sonin.mn

Иргэн Б.Цэгмэд ЦЕГ-ын хийсэн мэдээлэлд хариу тайлбар хийлээ. Энэ үеэр Б.Цэгмид: "Асар их хэмжээний мэдээлэл байгаа юм. Энэ мэдээлэл бол хүний амь насанд хүрсэн, одоо дараагийн хүний амь насанд ч хүрэх гэж байгаа.



Анх талийгаачийг дарамталсан асуудал бол 300 гб хэмжээтэй дата мэдээллийн асуудал байдаг. Нууц материалын тухай яригддаг. Энэ материалыг Г.Батбаяр нас барахаасаа өмнө дамжуулсан.



Хамгийн аймшигтай нь энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан талийгаач, түүний хажууд явж байсан сэтгүүлч Э.Баярмаа гэж хүний тухай асуудал гардаг. Энэ Э.Баярмаа өнөөдөр дараагийн хохирогч болох боломжтой явж байна. Тэр материалууд дэлгэгдэх юм бол маш аймшигтай. Дээр байгаа мөнгөтэй бүлэглэлийн нөхдүүд хаанаас, ямар замаар мөнгө олоод, орд харш шиг олон давхар барилга бариад байгаа талаар бүх фактууд нь байгаа. Уул уурхайг хэрхэн яаж зарж иддэг талаар гээд. Энэ талаар ярих юи бол үнэхээр аймшигтай. Энэ мэдээллийг өнөөдөр ЦЕГ-т хүлээлгэж өгнө. Нэг хүн нас барлаа, дараагийнх нь н.Баярмаа байж болзошгүй байна гэдгийг нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс үүнийг хэлж байгаа юм. " гэсэн бол


Ш.Түвдэнбалжир: "Өмгөөлөгч Г.Батбаяр агсан өнгөрсөн баасан гарагт над дээр ирж, 2 цаг гаруй ярьж суусан. Ямар асуудлаас болж өөрийг нь дарамтлаад, эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүдэн шүүж байгаа талаар олон зүйл ярьсан. Ингээд намайг хорьж магадгүй, тийм учраас танд найдаж, мэдээллийн эх сурвалжаа файлаар өгье гээд надад өгсөн. Энэ файл дээр маш ноцтой баримтууд байгаа. Эдгээр асуудлаар 2 хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм билээ. Нэг нь сая амиа алдсан өмгөөлөгч Г.Батбаяр, нөгөөх нь сэтгүүлч Э.Баярмаа гэж хүн бий. Энэ хүн амиа хамгаалах үүднээс одоо өөр газар байгаа.



Бусад хүмүүст хандаж хэлэхэд тэр нотлох баримт чинь Э.Баярмаад байхгүй шүү. Талийгаач Г.Батбаяр 4-р сарын 19-ний өдөр надад өгсөн.



Энд байж байна. Надад тэр флаш нь байна. Бас өөр хард диск хайж байгаа. Би аюулгүй байдлаа хангах үүднээс тодорхой хувиар хувилаад аюулгүй газар хадгалсан байгаа. Миний болон бусдын амь нас, эрүүл мэнд, эрхзүйн байдалд халдах юм бол нийтэд ил болгоно. Мөн цагдаагийн байгууллага, АТГ, тагнуулын байгууллагад шалгуулахаар албан ёсоор өгнө. Хуульчдийн багтай нийлж шинжлэн судлах ажлуудыг хийж байна. Үүнтэй холбоотой 2 гэрчийн нэгийг гэрч хамгаалах хөтөлбөрт хамрагдуулахыг цагдаагийн байгууллагаас шаардаж байна. Бүлэглэлүүдээ та нар жирийн нэг сэтгүүлчийг битгий дарамтлаад бай. Шаардлагатай гэвэл надад бүх баримт чинь байна. Та нар туулай хөөгөөд байна. Энэ материалуудыг чинь хуулийн байгууллагуудад шалгуулахаар албан ёсоор өгнө. " гэв.



М.Чой