sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав.


Энэ үеэрээ тэрээр: "Сүүлийн үед өрнөж буй улс төрийн нөхцөл байдал, тэр дундаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Байнгын хорооны саналаар хэлэлцэж, санал хураалт явуулсан явдал Үндсэн хуулийн зөрчил рүү орлоо гэж би үзэж байна. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Үүний зэрэгцээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, мөрийн хөтөлбөр бүхэлдээ өөрчлөгдөж, гүйцэтгэх засаглалын институцийн тогтолцоо хөдөлгөөнд ордог. Энэ нь улсын тогтвортой байдлыг ноцтойгоор алдагдуулах эрсдэлтэй. Ийм учраас Үндсэн хуульд тусгай хамгаалалт хийж өгсөн байдаг. 


Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 65-аас дээш гишүүний саналаар шийдвэрлэх ёстой. Харин Байнгын хороо энэ асуудалд зөвхөн санал дүгнэлт гаргаж, Их хуралд танилцуулдаг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Байнгын хороо “сонсдог” болохоос “шийдвэрлэдэг” байгууллага биш юм.


Гэтэл сая Байнгын хорооны саналын дагуу санал хураалт явуулсан нь Үндсэн хуулийн энэ заалтыг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Их хурлын даргыг өөрчлөх асуудалд харин ердийн олонхын санал шаарддаг. Учир нь Их хурлын дарга солигдсон ч парламентын бүтэц, үйл ажиллагаанд суурь өөрчлөлт орохгүй. Харин Ерөнхий сайдын огцролт бол гүйцэтгэх засаглалд бүхэл бүтэн өөрчлөлт авчирдаг учраас илүү өндөр босго тавьсан байдаг.


Энэ бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн туршлага, Засгийн газрын тогтворгүй байдлын гашуун сургамжаас урган гарсан хамгаалалт юм. Мөн улс төрийн намуудын дүрэмд ч үүнтэй адил хамгаалалт тусгагдсан.


Өмнө нь намын бага хурал, үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд Ерөнхий сайдыг дэмжих, эсэргүүцэх асуудлыг шийдэхдээ бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэр гаргадаг байсан. Энэ нь ч бас тогтвортой байдлыг хангах зорилготой байв. Гэвч сүүлийн үед намын дүрмийн ийм заалтыг үл тоон, бага хурлын гишүүдийн эрхийг хязгаарлаж, санал хураалт явуулсан нь дүрмийн зөрчил төдийгүй Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна.


Одоогоор энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарч, хэрэг үүссэн байгаа. Тиймээс Цэцийн дүгнэлтийг бид бүгдээрээ хүлээх хэрэгтэй. Үндсэн хуулийн “хөх тэнгэр” болсон Цэц энэ маргааныг хэрхэн тайлбарлахыг харцгаая.


Хэрвээ Цэц “Үндсэн хуульд нийцээгүй журмаар санал хураасан” гэж үзвэл уг хурал, гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус болох юм. Өнөөдөр улс төрийн бүх талууд өөрт ашигтай байр сууринаас тайлбар хийж байна. Гэвч бодит байдалд Үндсэн хуульд заасан журмыг чандлан сахих нь ардчиллын суурь зарчим юм. Өнгөрсөн парламентын гучин жилийн туршлагаас харахад Засгийн газрын тогтворгүй байдал улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж ирсэн. Нэг гишүүний саналын дагуу сайд, Ерөнхий сайд огцордог тогтолцоо эдийн засагт ч, төрийн бодлогод ч хохирол учруулж байсан. Тиймээс Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хамгаалах тусгай заалт оруулсан. Ийм нөхцөлд Байнгын хорооны саналын дагуу санал хураалт явуулсан нь Үндсэн хуулийн энэ хамгаалалтыг үл тоомсорлосон, зөрчилтэй үйлдэл гэж миний хувьд итгэлтэй байна.


Ерөнхийлөгчийн хувьд ч энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дараа харж байж шийдвэр гаргах байх. Хэрвээ Цэц “зөрчилтэй” гэж үзвэл дараагийн хууль ёсны процесс яригдана.


Гол нь бид бүгд ардчилсан нийгмийн хүрээнд Үндсэн хуулиа дээдэлж, хууль ёсны дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой." гэлээ.



Н.Отгончимэг