Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт нь үер ус, ган, зудаас эхлээд гамшгийн давтамж, төрөл, эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Энэ хэрээр дэлхий нийтээрээ гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдлэг туршлага төлөвлөгөөгөө  боловсронгуй болгоход бүх хүч, анхаарлаа хандуулж буй юм. Манай улс ч “Говийн чоно” олон улсын сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж ирсэн нь бусад улс орнуудын зорьж ирж оролцдог гамшигтай тэмцэх томоохон дадлага, сургуулилт болоод удаж байна. Тэгвэл Дорноговь аймагт найм дахь удаагаа болж буй “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага гадаад, дотоодынхны туршлагаа хуваалцаж, мэдлэг мэдээллээ тэлж, хамтарсан дадлага хийдэг талбар буюу гамшигтай тэмцэх иж бүрэн платформ болж өргөжсөнийг оролцогчид онцоллоо. Энэ жил оролцогч улс орнуудын тоо нэмэгдсэнээс гадна сургалтын хөтөлбөр төлөвлөгөө академик түвшинд суурилж, онол практикийг хослуулсан иж бүрэн түвшинд хүрчээ.
 
 
ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Непал, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, төв орон нутгийн төр, хувийн хэвшлийн  500 гаруй төлөөлөл оролцож байна.
 
 
“Говийн чоно-2019” дадлага сургуулилтын талаар олон улсын сургалт, дадлага сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр “Дорноговь аймагт зохион байгуулсан нь хоёр шалтгаантай. Өнгөрсөн жил Айраг суманд томоохон үер, гал тэрэгний осол болж, хүчтэй салхи шуурга, мал амьтны өвчин, гал түймэр байгалийн аюулт үзэгдэл ослын тоо нэмэгдсэн. Хоёрдугаарт, дэд бүтэц үйлдвэржилттэй холбоотой. Гамшиг хөгжил хоёр уялдаатай учраас төмөр зам, нефть, автозам, уул уурхайн болзошгүй аюулаас сэргийлэх,  бэлэн байдлыг хангах шаардлагыг тулгуур болгож олон улсын дадлага сургуулилтыг Дорноговьд зохион байгуулж байна. Анх ОБЕГ, Ази номхон далайн цэргийн командлал хоёр талаасаа зохион байгуулдаг байсан бол жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдсэн. Сургалтын хөтөлбөрийн хувьд иж бүрэн боллоо. Эхний долоо хоногт аврагчдын ур чадварыг дээшлүүлэх танхимын сургалтыг дадлагатай нь хамт олон төрлөөр зохион байгуулсан. Дорноговиос гадна зүүн бүс, нийслэл, өмнөд бүсийн аврагчид оролцож байна.
 
Гамшигтай тэмцэх хариу арга хэмжээ авахад хүний нөөцийг чадавхижуулах нь хамгийн чухал. Гэнэтийн ослын удирдлагын системээр Америкийн сургагч багш сумдын Тамгын газрын дарга, байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудад хичээл зааж байна. Бидэнд төлөвлөгөө байгаа мөртлөө бодит нөхцөл байдалд тулгуурласан мэдээлэл боловсруулах ажил дутмаг байсан. Сүүлийн зургаан хоногт академик сургалтууд явагдана. Бид туршлага, техник технологи ололт амжилтаа ярилцсан бол хийсвэр аюул ослын цагийн байдал үүсгээд команд штабын сургуулилт хийнэ. Энэ үед байгууллагууд хэрхэн ажиллах, ямар эрх үүрэгтэй оролцох талаар ярилцана. Төгсгөлд нь мэргэжлийн ангиудын зургаан төрлийн хамтарсан сургуулилт зохион байгуулж ололт амжилт гарц гаргалгаагаа ярилцана. Нэг төгрөг зарцуулаад арван төгрөгийн үр дүнгийн ашигтай байх ёстой” гэсэн юм.
 
Гамшигтай тэмцэх талаар техник, академик түвшин, команд штаб, дуурайлган үзүүлэх ерөнхий үе шатын хүрээнд  21 төрлийн сургалт явуулж буй юм. Сургалтын үеэр гаднын төлөөлөгчид өөрийн улс орны гамшигтай тэмцэх тогтолцооны талаар илтгэл тавьж, сургагч багш нар хичээл зааж, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр Аляскагийн сургагч багшийн хэлснээр агуулга, нэр томъёоны хувьд нэгдсэн ойлголттой байх ёстой. Жишээлбэл, гамшгийн үед онцгой байдлын байгууллагаас автоцистерн захиалахад нисэх, эрүүл мэнд, ус сувгийн байгууллага хэрхэн хүлээж авч ойлгож байгаа нь чухал. Нэгдсэн ойлголтгүй бол яарч сандарсан үед зохицуулалт алдагдах аюултай гэдгийг хэлж байв. Мөн АНУ-ын сургагч багш томоохон гамшиг болсны дараа байгууллагуудын төлөөлөл сууж байгаад ололт амжилтаа ярьж иж бүрэн дасгал сургуулилт хийдэг гэсэн бол Индонезийн төлөөлөл гамшигтай тэмцэх зардлыг хэрхэн хуваарилдаг, зэвсэгт хүчнийг ямар үед ашигладаг  талаар өөрсдийн туршлагаа хуваалцав.
Энэ удаагийн “Говийн чоно-2019” дадлага сургуулилтын үеэр гадаад, дотоодын төлөөлөгчид гамшигтай тэмцэхэд сайн дурынхны үүрэг оролцоог илүүтэй онцолж, чухалчилж байсан юм. Энэ талаар АНУ-ын Номхон далайн армийн Зүүн хойд ази, Номхон далайн арлын орнуудын асуудал эрхэлсэн газрын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан дарга, дэд хурандаа Эрик Слатер “Гамшгийн хор уршгийг арилгахад сайн дурынхны гүйцэтгэх үүрэг  дэндүү их. Сайн дурынхныг зохион байгуулснаар мэдлэг туршлага бүхий мэргэшсэн хүмүүсээ гол хэсэгт дайчлах боломж нээгддэг. Манай улсад бүх насныхан сайн дурын ажилд оролцдог. Хүүхдүүдийг маш багаас нь онцгой байдлын утсанд хэрхэн дуудлага өгөх вэ зэргээр гамшгийн мэдлэг ойлголтыг өгдөг. Залуус гамшигтай тэмцэх төрөл бүрийн апплекейшн ашиглаж гамшгаас сэргийлэх, сайн дурын ажилд оролцох чадвар эзэмшдэг. Иргэдэд гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг ойлголтыг тогтмол өгдөг учраас ихэнх нь үүнд суралцсан байдаг. Чадвар эзэмшсэн хүн цаг алдахгүйгээр асуудлыг шийдвэрлэж чаддаг. Гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх төсвийг төр, хувийн байгууллагууд шат шатандаа төсөвлөдөг.
 
Иргэдэд гамшгаас сэргийлэх мэдлэг мэдээлэл олгоход хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй. Төр засаг гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгахад ямар чадавхитайгаа харуулах ёстой. Мөн төр иргэдтэйгээ бүхий л сувгийг ашиглан харилцах шаардлагатай. Манай улсын хувьд иргэдтэй өргөн хүрээнд харилцдаг. Хамгийн чухал нь хэвлэл мэдээлэлтэй нягт хамтарч ажилладаг. Тухайлбал, Онцгой байдлын байгууллагын ашигладаг хувцас хэрэглэл, техник төхөөрөмжийг иргэдэд нээлттэй дэлгэж үзүүлдэг. Тэд өмсч, барьж үзсэнээр итгэлцэл бий болдог. Монголд ч гэсэн энэ тал дээр ахиц дэвшил гараасай гэх үүднээс Сайншандын Улаан загалмайн нийгэмлэгт дэмжлэг үзүүлж байгаа” гэсэн юм. Харин манай улсын хувьд Гамшгаас хамгаалах хуульд анх удаа сайн дурынхны талаарх бүх зохицуулалтыг тусгаж өгчээ. Мөн  зарим аймаг сумдад сайн дурын ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн байна. Сайн дурын ажилтан гамшгийн нөхцөлд бэртэж гэмтвэл онцгой байдлын алба хаагчтай адил тусламж, халамж үзүүлэх зэргээр зохицуулсныг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм.
Гадаад улс орнуудын төлөөлөгчид “Говийн чоно” сургуулилт бол Монголыг олон улсад таниулсан бас нэг брэнд болсныг ч онцоллоо. Харин найман удаагийн сургалтын үр дүнгийн талаар  “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль ши­нэч­лэг­дэж, олон өөрчлөлтийг тус­гаж чадсан. Тухайлбал, гамшгийн өмнөх, гамшгийн үеийн болон дараах удирдлагыг хуваадаггүй байсан бол олон улсын туршлагыг системтэйгээр нэвтрүүлсэн. Ойлголт, менежментийн өөрчлөлт асар их гарсан. Газар хөдлөлт, уул уурхай, осол аваар гэх зэргээр бүх төрлийн сургалтыг сум орон нутагт нь очиж хийж байгууллага бүрийн чиг үүргийг тодорхой болгосон. Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө бүрэн шинэчлэгдэж байна. Бусад улс орны сайн туршлагыг су­далж хуримтлуулна  гэдэг хөрөнгө сан­хүүгээр хэмжишгүй үнэт капитал. Энэ бүхнийг төлөвшүүлж, үрийг нь тарьж байна. Гамшигтай тэмцэх чиг үүрэг арван жилийн өмнөхтэй харьцуулашгүй. Хүмүүс ч юм мэдэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй болсон” гэсэн юм.
 
Олон улсын сургуулилт аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох өндрөөс аврах ажиллагаа болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан  сургалт, Монгол, Америкийн аврагчдын хамтар­сан дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулиар үргэлжилж байна.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин