УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан, АН-ын ЕНБДарга С.Баярцогт саяхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Оюу толгойн гэрээг хийсэн хүмүүсээр Монголчууд бахархах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Энэ бол анхаарал татсан төдийгүй маргаан дагуулахуйц дүгнэлт байлаа.
Учир нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гол албан тушаалтнуудын нэг нь С.Баярцогт өөрөө. Тиймээс түүний энэ үг шууд утгаараа өөрийгөө Монголын бахархал гэж үнэлж буй хэрэг гэж ойлгогдож байна.
Гэвч ийм үнэлгээ өгөхөд эртдэж байгаа юм биш биз?
Оюу толгой бол Монголын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн салбарын хөгжилд шинэ шат нээсэн нь маргаангүй үнэн. Экспортын орлого өсөж, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэж, олон мянган ажлын байр бий болсон зэрэг эерэг үр дүнг төслийг дэмжигчид онцолдог.
Гэвч нөгөө талд нь хариултгүй асуултууд байсаар байгаа.
Оюу толгойн гэрээ байгуулагдсан цагаасаа эхлэн улс төр, эдийн засгийн хүрээнд хамгийн их маргаан дагуулсан асуудлын нэг байсаар ирсэн. Монголын талын эзэмшлийн бүтэц, хөрөнгө оруулалтын зардлын тооцоо, ногдол ашиг хүртэх хугацаа, өрийн дарамт зэрэг олон асуудал олон нийтийн шүүмжлэлийн бай болж байгаа. Тэр ч бүү хэл, үе үеийн Засгийн газрууд гэрээний зарим нөхцөлийг өөрчлөх, сайжруулах шаардлагатай гэж үзэн дахин хэлэлцээ хийхэд хүрч байв.
Хэрэв байгуулсан гэрээ нь Монголын эрх ашигт бүрэн нийцсэн, нийгмийн дэмжлэгийг хүлээсэн байсан бол ийм олон жилийн маргаан үргэлжлэх байсан уу гэсэн асуулт зүй ёсоор урган гарна.
Түүхэн шийдвэрийн үнэлгээг түүнийг гаргасан хүмүүс өөрсдөө өгдөггүй. Харин үр дүн нь өгдөг. Улс төрчид өөрсдийгөө бахархал гэж тодорхойлж болно. Харин ард түмэн хүлээн зөвшөөрсөн цагт л тэр үнэлгээ бодит утгаараа баталгааждаг.
Өнөөдөр Оюу толгойн төсөл Монголын эдийн засгийн тулгуурын нэг болсон нь үнэн. Гэвч энэ төслийн гэрээг байгуулсан хүмүүсийг Монголын бахархал гэж дүгнэхийг нийгэм хүлээн зөвшөөрч байгаа гэхэд хэцүү.
Харин ч эсрэгээрээ, гэрээний үр өгөөж, алдаа оноо, Монголд авчирсан бодит ашиг, алдагдлын талаарх маргаан үргэлжилсээр байна.
Тиймээс “Оюу толгойн гэрээг байгуулсан хүмүүсээр Монголчууд бахархах ёстой” гэсэн дүгнэлт өнөөдөр нэг хүний байр суурь байж болох ч нийт ард түмний үнэлгээ огтхон ч биш. Бахархал уу, эсвэл гутамшиг уу гэдгийг улс төрчдийн мэдэгдэл биш, харин бодит үр дүн л харуулах болно.
Б.Балжир
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0