sonin.mn
Батлан хамгаалахын төв архив үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүхт ойн хүрээнд өнөөдөр "Өнгөрснийг өнөөдөрт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Офицеруудын ордонд болж байна. Бага хурлаар "Цэргийн архив ба Ж.Наадгай", "Монгол, Оросын цэргийн хамтын ажиллагаа, 1911-1946 он баримт бичгийн эмхэтгэл", "Батлан хамгаалахын төв архив дахь Монгол Улсын түүхэн баримтууд", "Батлан хамгаалах төв архивт хадгалагдаж байгаа олзлогдсон япон цэргүүдийн тухай баримтын судалгаа", "Батлан хамгаалахын төв архивын баримтын бүрдэл, судалгаа", "Батлан хамгаалахын төв архивын өнөөгийн байдал", "Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөг дахь улсын хил хамгаалалтын түүхэнд холбогдох баримтын судалгаа" зэрэг олон чухал асуудлаар эрдэмтэн докторууд илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Бага хурлыг ҮБХИС-ийн БХЭШХ-ийн захирал, доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар нар удирдан явуулж байна.
Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оны Ардын хувьсгал ялсан үеэс өнөөг хүртэлх Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдлоор нь зохих зааврын дагуу эмхлэн цэгцлэж, данс бүртгэлд оруулан сэлбэн засах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийж баримт материалыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гарган өгөх ажлыг амжилттай гүйцэтгэсээр байна.
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин