sonin.mn

КАИР, 2025 оны аравдугаар сарын 8 /NHK/. Газын зурваст 2023 оны 10 дугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш яг хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Египетэд гал зогсоох асуудлаарх шууд бус хэлэлцээг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл ХАМАС болон зуучлагч орнуудын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ нааштай уур амьсгалд болж байна гэж Египетийн хэвлэлд мэдээлжээ. Есдүгээр сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурваст дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг танилцуулсны дараа гал зогсоох хэлэлцээ эхэлсэн юм.


Даваа гарагт Египетийн зүүн нутгийн Шарм-эль-Шейх хотод Египет, Катарын зуучлагчид болон ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн уулзалт эхэлсэн тухай Египетийн хэвлэлд мэдээлээд, хэлэлцээний уур амьсгал “нааштай” байгаа бөгөөд мягмар гарагт үргэлжилнэ гэжээ.


Хэлэлцээнд оролцогчид ХАМАС-ын хүлээн зөвшөөрөөд буй нөхцөлүүд болох барьцааны хүмүүсийг суллах, Израилын цэргүүдийг тус зурвасаас хэсэгчлэн гаргах зэрэг асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Харин Израилын хэвлэлүүд тус улсын засгийн газрын албан тушаалтнуудын хэлснийг эш татан мэдээлэхдээ, хэрэв “ойрын өдрүүдэд ахиц дэвшил гарахгүй бол хэлэлцээг үргэлжлүүлэхгүй” гэсэн байна.


ХАМАС бүлэглэлийнхэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу гэнэтийн дайралт хийж, 1200 орчим хүний ​​аминд хүрч, 250 гаруй хүнийг барьцаалсан юм. Одоогоор тэдний барьцаанд 48 хүн байсаар байна.


Харин Израилын тал ХАМАС бүлэглэлийг устгах, барьцаанд байгаа хүмүүсийг эх оронд нь авчрах зорилгоор Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Израилын цэргүүд Газын зурвас руу ширүүн дайралт хийсээр байгаа тул амь хохирогсдын тоо улам нэмэгдсээр байна. Газын эрүүл мэндийн албаныхны мягмар гарагт мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 67 173-т хүрсний дотор 20 179 хүүхэд байжээ. Мөн өлсгөлөнд нэрвэгдсний улмаас амиа алдсан палестинчуудын тоо өнгөрсөн ням гаргийн байдлаар 460-д хүрснээс үзэхэд хүмүүнлэгийн хямрал улам гүнзгийрч байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг