sonin.mn
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэсэн зүйр үг байдаг. Хил хамгаалах ерөнхий газар нэгэн сайн үйлсийн аян зохион байгуулсан нь энэ үгийн үнэ цэнийг илтгэх шиг. Учир юу гэвэл Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба TВ9 телевизийн “Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийг бэлтгэн орон даяар сурталчилахаар боллоо.
Нийтлэлийн маань гол баатар бэлтгэл хошууч Г.Даариймаа энэ жил 85 нас хүрч байгаа. Түнийг “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны анхны тэргүүлэгч гэдгээр нь хилчид андахгүй. Тиймээс үе үеийн мянга мянган хилчин бүсгүйчүүдийн “өндөр ээж” нь юм. Өндөр ээж Баруун салаа дахь Хил хамгаалах байгууллагын ажилчдын зусланд зусна. Байшин нь нар салхинд элэгдэж муудсан учир засах санаатай алх, хадаас нийлүүлж суухыг хөрш нь нэг удаа харжээ. Энэ хөрш бол мөн л та бидний мэдэх “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн асан, бэлтгэл дэд хурандаа Б.Баярмаа байсан бөгөөд түүний сэтгэлд хэдэн жил хадгалагдаж явсан хүсэл биеллээ олсон нь өнөөдрийн үйл явдал юм. Хилчид хаана, хэзээ, хэнд, ямар ч үед, юуг ч зориулж, хийж бүтээж чаддагийн илрэл энэ. Хурандаа Б.Ловуу-Игнэн даргатай Хилийн 0253 дугаар ангийн ажилсаг хамт олон, тэр тусмаа бүсгүйчүүдээр бахархаж байна.
 
Зангидсан гар шиг хамт олон
 
 
 
Морин цагт арга хэмжээ эхлэхээр төлөвлөжээ. Бэлтгэл ажил ид хангагдаж буй бололтой хүмүүс бужигнана. Хуучин байшинг нураан Канад технологиор барьсан гэдгээ бүлгийг ахлан ажилласан дэд хурандаа Д.Мөнхбаяр танилцууллаа. Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын дэмжлэгтэйгээр найм хоногийн дотор бүтээн байгуулалтын их ажлыг хилчид өрнүүлж чаджээ. Хил хамгаалах ерөнхий газрын Барилга захиалагчийн алба болон хурандаа Г.Алтангэрэл захирагчтай Хилийн 0119, хурандаа О.Батзориг захирагчтай Хилийн 0288 дугаар ангийн хамт олон барилгын материалаар, бэлтгэл дэд хурандаа Г.Баяраа даргатай Хил хамгаалах байгууллагын Ахмадын холбоо, хурандаа Х.Хатанбаатар захирагчтай Хилийн 0252 дугаар анги, дэд хурандаа Г.Энхтүвшин захирагчтай Хилийн 0303 дугаар тусгай салбар, фэйсбүүкийн “Хилчин эмэгтэйчүүдийн групп” тавилга хэрэгсэл, эд зүйлсээр тусалсан байна. Мөн хурандаа Н.Ганболд захирагчтай Хилийн 0151 дүгээр ангийн хамт олны тус дэм их юм. Ажилласан бүлгийн хүнс, хангалтыг тус хамт олон хариуцан зохион байгуулжээ. Байшин барих ажлыг Хилийн 0253 дугаар ангийн төрөл мэргэжлийн 12 алба хаагч байшин барьж, бүлгийг ангийн Ар тал, хангалтын албаны дарга, дэд хурандаа Д.Мөнхбаяр ахлан ажилласан бол Хил хамгаалах ерөнхий газрын Холбоо мэдээллийн технологийн хэлтсийн хамт олны санаачилгаар “Монгол Сат” компаниас 80 суваг хүлээн авагч антен, төхөөрөмжийг байрлуулсан байна. Гал зуух, хувцасны шүүгээ, ширээ, сандал, зурагтын тавиур, Хилийн 0287 дугаар ангийн сэтгэлийн илгээмж гээд дурдвал их.
 
Мөрөөдөл биелэдэг
 
 
Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцов. “Мөрөөдөл биелдэг”, “Зүүд биш л байгаасай” нэвтрүүлэгт гардагчлан зохион байгуулах комиссынхон арга хэмжээг зохион байгуулалт сайтай, гэнэтийн бэлгээр дүүрэн байхаар бэлджээ. Хоёр том автобусаар байшинг халхлан Г.Даариймаа гуайг зуслангийнх нь байрны гадна авчирав. Тэрээр замдаа “Муу амбаар руу намайг дагуулж явж яах гээв та нар” гэж цааргалжээ. Түүнээс долоо хоногийн турш нуусан гэнэтийн бэлэг задрах мөч ирэв. Цугласан олон түүнийг шинэхэн байшингийн гадна алга ташин баяр хүргэж, цэцэг барин угтахад “Хүүе, хүүхдүүд ээ ямар сайхан юм бэ” гэж уулга алдан зогтуслаа. Тэгээд баярын нулимс унаган, тэнд цугласан олныг үнсэн гар барьж, нар зөв тойрон гэрээ үзэж сонирхов. Үнэхээр дутуу зүйл алга. Бороотой, шороотой өдөр хөгшнийг гал алдах вий гэхдээ байшингийн сууринд түлээ түлш, эд зүйлсээ хадгалах амбаарыг хүртэл хийжээ. Болоогүй ээ, сав хоосон буцаадаггүй монгол сайхан ёсоор түлшээр дүүргэснийг үзээд буурай толгой сэгсрэхээс өөр хэлэх үг олдохгүй байгаа бололтой. Сэтгэл догдлуулсан энэ агшинд Хилийн 0151, 0164 дүгээр ангийн үлээвэр хөгжмийн бүрэлдэхүүний сүр хүчит аялгуу сэтгэл зүрхэнд хөг нэмнэ. Ингээд шинэ байшингийн түлхүүрийг Хилийн 0253 дугаар ангийн Ар тал, хангалтын албаны дарга, дэд хурандаа Д.Мөнхбаяр түүнд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
 
 
Ингээд үйл ажиллагаа албан ёсоор эхэлж Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн “Ахмад эмэгтэй хилчид дундаас хамгийн өндөр настай таныг хүндэтгэн энэ сайхан үйл ажиллагааг хурандаа Б.Ловуу-Игнэн, дэд хурандаа Б.Баярмаа нар санаачлан ажил хэрэг болгоход олон хүний тус дэм шингэсэн юм шүү. Оосор бүчгүй орд цагаан өргөөндөө урт насалж, удаан жарган ач, гуч, зээ нараа өөр шигээ, өөрөөсөө илүү мундаг хүн болгон хүмүүжүүлэхийг хүсэн ерөөе. Хилийн цэргийн эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлон ажиллаж байхдаа дайчин шуурхай, гавшгай, үлгэр дууриалал авах эмэгтэй байсныг тань мэднэ. Үүнийг хилчид ч мэднэ. Та азтай, буянтай хүн юм. Танд Хилийн цэргийн командлагчийн нэрийн өмнөөс цэнхэр хадаг дэлгэн барьж байгааг хүлээн авна уу” гэлээ. Генерал мөн хамтран ажиллаж буй ТВ9 телевизийн хамт олонд талархал гардуулж өгсөн юм.
 
Хурандаа Б.Ловуу-Игнэн: Аливаа ажилд удирдлагын дэмжлэг чухал
 
-Бэлтгэл хошууч Г.Даариймааг зуслангийн байшинтай болгочих юмсан гэдэг бодол одоогоос хэдэн жилийн өмнө төрсөн юм. Дэд хурандаа Б.Баярмаатай энэ талаар ярилцаж байлаа. Үнэнийг хэлэхэд тухайн үед боломж нь бүрдээгүй. Харин өнөөдөр та бүхний дэмжлэг туслалцаатайгаар ажил хэрэг болж буйд ихэд баяртай байна. ХХЕГ-ын удирдлага бидний санаачилсан энэ ажлыг их дэмжсэн. Аливаа ажилд удирдлагын дэмжлэг чухал. Тиймээс урам зориг дүүрэн ажиллалаа. Дэд хурандаа Г.Баяраа, Б.Баярмаа нарын хүчин зүтгэл их байсныг онцлон хэлмээр байна. Олон хүний дэмжлэгтэйгээр энэ өргөө бослоо. Энэ хүний байгууллагын төлөө, хилчдийн, хилчин эмэгтэйчүүдийн төлөө, хүүхдүүдийн төлөө хийсэн үйл хэргийг одоо хүртэл бид дурсан ярьдаг. Тиймээс хилчдийн дунд үлгэр домог мэт яригддаг, шударга, дайчин хүн гэдгийг бид мэднэ. Ингээд урт удаан наслахын ерөөлийг өргөе.
 
Бэлтгэл дэд хурандаа Б.Баярмаа: Энэ хүнийг баярлуулах нь бидний мөдөөдөл байлаа
 
-Г.Даариймаа эгчид их баярлаж явдаг. Энэ хүний заасан замаар бид өдий зэрэгт хүрсэн. Хилчин эмэгтэйчүүдийн анхны тэргүүн энэ хүнтэй 2010 онд танилцсан юм. Хөдөлмөр алдрыг нь тэмдэглэж байлаа. Танилцсанаас хойш энэ хүний дайчин чанараар бахархсаар ирсэн. Тиймээс энэ хүнийг баярлуулах нь миний болон бидний мөрөөдөл байв. Азаар нэг зусланд хаяа дэрлэх болсон юм. Ээж шигээ энэ хүнд эрхлэн олон сайхан дурсамжийг бүтээсэн. Байшинг нь засч янзалчих юмсан гэдэг бодол байсан ч арга эвээ олохгүй явлаа. Бригадын генерал Х.Лхагвасүрэнтэй уулзан зөвшөөрөл аваад их баярласан. Энэ урмаар хурандаа О.Батзоригтой уулзахад мөн л дэмжиж барилгын материалаар тусалсан. Ингээд л сайн үйлсийн аян маань өрнөсөн. Та бүхний хичээл зүтгэлгүйгээр энэ байшин өнөөдөр үүдээ дэлгэхгүй байсан шүү. Ингээд Г.Даариймаа эгчдээ урт насалж, удаан жаргахыг ерөөе. Хайртай шүү.
 
Ахмадын холбооны тэргүүн, бэлтгэл дэд хурандаа Г.Баяраа: Та бүхэндээ баярлалаа
 
-Хил хамгаалах байгууллагын Ахмадын холбоо 4300 гаруй ахмадтай өнөр бүл. Бэлтгэл хошууч Г.Даариймаа хил хамгаалах байгууллагатай нас чацуу. Ахмадын холбооны эмэгтэйчүүдийн хамгийн өндөр настан. 1974 онд Хил хамгаалах байгууллагад эмэгтэйчүүдийн хэсгийг орон тоогоор бий болгосон түүхтэй. Тэрээр 16 жилийн туршид эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн, толгойлж ажилласан агуу хүн. Мөн офицер, ахлагчийн гэр бүл, ар талыг халамжлан хүмүүжүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан гавьяатай. Одоо ч сургаалиа хилчиддээ, бүсгүйчүүддээ хайрлаж байдаг буурал байгаа юм. Энэ сайхан үйл хэрэгт манай ахмадын хороодын дарга нар болон зарим ахмад хилчдийн төлөөлөл сэтгэл зүтгэл гарган идэвхтэй оролцлоо. Та бүхэндээ баярлалаа.
 
Бэлтгэл хошууч Г.Даариймаа: Ийм сайхан байшинтай болно гэж зүүдэлсэнгүй
 
-Өнөөдөр их сайхан өдөр тохиож байна. Та машинаас буухдаа юу болоод байгааг ойлгосон уу?
 
-“Амрыг эрье” гээд нэг офицер ирээд түшээд авахад хаанаас гараад ирэв гэж бодсон. Хоёр том автобус зам дээр байхаар нь гайхаад л өнгөрсөн. Эхлээд юу болоод байгааг ойлгохгүй л байлаа шүү, эмээ нь. Зуслангийнхаа байшинг өөд нь татчих юмсан гэж дотроо боддог байлаа. Бодохоос цаашгүй хүн шүү дээ. Ийм сайхан байшинтай болно гэж зүүдэлсэнгүй явлаа. Хамт олондоо, та нартаа их баярлаж байна. Амьд мэнд удаан явахыг бодно. Та нартайгаа уулзаж учирч байхын ерөөл тавъя.
 
-Зуслангийн байшинг шинээр барьж байгааг та мэдээгүй байсан шүү дээ. Танд гэнэтийн байж чадав уу?
 
-Гэнэтийн байлгүй яахав. Хилийн цэрэг надад дээд зэргийн хүндлэл үзүүллээ. Эгч нь үнэхээр их баярлаж байна. Надад энэ бол олз, гавьяа, зүтгэл, итгэл, сэтгэл юм шүү. Ёстой санаа ч зовох шиг болж байна. Та нарын хайр ивээл ингэж хүрч ирнэ гэж төсөөлж ч явсангүй. Нулимсаа арчихаас өөр чадах зүйл алга. Хагартлаа баярлаж байна. Өөр хэлэх үг алга. Одоо ч зүрх чичрээд л байна шүү.
 
-Талархлын сэтгэлийг тань сонсвол?
 
-Энэ олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн учраас баярлахгүй байхын арга алга. Магадгүй Хилийн цэрэгт над шиг ийм сайхан байшин бариулсан азтай хүн байхгүй биз. Миний төлөө хийсэн бүхэнд баярлалаа. Миний хамт олон, миний хилийн цэрэг сайхан юм даа. Үнэхээр их хайртай шүү, та нартаа. Урт наслаарай, удаан жаргаарай, сайн ажиллаарай. Би сайн ажилла гэж хэлэх дуртай хүн.
 
 
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин