sonin.mn
“Боинг 737 Макс” загварын нисэх онгоцны доголдлыг нуун дарагдуулсан нь энэ загварын нисэх онгоцыг хоёр ч удаа осолдоход хүргэлээ хэмээн 400 гаруй нисгэгч “Боинг” компанийг шүүхэд өгчээ. Тус компани “Боинг 737 Макс” загварын нисэх онгоцны доголдлыг нуун дарагдуулсан нь Индонез болон Этиопт онгоц осолдож, онгоцны ашиглалтыг дэлхий даяар түр зогсооход хүргэсэн" хэмээн мэдэгдэлд дурджээ. 
Шүүхэд гаргасан гомдолд нисгэгчид авч буй цалингаасаа алдагдал хүлээж байгаагаа болон санхүүтэй холбоогүй бусад хүндрэл бэрхшээлийг туулж байгаагаа илэрхийлжээ. Өргөдлийг ирэх аравдугаар сарын 21-нд Чикаго хотын шүүхэд авч хэлэлцэх аж. 
 
“Боинг 737 Макс” загварын нисэх онгоцнуудын нислэгийг хориглосонтой холбоотойгоор дутуу олгосон цалинг нөхөн олгохыг “Southwest Airlines” агаарын тээврийн компанийн нисгэгчид “Боинг” компаниас шаардсан байна.
 
Шинжээчдийн үзэж байгаагаар, тус загварын нисэх онгоцны нислэгийг зогсоосноор “Southwest Airlines” компани сар бүр 8.5 сая ам.долларыг алдаж байгаа аж. Харин "Боинг"-ийн гол өрсөлдөгч Европын агаарын тээврийн “Air bus” компани “Paris air Show”-ийн үеэр 363 онгоцны захиалга авснаа мэдэгдлээ. Үүний дийлэнх нь буюу 226 нь дээрх арга хэмжээний үеэр шинээр танилцуулсан хамгийн хол зам туулах чадвартай “А321ХLR” загварын онгоц байжээ. 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин