sonin.mn

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой салбар бүрийн эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцсон 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажиллаж байна. 


Тэрээр “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг УИХ-аар баталсан талаар танилцуулав. Мөн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний албан ёсны нээлт болж, орон даяар өргөн хүрээнд эхлүүлж малчдын амьжиргаа, мал аж ахуйн салбарыг дэмжихээр болсон талаар танилцууллаа. Мөн Бүсчилсэн хөгжлийн реформтой уялдуулаад “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийг энэ пүрэв гарагаас эхлэн зургаан бүсэд зохион байгуулна гэдгийг онцлов. 



Дээрх Ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр хийсэн бөгөөд “Шинэ хоршоо”-ны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар товч танилцуулга хийсэн юм.Тэрээр танилцуулгадаа “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид одоо байгаа хэрэглээний зээл дээрээ хөрөнгө оруулалтын зээлийг давхар авч болно гэдгийг онцлов. Мөн нэг суманд төрийн албанаас 4 хүний бүрэлдэхүүнтэй сургагч багш нарын баг ажиллаж хоршоо байгуулах, төсөл бичих, зээл авах талаар малчдад арга зүйн туслалцаа дэмжлэгийг нэг сарын хугацаанд өгч ажиллана гэлээ.