төгрөгөөр тооцвол 70 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, иргэдийн балгас болсон сууцыг 65 ам метр шинэ орон сууцаар ямар нэг зөрүү мөнгөгүйгээр сольсон гэсэн үг. Хэрэв 65-аас том хэмжээтэй орон сууц авахыг хүсвэл зөрүү мөнгийг нь төлнө. Харин өмнө амьдарч байсан хуучин сууцыг нурааж сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай байгуулжээ.
 
 
Иргэдийг зөвхөн орон сууцжуулаад орхих биш хороолол дунд ахмадыг асарч сувилах, хөгжүүлэх, ажлын байраар хангах цогц шийдлийг бий болгосон нь амьдралын тав тухыг бүрэн утгаар нь мэдрүүлсэн тухайгаа төслийн багийнхан хэлж байв. Тухайлбал, номын сан, бялдаржуулах төв, олон төрлийн спорт клубууд төлбөргүй. Түүнчлэн гавьяаны амралтдаа гарсан хүмүүс нийгэмлэг байгуулж дуу бүжиг, урлаг спортын төрөл бүрийн сургалт явуулах зэргээр байр сууц, техник хэрэгслийг нь давхар шийдвэрлэж өгсөн байна. Гурван жилийн хугацаанд бүрэн хэмжээний дүүрэгтэй дүйцэхүйц энэхүү бүтээн байгуулалтыг манайхтай л адил төр, хувийн хэвшлийнхэн хамтраад хийчихдэг гэнэ. Гэтэл ганцхан жишээ дурдахад гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн хэрэгжиж, газраа чөлөөлсөн айлууд хэдэн жил орох оронгүй хөлсний сууц хэсч, хувийн компаниуд барилгаа барихгүй байгаа бодит жишээ ч бий. Энэ мэтээр манайхтай адил хүн ам, газар нутагтай Бугат хот хэрхэн үсрэнгүй хөгжиж байгаагийн нууц нь төрийн нэгдсэн бодлого, хууль дүрмээ чанд баримталдагт л байгаа юм. Иргэдийг аз жаргалтай болгосон дээрх бүтээн байгуулалт өрнөх учир зангилаа нь Ли Кэчян ерөнхий сайд Бэй лянд хоёр удаа ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар нь ийнхүү бодитоор ажил хэрэг болоод байгаа юм. Үүнийгээ эрх баригч намын бодлогын дагуу хөрөнгө мөнгө, хууль эрх зүйн баталгаа болон нийгмийн хүчийг түшиглэсэн гэж “хялбархан” тайлбарлаж байна лээ. Бидэнд ч энэ загварыг хэрэгжүүлэх түмэн боломж бий.
 
Газар доорх коридор
 
Бугат хотын өнөөгийн хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт нь газар доорх хоолойн коридор юм. Энэ нь хотын даацын чадавхи, үйлчилгээний хүчин чадлыг сайжруулах төдийгүй шинэ зуунд хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын шинэчлэлд чухал нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм.
 
Шинэ дүүргийн дэд бүтцийн төлөвлөлтөд хамгийн үр дүнтэй нэвтэрч, жишиг гэж хэлж болох газар доорх коридорын бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлж 1.81 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Эрчим хүч, цэвэрлэх байгууламжийн асуудлыг ямар ч эрсдэл, аюулгүйгээр бүрэн хэмжээнд шийдвэрлэсэн газар доорх коридор 26.4 км урт үргэлжилнэ. Цахилгаан, дулаан хангамж, усан хангамж, харилцаа холбоо, радио телевиз, бохир ус, байгалийн хий зэрэг найман төрлийн хоолойгоос бүрдэж, эдгээрийн дэд бүтцийг хамгийн найдвартай өндөр түвшинд шийдвэрлэж чадсан байна. Үүний хамгийн том давуу тал нь газрын хөрс, өвс ногоо байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй. Энэ мэт сайн туршлагаас харвал, Улаанбаатарт олон жил шүүмжлэл эрсдэл дагуулж иргэдийн эрүүл мэнд амь насанд аюул учруулсан бохир усыг Бугат хот газар доорх коридороор бүрэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, бохир усыг газар доорх хоолойгоор татуулж хотоос гадагш гаргаж цэвэршүүлээд буцааж саарал ус болгон ашигладаг. Ингэснээр хүн ам, байгальд орчинд ямар ч сөрөг нөлөөгүй юм.
 
 
Үргэлжлэл бий.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин