Сэтгүүлч Б.Отгон тэргүүтэй хэсэг иргэд Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардсан жагсаал хийлээ.
Тэд Засгийн Газарт хүргүүлсэн шаардлагадаа: "Оюу толгой ХХК нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул дараах үндэслэлээр гэрээг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авах ард нийтийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1.Оюу толгой ХХК нь Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийгбатлуулахгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж хууль зөрчсөн.
2.Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг 2025, 2026 онд тус тус батлуулалгүйгээр олборлолт явуулж говийн экосистем, газрын хөрс, гүний усанд нөхөж баршгүй хохирол учруулсаар байна.
3.Оюу толгой ХХК нь 2013-2025 онд 21.2 тэрбум ам.долларын баялаг дэлхийн зах зээлд борлуулсан ч 34%-ийг эзэмшигч Монгол улсын талд нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөхгүй өдий хүрлээ.
4.Оюу толгойн 66%-ийг эзэмшигч Рио Тинто компани нь хөрөнгө оруулагч нэрээр Монголчуудыг хууран мэхэлж, гэрээ байгуулангуутаа Оюу толгой төслийг санхүүжүүлэхдээ гадаадын банкнуудаас өндөр хүүтэй зээл авч, зардлыг зориуд зохиомлоор өсгөн Монголын тал ногдол ашиг хэзээ ч хүртэхгүй байх схем бий болгон мөнгө хүлээлт, санхүүгийн мөлжлөг явуулж байна. Өнөөдөр бид Оюу толгой төслийн зөвхөн зээлийн хүйнд өдөрт 15 тэрбум төгрөг төлж байгаа нь үүний нотолгоо юм. Мөн Оюу толгой төсөлтэй холбогдох зээл нь Монгол улсын нийт гадаад өрийн 50%-аас илүүг эзэлж, улс орноор нь өрийн асар их дарамтад оруулсаар байна.
5.Нөөц баялгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Оюу толгойн ордыг ашиглаж байгаа мөртлөө баялгийн эзэн Монголчуудын дийлэнх нь ядуу амьдарч, үндсэн хуулиар олгогдсон эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгаагаар хангуулах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь тус төсөл нь Монгол улсад ямар ч үр өгөөжгүй болохыг харуулж байна. Харин эсрэгээрээ Рио тинтод асар их ашиг авчирснаар хувьцааны үнэ нь өсөж, Австралийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын багцын 7%-ыг дангаараа бүрдүүлэх болжээ.
6."Татварыг тогтворжуулах" гэсэн заалтыг гэрээнд тусгаснаар Оюу толгой ХХК АМНАТ болон бусад татварыг багаар төлөх илт давуу эрхийг урт хугацааны туршид эдэлж байна. Өнөөдөр яг адилхан зэсийн экспорт хийж байгаа Монголын Эрдэнэт үйлдвэр АМНАТ-ыг 21%-иар төлж байхад Оюу толгой 5% -иар төлж байгаа нь зөвхөн АМНАТ-ыг гэхэд 4 дахин бага төлөх давуу эрх эдэлж байна
7.Оюу толгой төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш ус ашигласны төлбөр болон бусад холбогдох татваруудаа төлөөгүй олон жилийн үргэлжилсэн маргааныг бий болгоод байна.
8.Тус компани нь үндсэн хуулинд заасан иргэдийн мэдэх эрхийг зөрчиж хил гаали гарч байгаа вагоны тоо, хэмжээ, түүнд ачигдсан баялгийн найрлага гэх мэт мэдээллүүдийг үнэн зөвөөр мэдээлдэггүй. Энэ нь Монгол улсын зүгээс хөндлөнгийн зөвлөл томилж, уурхайн мэдээллийг иргэдийн хяналтандор байлгах нөхцөл алдагдаж, татварыг үнэн зөв ангилах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг илтгэсээр байна.
9.Оюу толгойн орлого болон санхүүгийн гүйлгээ нь Монголын банкаар дамждаггүй тул валютын урсгалын хяналт, гэрээний хэрэгжилтийг Монголын тал шалгах боломжгүй болсон. Энэ нь Монгол улсын эдийн засагт хүртээлгүй байна.
10."Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, дахиж зээлийн санхүүжилт авахгүй байх"-ыг үүрэг болгосон УИХ-ын 103-р тогтоолыг зөрчиж,7 тэрбум ам долларын зээл авсан байна.
11.Оюу толгойн гэрээг 2009 онд байгуулахдаа авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан тухайн үеийн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хуулийн хариуцлага бүрэн дүүрэн хүлээлгээгүй байна.
Дээрх үндэслэлүүд нь Оюу толгой төсөл дэлхийд байхгүй луйвар болсны нотолгоо юм. Иймд Монгол улсын нийгэм эдийн засаг болоод байгаль орчинд нөхөж баршгүй асар их хохирол учруулж буй луйврын гэрээг цуцлахыг ЗГ, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тус тус шаардаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол улсын талд учирсан мөнгөн болон байгаль орчинд учруулсан бүхий л хохирлыг нөхөн төлөхийг давхар шаардаж байна.
Шаардлагын хариуг: 2026 оны 06-р сарын 11-ний өдрийн 11 цагт Сүхбаатарын талбай дээр ард иргэдийн төлөөлөлд гардуулж өгнө үү.
Дээрх шаардлагыг иргэд, ард нийт хүргүүлсээр байтал биелүүлэхгүй бол Оюу толгой компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээг дэс дараалан авах болсноо үүгээр мэдэгдэж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ " гэжээ.
Н.Отгончимэг
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
Хогийн юмны телее тэмцэл хийх юм малнууд. Тер, засгаа цэвэрлэчихэл наад РИО ТИНТО чинь еерее л хуулийн дагуу гарахаас еер арга байхгуй. Тиймээс эхлээд Монголын терийг засагтай нь зайлуулж цэвэрлэх шаардлага байна. Ойлгов уу, ухэр монголчуудаа...
Гэрээг цуцалвал Монгол асар их мөнгө төлөх болно Учир гь гэрээгг УИХ баталчихсан