sonin.mn

Нэгэн угсаатан болж эрт бүрэлдсэнийг нь нотлох, мөн төв төртэй байсныг нь гэрчлэх зүйлс монголчуудын хувьд олон буй. Юуны өмнө л монголчууд (бичигдээгүй) ёс суртахууны хуультай, мөн бичигдсэн төрийн хуультай байжээ. 13-р зууны эхэн үе гэхэд л олны мэдэх Их засаг (Их Яса) хууль байна. Модун шаньюгийн үе гэхэд л “Газар нутаг бол төр засгийн үндэс” хэмээсэн үг, үзэл баримтлал байна. “Хүн төрөлхтний түүх монголчуудаас эхэлдэг. Учир нь тэд төр засагтай байсан юм” гэх европынхны үнэлгээ, дүгнэлт байна. Мөн “төр төмбөгөр, ёс ёмбогор” гэх зүйр үг байна. “Хүн ахтай, дээл захтай”, “Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй” гэх үгс ч тун эртнийх юм. Энэчлэн олон зүйлийг дурдаж болно. 


Ёс суртахууны хэм хэмжээгүй зүйл монголчуудын ахуй, амьдрал, зан үйлд бараг л байсангүй. Айлын гэррүү ойртож очсон ч, гэрт нь ороод суусан ч, тавагтай идээнд гар хүрсэн ч, гаанс болон хөөргөөр тамхилсан ч бүгд л тодорхой дэг жаягтай. Дэг жаяг нь бүгд л эрт дээр үеэс эхлэл, сурвалжтай. Олон мянган жилийн төр, ёсны түүхтэй (4-6 мянган жилийн) болох нь оршуулгын зан үйлээс ч, буган чулуун хөшөөнүүдээс ч, хадан дээрх сүг зургуудаас ч харагддаг, ойлгогддог юм. Нийгэм бултаараа дагаж мөрдөх учиртай үндсэн хууль ч гэсэн мөн л анх Монголд (Англиас өмнө) зохиогдож, мөрдөгдөж байжээ. 

Монголчууд морин дээрээсээ ан агнаж, тулалдаж (хөөн гүйцэж, зугтан зайлж) байсан болохоор морьдын уналга, ачилгын, байлдааны бүхий л тоног, хэрэгслийг ч тэд зохион бүтээжээ. 

Гэр барих газар, үүд хаалганы хандах зүг, гэрийн доторх зай, талбайны хуваарилалт, зориулалт ч хатуу дэг, ёстой байв. 

Өмнө дурдагдсан ёс горим, дэг жаяг, хуулиуд бүх хүнээс л хариуцлага, сахилга шаардаж, соёл-иргэншилд сургаж, хүмүүжүүлж, нийгэмшүүлж иржээ. 


Төрийн минь сүлд өршөө! гэх үг ч эртнийх, нар, сар, галын дөл хосолсон төрийн сүлд тэмдэг, төрийн цагаан, цэргийн хар туг ч мөн эртнийх юм. 


Хойд тал, баруун тал, зүүн талдаа хил залгасан төр улсгүй, ганцхүү өмнө этгээддээ л суурин соёл-иргэншилтэй Хятадын улсуудтай хиллэдэг байсан атлаа хятал үсэг бичиг, соёлд нь автаагүй, нөлөөлөгдөөгүй байсаар ирсэн нь монголчууд өөрийн гэсэн юм юмтай, биеэ даасан (биеэ тоосон) төр улс байсны баталгаа, нотолгоо, Хятадын улсуудад хэзээ ч эзлэгдээгүй явж ирсний гэрчилгээ болно. Энэ нь мөн Хятадын улсуудын хүчин чадал Монголыг эрхшээх, эзлэн авах, ноёрхох хэмжээнд байгаагүй гэдгийн нотолгоо болж ойлгогддог. Хятадын улсууд төвлөрөх, хүчирхэгжих бүрийдээ л монголчуудыг хойш түрж, холдуулж чадаж байсан болохоос байлдан дагуулж, өөртөө нэгтгэх сүр хүч, давамгайлалгүй байсаар бидний энэ үетэй золгожээ. Тэгэхлээр Ази тивийн түүх, Монголын түүх энэ байдлыг тусгаж бичигдэх ёстой. Монголын түүхийг нэгэн ботиор бичсэн ч, мөн 30 ботиор бичсэн ч энэ түүхэн үнэн яг таг л дурдагдах, жишээ, баримтаар нотлогдох учиртай. 


Монголчууд эртнээс нааш олон үсэг, бичиг хэрэглэсэн хэдий ч хятад үсэг, бичгийг түүхийн аль ч үед авсангүй. Ганцхүү авиаг тэмдэглэдэг үсэг, бичиг л хэрэглэж ирсэн нь тун ч зөв байр суурь байв. Ашиглахад хялбарыг, сурахад хялбарыг, цаг цаас хэмнэхэд тустайг хааны түвшинд, харцын түвшинд монгол ухаан зөв, оновчтой шийдэж ирсний нэгэн жишээ энэ юм. Одоо ч гэсэн бид яг л тийм байр, сууринаас үсэг, бичигт хандаж байх нь зохистой, ашигтай, ирээдүйтэй. Амьд монгол хэл маань л чухал болохоос биш, түүнийг тэмдэглэдэг үсэг, бичигт үндсэрхэж, явцуурч “босоо монгол бичиг минь” хэмээн сүжрэх, зууралдах нь цааш цаашдаа олон талын хор, хохирол, зардал, чирэгдэлд хүргэх болно. Ийм үсэг, бичиг ашиглаж байсныг маань тэртэй тэргүй л дэлхий дахин мэднэ. Хаанаас, хэзээ, анх авсан юм бэ гэдгийг ч андахгүй. Араб үсэг, бичгийн босоо хувилбар, уйгар үсэг, бичгийн монгол хувилбар гэдгийг бид өөрсдөө мэднэ. Манж нар ч иймэрдүү үсэг, бичиг хэрэглэж байсан...


Өсөхөөс сурсан төрөлх хэлнийхээ авианзүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгсийн сан, зөв ярих, бичих урлаг, дүрэм зэргийг л бид сайтар эзэмших учиртай. Цэгцтэй тод, яруу сайхан ярьдаг, бичдэг чадварыг хүн болгон эзэмшэн байх ёстой. 


Нэг янзаар бичдэг, өөр янзаар уншдаг (дууддаг) хэл, ярианы хэл нь бичгийн хэлнээсээ улам бүр өөр болсоор байгаа хэлнүүд дэлхийн хэмжээнд олон буй. Жишээ нь англичууд “гоод” гэж бичээд “гүд” гэж дууддаг. Энэ байдлаа ч байн байн шүүмжлэн хэлэлцэж ярианы болон бичгийн хэлээ ойртуулъя, яаж ярьж байна, тэгж л бичье, бид чинь авиа тэмдэглэдэг үсэгтэй шүү дээ хэмээн маргалдсаар л байгаа. Энэ маргаан бидэнд ч их хамаарал, сургамжтай. Хоёр “оо” үсэг бичээд нэг “ү” үсэг болгож ярих, дуудах нь бичих үйлдэл нь ярих, дуудах үйлдлээсээ хоцорсон л гэсэн үг, үүнийг засъя, жигдэлье гэж нэг хэсэг нь хэлдэг юм. Манайд бол “улаган” гэж бичээд “улаан” гэж уншихыг хүүхдүүд гайхдаг шүү дээ.


Бичих нь нэг янз, унших нь өөр янз байхыг насанд хүрэгсдийн ихэнх нь ч таашаадаггүй, ойлгодоггүй. Харин хуучинсаг, үндсэрхэх үзэл, бодолтой цөөн хүмүүс энэ талаар бодох нь бүү хэл, сонсохыг ч хүсдэггүй. Өнөөдөр ч бодит байдал ийм л байгаа. Өнгөрсөн 80 жилийн туршид ч иймэрхүү яриа, маргаан гарсаар иржээ. ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зэрэг цолтой (доктор, профессор, академич) намын гишүүдэд (Намын улстөрийн дугуйлангийн дээд шат) миний бие “Диалектика природы” сэдвээр 6 сарын туршид 7 хоног бүрд лекц уншиж, семинар удирддаг байв. Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн нар энэ дугуйлангийн сонсогчид байсан юм. Өмнө яригдсантай төсөөтэй маргаан, санал солилцолт нэг удаа өрнөж мөнөөх гурав ч нэлээд идэвхтэй оролцож билээ. Тэгэхэд Ринчен гуай ЛҮД, ДҮД хэмээн товчилсон үг хэрэглэж (ЛҮД – Лувсанвандангийн үсгийн дүрэм, ДҮД – Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм) нэлээд ярихдаа яг өөрийнхөө санал, шийдлийг булзааруулсхийгээд л өнгөрч байв. Болгоомжилж байгаа нь ойлгомжтой хэдий ч (түүнийг элдвээр л буруутгадаг, сэрддэг, гоочилдог байсан цаг л даа) тун ч чадварлагаар бүрхэгдүүлж, олон салаа утга гарган тоглоом, шоглоом, егөөдөл болгож яриагаа дуусгасан нь сонин байж билээ. Тэр гурвын далд санаа, гүнийн утга өөр өөр гэгдэхээр байсан юм шүү.


Нэгдсэн санал, шийдэлд хүрэх боломжгүй нь тодорхой байв. Энэ үеийн сонин дурсамж олон буй. Заримыг нь одоо өгүүлэхэд орчин цагийн залуус ойлгох ч үгүй. Цаг үе нь их адармаатай, хүмүүс нь ч хашир, учир битүүлэг үг яриатай байж дээ... Ийм үзэгдэл сэхээтний дээд давхрааны хувьд элдэв янзын дүр эсгэлт, хардалт, сэрдэлт, болгоомжлолыг үүдэж, үг яриагаа хянах, цэнэхэд өөрийн эрхгүй хүргэдэг байв. МАХН-аас дэвшүүлсэн зорилтуудын биелэлтийн хувь, хэмжээг нууцлах, нийгмийн амьдрал дахь элдэв сөрөг зүйл, халдварт өвчин, эх нялхсын эндэгдэл зэргийг нууцлах, шүүмжлэлийг ч төөрөгдөл гэж зэмлэх, санаатай зорилготой гуйвуулга гэж буруушаах нь жилээс жилд л нэмэгдсээр, хүчтэй болсоор байсан юм. Энэ тухай би “Ю.Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ?” нэртэй товхимолдоо товчхон ч гэлээ өгүүлсэн юм. 


Түүхэн үнэнийг таних, сэргээх нь түүхчдийн үүрэг, бас чадвар нь юм шүү. 30 ботиор туурвигдах түүх маань хэр зэрэг чанартай байх бол оо? Гадна, дотны сөрөг нөлөө, дарамт үгүй болохоор гайгүй байх. Зохиогчдын чадавхаас л бүх зүйл хамаарах бизээ.


Судлаач, профессор Д.Чулуунжав