sonin.mn
Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг Төрийн хүндэт харуул нь олон зуун жилийн түүхтэй. Бүр Хүннү, Сүннүгийн үеэс эхлээд эзэн богд Чингис хааны есөн хөлт их цагаан сүлдний хүндэтгэлийн ёслолыг хийж байсан тухай түүх, ном, сударт хадгалагдан үлджээ. Эртний энэ уламжлал өдгөөд ч ёс, жаяг, үүрэг уламжлалаа хадгалан үлдсэний нотолгоо нь ард түмэндээ “Рапорт” хэмээн алдаршсан хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын тусгай ротынхон юм. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, Богд хаант Монгол Улс тусгаар тогтноход Богдын торгон цэрэг байгуулагдан 1924 оныг хүртэл Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг залгамжилжээ. Тэр үеэс манай Зэвсэгт хүчин хүндэт харуулын тусгай роттой болох хүртэлх хугацаанд Д.Сүхбаатарын нэрэмжит офицеруудын сургууль, ЦЕДС-ийн улс төрийн суман уг үүргийг гүйцэтгэж байлаа. Ингээд 1955 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ардын цэргийн жанжны тушаалаар Төрийн хүндэт харуулын тусгай рот байгуулагдаж, тухайн оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын Төрийн зөвлөлийн даргыг хүлээж авах хүндэтгэлийн ёслолыг хийснээр тэдний шинэ үеийн түүхийн анхны хуудас нээгдсэн юм. Тэр цагаас хойш тус ротын түүх өнөөдрийг хүртэл 64 дэх жилтэйгээ золгож буй ажээ. 
 
Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон хүндэт харуулын албыг амжилттай хаагаад нутгийн зүг жолоо мушгих гэж байгаа дэд түрүүчийг сониныхоо энэ удаагийн дугаарт онцолсон юм. Түүнийг Ганбаатарын Бүүвэйбаатар гэдэг бөгөөд 1997 онд Булган аймгийн Могод сумын нутагт төржээ. 2018 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан түүнийг өөрөөс нь өөр хэн ч төрийн хүндэт харуулаар үүрэг гүйцэтгэнэ гэж төсөөлөөгүй гэнэ. Бага байхаасаа Могод сумын Баян голын хөндийд үеийн хөвгүүдтэйгээ цэрэг болж тоглодог байхдаа өөрийгөө хүндэт харуул болчихоод аанай л нэг Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө зогсож байгаа мэтээр төсөөлдөг байсан нь түүнд саяхан мэт тод. Өөрөөр хэлбэл, Австралийн нэрт зохиолч, физикч Ронда Бирнийн бичсэн бодол биеллээ олдог тухай “Нууц” номыг уншаагүй, ядаж л сонсоогүй хүн ховор биз. Хүн бүр хүсэл, тэмүүлэл, зорилгоо бодит мэтээр төсөөлж чадвал биелдэг тухай тус номд өгүүлдэг. Тэгвэл яг тийм л зүйл түүнд тохиолджээ. Гэхдээ санааг нь зовоодог нэг зүйл байсан нь түүний биеийн өндөр бөгөөд 180 см өндөртэй гэнэ. Ингээд аймгаасаа цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн төв дамжин өнгөрүүлэх баазад ирээд хүндэт харуулын ангид хуваарилагдахаар зориуд намхан залуусын дунд зогссон нь тусыг олж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, ахмад Б.Тамирт анзаарагдсан байна. Тэр бээр энэ тухайгаа хуучлахдаа “Цэргийн алба хаах нь ойлгомжтой боллоо. Чухамдаа яаж, хэрхэн хүндэт харуулын ангид хуваарилагдах вэ гэсэн бодол надаас салаагүй. Ингээд л бусдаас тодорч, өөрийгөө өндөр гэдгээ харуулах гэж хичээсэн маань биеллээ олсон. Хэрвээ би тэр үед ингэж “сэргэлэнтээгүй” бол өдийд ингээд тус ангийн цэргийн байранд сууж байхгүй” гэсэн юм. Гэхдээ “032”-т хуваарилагдлаа гээд бүх зүйл болчихгүй. Тус анги дотроо хүндэт харуулын тусгай рот, харуул үйлчилгээний тусгай роттой. Харин азаар Г.Бүүвэйбаатар ирсэн даруйдаа хүндэт харуулын тусгай ротын морьт салаанд хуваарилагджээ. Тэдний салааны үндсэн үүрэг нь төрийн аливаа цэцэг өргөх ёслолд оролцох юм. Салааны захирагч ахлах дэслэгч Т.Ганболд дэд түрүүч Бүүвэйбаатарыг “Миний хамгийн дотнын итгэл даадаг, хариуцлагатай цэрэг. Төрийн олон ёслолд оролцохдоо итгэлийг минь огтхон ч алдаагүй. Би түүнд “Цаашид ч мөн миний итгэлийг алдаагүй шигээ бусдын итгэлийг бүү алдаарай” гэж захидаг” хэмээн магтсан. Нэг жилийн хугацаанд төрийн олон арван цэцэг өргөх ёслолд оролцож байхдаа нэг ч удаа алдаа гаргаж байгаагүйн дээр бусадтайгаа нөхөрсөг, нийтэч ханддаг тухай нэмж хэлсэн. 
 
Г.Бүүвэйбаатарын Төрийн есөн хөлт цагаан тугийг барьж үзэх хүсэл нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр биелжээ. Энэ мэт түүний амьдралд хэзээ ч мартагдашгүй мөчүүд олон тохиолдсон юм. Ямар сайндаа л гэр бүлийнхэн нь түүн дээр эргэлтээр ирэхдээ “Нутгийнхан чамайг үе, үе зурагтаар харсаар байгаад чи их алдартай болсон” гэж хэлсэн гэнэ. Г.Бүүвэйбаатар “Хэрвээ гар утас, интернэт ашигладаг байсан бол надад баяр хүргэх хүсэлтэй хүмүүс нутаг усаар дүүрэн байгаа тухай би сонссон. Удахгүй халагдаж очоод тэдэнтэйгээ уулзаж, цэрэгт үзэж туулсан мөчүүдээ хуучилна даа” гэсэн юм. 
Г.Бүүвэйбаатар тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй. Түүний аав нь насаараа гагнуур хийсэн Т.Ганбаатар гэж хүн бий. Тиймээс аав нь Бүүвэйбаатарыг дунд сургуулийн 9 дүгээр ангиа төгсөх гэж байхад нь политехникийн коллежид суралцахыг ятгасан ажээ. Ингээд 2013-2016 онд Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежид суралцаж төгссөн байна. Энэ тухайгаа тэр бээр “Манай үеийн залуус нэг үеэ бодоход юу юугүй хуульч, сэтгүүлч, эдийн засагч гэсэн мэргэжил рүү хошуураад байх нь багассан. Өнөөдөр сайн тогооч, сайн гагнуурчин сардаа 1,5-2 сая төгрөгийн цалинтай байна шүү дээ. Тиймээс би аавынхаа зөвлөгөөг дагасан. Сургуулиа төгсөөд аавтайгаа хамт сумынхаа төвд засварын газар ажиллуулж байгаад цэрэгт ирсэн” гэсэн юм. Мэргэжил бүхэн сайхан, гол нь түүндээ эзэн болж чадвал хүн бүрт боломж бий гэдгийг Г.Бүүвэйбаатар маань аль хэдийн олж харжээ. Надтай хамт тухайн үед төгссөн залуусын ихэнх нь өнөөдөр мэргэжлийнхээ дагуу ажил, хөдөлмөр эрхлээд явж байна. Бүр зарим нь уул уурхайн том компаниудад сарын 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа сураг дуулсан гэж тэрбээр нэмж хэлсэн. 
Ер нь Политехникийн коллежид суралцах нь олон давуу талтай гэж би ч мөн адил боддог. Ерөнхий боловсролын дипломоос гадна мэргэжилтэй төгсөнө гэдэг бол дунд сургууль төгссөн залуусаас нэг алхам түрүүллээ л гэсэн үг шүү дээ. 
 
Байлдагч Я.Төртулга 2018 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан. Тэр бээр Г.Бүүвэйбаатарын “Buddy” ажээ. “Анх цэрэгт ирээд ёстой л нөгөө нусаа хацартаа наана гэдэг шиг байсан. Бэлтгэл сургуулилт, цэргийн дүрэм, журам зэрэг нь намайг хаана ирчихсэн билээ гэж бодогдоход хүргэж билээ. Тэр үед надад нөхрийн ёсоор тусалж, намайг ойлгож байсан хүн нь Г.Бүүвэйбаатар. Түүнээс би олон талаар үлгэр жишээ авч байна. Манай “Buddy” ямар нэгэн үүрэг, даалгаврыг үнэхээр чин сэтгэлээсээ, тултал нь сайн гүйцэтгэхийн төлөө маш их хичээдэг. Би түүний энэ зан чанарт нь үнэхээр дуртай. Хэрвээ маргааш цэцэг өргөх ёслолтой гэвэл өнөөдөр тэр өдөржингөө жагсаалын бэлтгэл хийдэг. Заримдаа ч энэ хүн ингэж байгаад сөхрөөд уначих вий дээ гэж боддог шүү гэж тодотгосон юм. Бүүвэйбаатарын энэ чанарын талаар бусад нөхөд, дарга нар нь ч гэсэн надад анх уулзахад хэлж байсныг энд нэмж тэмдэглэх нь зүйтэй. “Манай хүн” энэ чанараа ааваасаа өвлөсөн гэнэ шүү. Түүний аав нутагтаа “Зүгээр суудаггүй, зөрүүд Ганбаа” хочтой гэсэн. Могод сумын бараг бүх машин, техник хэрэгсэлд түүний гар хүрчээ. Индүү, плиткээс эхлээд суудлын машин, трактор гээд юу л байна, бүгдийг нь ганцхан Ганбаа ах л засдаг аж. Завтай үедээ хүртэл түүний аав зүгээр суулгүй багажаа арчаад суучихдаг тухай тэрбээр ярьсан. “Аав маань нэг ширхэг боолтыг ч хүртэл өөрөө чангалж, дахин, дахин шалгаж байж санаа нь амардаг. Ажил бүхнийг чин сэтгэлээсээ, үнэнчээр хийдэг түүнийхээ зан чанарыг өвлөж авахыг бодож, хичээж, явдаг” гэлээ. Г.Бүүвэйбаатар аавынхаа тэр эрхэм чанарыг хэдийн өвлөсөн бололтой. 
Намайг нийтлэлийнхээ гол баатартай уулзахаар очих үед Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдыг бэлтгэлээр халах ёслолын ажиллагаа явагдаж байсан юм. Энэ үеэр Г.Бүүвэйбаатарын онжавууд ангийн Байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, төрийн торгон цэргийнхээ сүүлийн өдрийг үдэцгээж байхтай нь таарсан. Энэ үеэр Г.Бүүвэйбаатар “Хүндэт харуул” ТББ-ын шагналаар шагнагдаж, ангийн удирдлага нь түүнийг албаа нэр төртэй хаасан тухай захидлыг гэр бүлийнхэнд нь уламжлан хүргүүлсэн юм. 
Мөн ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр бэлтгэлээр халагдаж буй дайчдад хандаж “Цэргийн алба хаана гэдэг эр хүнд байх сайн чанаруудыг эзэмшиж, сэтгэл зүйн болоод бие бялдрын тэсвэр хатуужил сууж, цэргийн эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ Монгол Улсын иргэнийхээ үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээнэ гэсэн үг юм. Та бүхэн Төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн өндөр хариуцлагатай ажиллагааг хичээнгүй гүйцэтгэж, БХЯ, ЗХЖШ-ын харуул хамгаалалтын үүргийг цаг агаарын эрс тэс нөхцөлд сонор сэрэмжтэйгээр биелүүлж, ангийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд ч хувь нэмрээ оруулсныг бахархалтайгаар хэлэхэд таатай байна. Цаашид та бүхэн улс, эх орондоо ихийг бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, эрдэм мэдлэг арвин байж, ажил амьдрал тань аз жаргалаар дүүрэн байгаасай. Та бүхнээр эх орон, гэр бүл чинь бахархаж байна. Амжилт хүсье” гэв. 
Ингээд Г.Бүүвэйбаатар аньсагандаа нулимстай ангийнхаа жагсаалд сүүлчийн удаа жагссан юм. Тэр бээр ангийн хашаа, жагсаалын талбай, цэргийн байр гээд аливаа бүхэнд нь дэндүү ихээр дасжээ. “Анх ирэхэд хэзээ энэ алба дуусаж, гэрийн зүг явах болоо гэж бодогдож байсан бол одоо ингээд явах цаг болчихдог, дэндүү бахархам, дэндүү сайхан нэг жилийг үдлээ” гэж тэр хэлсэн. Харин би түүнд нийтлэлийнхээ хамгийн сүүлийн мөрийг чамд үлдээе гэхэд “Аав аа, ээж ээ, хүлээж байгаарай хүү нь та хоёртоо тун удахгүй очлоо” гэсэн юм. 
Баяртай Бүүвэйбаатараа алтан шар зам тань өлзийтэй байг, Монгол цэргийн сүлд хийморь таныг ивээх болтугай.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин