УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаан 16.13 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль, тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Төсвийн тогтвортой байдлыг хангах, сахилга батыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөв санхүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онуудад 6 хувиар өсөхөөр төсөөллөө хэмээн Сангийн сайд танилцуулсан.
 
Ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцсон хэмээн мэдэгдэв.
 
 
 
Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар төлөхөөр тооцоолж, уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлжээ.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасан болохыг Сангийн сайд онцолсон юм.  
Мөн татварын багц хуулийн хэрэгжилтийг эхлүүлэн, бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, татварын бааз суурийг өргөжүүлснээр 2020 онд төсвийн орлогыг 2019 оны батлагдсан түвшинээс 1.4 их наяд төгрөгөөр илүү төвлөрүүлэхээр тооцжээ.
Дунд хугацаанд төрийн албан хаагчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, төсвийн тэгш бус хуваарилалтыг бууруулж, ил тод, шударга, оновчтой, үр ашгийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн тэрбээр хэллээ.
 
Түүнчлэн 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2020 онд шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр тусгасан байна.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дагалдуулан Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Өмнөх өрийн удирдлагын дунд хугацааны стратеги 2018 оноор дуусгавар болж, тухайн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан 2019 онд гарсантай холбоотойгоор дээрх баримт бичгийг боловсруулсан хэмээлээ.
Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага, өрийн зохицуулалтын зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд өмнөх стратегийн баримт бичигт тусгагдсан үр дүнгийн үзүүлэлтүүдийн биелэлтийг 2018 оны эцсийн байдлаар бүрэн хангасан болохыг тэрбээр дурдаад цаашид өрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд,
 
1. Төсвийн сахилга батыг сайжруулах, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, шинээр зээллэг хийх хэрэгцээг багасгах,
 
2. Гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах. Хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх,
 
3. Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзаж, урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг олж ашиглах,
 
4. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан систем нэвтрүүлж, иргэд арилжаанд түлхүү оролцох боломжийг бүрдүүлэх,
 
5. Барих-шилжүүлэх концессийн гэрээ байгуулах, вексель бичих зэргээр өр өсгөхгүй байх зэрэг асуудлыг тусгасан хэмээн танилцуулсан юм.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
 
Тухайлбал, Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг төсөв болон эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр хэрхэн төлөх, иргэдийн орлого нэмэгдсэн хэмээн мэдээлж байгаа нь бодит байдалд хэр нийцэж буй талаар тодруулсан.
 
Сангийн сайдын мэдээлснээр, 2021 онд төлөх 500 сая ам.долларын өрийн 100-150 саяыг хуримтлалаас төлж, үлдэх хэсгийг дахин санхүүжүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөж буй аж. Үүний тулд зарим гэрээ хэлцэл хийгдэж байгааг тэрбээр дурдаад, ингэснээр ханшид сөрөг нөлөө үзүүлэхгүй, төсөв, эдийн засагт дарамт үүсэхгүй хэмээн тооцоолж буйг дуулгасан. Ингэснээр өрийн хэмжээ тогтвортой буурч, өрийн дотор чанарын өөрчлөлт гарахаас гадна, ДНБ-ий өсөлтөд нөлөөлнө хэмээн үзэж буй аж.
30-40 мянган төгрөгийн ханштай байсан ноолуурын үнэ сүүлийн хоёр жилд 3-4 дахин өссөн, махны үнэ өссөн нь малчдын орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг Сангийн сайд хэлэв. Мөн төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн нь өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн гэлээ. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалт нийслэл, орон нутагт нэмэгдэж, түүнийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй хүмүүсийн орлогод нөлөөгөө үзүүлж байгаа гэдгийг Сангийн сайд дурдаад өрхийн орлого нэмэгдсэн болохыг статистикийн мэдээлэлд үндэслэн өгч буйг тодруулж байлаа. Гишүүд ийнхүү асууж, хариулт авсаны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.