sonin.mn

Арслан барсын хүчийг нэгэнт олсон Украины арми хаврын давшилтаа амжилттай өрнүүлж байна. Тэнд төчнөөн газар нутаг, энд тэдэн тосгон суурингаа буцаан авлаа гэсэн мэдээ өдөр бүр фронтоос тасралтгүй ирэх боллоо. Яван байж чангарана гэдэг эртний үг бий. 2026 он гараад дэлхий нийтийн анхаарал Венесуэл, Куба, Ираны мэдээнд дарагдаж байх хооронд болсон нэг сонирхолтой мэдээлэл бол Элон Маск Оросын “нүдийг сохолсон” явдал юм. ОХУ түүний өмч Starlink-ийг түүний зөвшөөрөлгүй хулгайгаар ашиглаж байгааг тэрбээр олж мэдэн тэднийг дарахаар шийджээ. Энэ үеэс дайны хэтийн төлөвийг Starlink зурж эхэллээ. Украинчууд түүнийг нь маш ухаалаг ашиглаж байна.


GSP нь ажиллахгүй болсон тул Оросын цэргүүд одоо харилцаа холбооны хувьд Дэлхийн II дайны үеийн систем рүү шилжихээс өөр аргагүй болж, нөгөө алдарт хараалуудаа урсган хөгөө ч нэг чирч байна. Санаж байна уу, оросуудын нөгөө дайны сэдэвтэй кинонууд дээр гардаг холбооны утсаа чирээд гүйдгийг. “Байна уу, байна уу? Улаан уу? Би “Цагаан” чинь байна аа...” гээд орилолддогийг? Тэднийг ингэж зүг чигээ алдан мунгинаж байх үед нь украинчууд тэднийг балбах шиг л болж байна. Өдөрт амиа алдсан цэргийнх нь тоо 1000-аас буухаа болилоо. Өнгөрсөн 7 хоногийн нэг өдрийн мэдээгээр хамгийн их буюу 1700 цэрэг нь алууллаа.

 

“Сар тутам дундчаар 35.000 цэргээ алдаж байсан Оросын хохиролыг одоо бид 50.000 хүртэл өсгөнө. Залуу эрсийг алах харамсалтай л байна. Гэлээ гээд бид яах билээ. Дайсан бууж өгөхгүй бол устга гэдэг нь угаасаа дайны хууль” гэсэн утгатай мэдэгдлийг Украины Ерөнхийлөгч Зелинский болон БХЯ-ны сайд нь он гараад мэдэгдэж байсан.


Удалгүй Оросын Арми Starlink-гүй болж “сохорсноор” энэ мэдэгдлийн учир тайлагдав. Оросын ялагдал бодитой болсныг зөгнөсөн энэ аймаар мэдээ хэдийгээр “хөлдүү” ч гэсэн Оросын нийгэмийг “гэсгээж” эхэлсэн тул түүнээс айсан Оросын удирдлага иргэний мэдээллийн системийг бараг бүгдийг нь энэ 4-р сарын 1-нээс эхлэн хааж байна. Ингээд Оросын цэргүүд төдийгүй ард иргэд нь, нэг үгээр хөөрхий Орос орон тэр чигээрээ “таг сохрох” болно. Нэгэнт үнэн зөв мэдээлэлгүй болох тул ард иргэд нь хаана юу болоод байгаа үнэн зөвөөр нь мэдэх аргагүй боллоо. Орос хэзээнээсээ эр цэргээ хайрладаггүйгээрээ “алдартай”. Тэд хүнийг, тэр тусмаа цэрэг эрсээ “зэвсэг” гэж үздэг харгис “философи”-той улс, үндэстэн. “Хүн” биш “Зэвсэг” Үүнийгээ “Патриотизм” гэдэг гоё үгээр халхалдаг.


Одоо 400.000 Оросын иргэн залуусыг “махны машинд” оруулахаар зэхэж байна. Тэр нь Украины тооцоогоор 8 хоногийн “зууш” л даа. Хайран ч залуус. Гэвч Путин дахиад ч “зууш” бэлтгэнэ. Юутай ч энэ зун хүртэл. Ер нь хэзээ дайн дуусдаг юм төдий хүртэл “зууш” бэлтгэсээр байгаад л дуусна.


Хүн бол юу ч биш, Оросын харгис генералуудад. “Энэ зун” гэдгийн учир бол Трампын мэдэгдэлтэй холбоотой. Энэ зун их юм болно оо. Трамп зүгээр ч нэг энэ зуныг зааж хэлээгүй. Түүний цаана маш том, хүчирхэг институтууд судлаж, бодож, төлөвлөж байдаг юм. Америк гүрэн түүнийгээ ч хэрэгжүүлж чаддагаа Трамп гарч ирснээсээ хойш олонтаа нотлон харуулж байна. Америк, Израиль хоёр 6 дугаар сар хүртлэх энэ богинохон хугацаанд Ираны учрыг олно гэж тооцож байна. Тэгээд л Трамп суларч Орос-Украины дайн руу анхаарлаа хандуулна гэсэн үг. Куба уу? Өө, тэр асуудалгүй. Одоо тэр “муужраад уначихсан”. Тусламж гуйх үед нь тусална. Эртний хөрш Куба андаа хөл дээр нь босгож өгнө өө, өгнө. Хөөрхий тэднийг хаяхгүй. Нэг үгээр тэнд дайн дажин болохгүй. Трамп, “Ормуз”-ыг нефтийн хохирол амсаж байгаа улсуудад даатгаад орхино. Газрын дайнд Курдын арми орохоор бэлтгэж байна. Курдууд уулархаг газрын байлдаанд гарамгай дайчид. Газар орноо ч мэднэ. “Суннит” курдууд “Шиит”-ийн голомтыг одоо л нэг дарж авдаг цаг гээд нэн баяртай гараа үрчин, цаг мөч тоолон хүлээж байна.

 

Украин дайнд ялах нь гарцаагүйн баталгаа нь нисгэгчгүй онгоц, мөн “Дрон” юм. Орос-Украины дайн нь орчин үеийн дайн мөн тул хүний махан байлдаан биш технологи-инновац юм гэдгийг Украины арми нотлож байна. Дайны тухай үзэл бодол, хандлага, стратеги-тактик үндсээрээ өөрчлөгдлөө.

 

Одоо цагт энэ дэлхий дээр Украин шиг байлдааны өндөр ур чадвартай, туршлагажиж хатуужсан цэрэг арми байхгүй. Тэд бараг №1 боллоо. Дайнд хатуужсан хүчирхэг арми гэвэл Европтоо Украин толгой цохино. Дэлхийд гэвэл одоо яг байлдаж байгаагаар нь АНУ, Израиль, Украин гэж нэрлэх болж байх шиг байна. Үүнтэй хэн ч маргаж чадахгүй. Дэлхийн хамгийн хүчирхэг Америк хүртэл Украинаас тусламж гуйх цаг ирдэг юм байж. Ганц тэд ч биш. Персийн булангийн баян орнууд, хүчирхэг Израиль ч гуйж эхэлж байна. Саяхан Украины гурван баг мэргэжилтнүүдийг Катар, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб болон Иорданд байрладаг АНУ-ын цэргийн баазууд руу илгээж Трампыг болон дээрхи улсуудыг баярлуулав. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэхдээ Украины зэвсэгт хүчнээс олж авсан мэдлэг, туршлагаас суралцаж, өөрийн агаарын довтолгооноос хамгаалах хямд өртөгтэй систем болон нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлтэй болох шинэ хөтөлбөр Европын Их Британи, Франц, Польш, Герман, Итали зэрэг хүчирхэг армитай 5 улс эхлүүлж байгааг зарлажээ.


Нэг үгээр “Украин бол №1 мөн” гэж нийтээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж байна. Украинчууд сөрөн тэсвэрлэх чадвартай зоригтой үндэстэн юм байна. Украин улс хийморьтой, сөрөн тэсвэрлэх чадвартай хүчирхэг ч улс болж байна.


Цаашид бүр ч тод харуулах нь байна. Украины ялалт юунд хүргэх вэ, ингэхэд? Яг одоо, энэ олон үйл явдлууд эрээлжлэн байгаа моментыг ашиглан Молдова улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (хуучин СССР-ийн улсуудын холбоо-ТУХН) гэх Москвагийн эвслийг орхиж байна. “Днестр хавийн БНУ” гэх Кремлийн тоглоомын улсын хоногийн тоо дуусах байх, мөдхөн. Нутаг дэвсгэрээ алдсан Гүрж жинхэнээсээ Оросын ялагдлыг хүлээж байсан байх магадлалтай. Орос ялагдсан тэр өдөр Гүрж цэргээ Абхаз, Өмнөд Осет руу оруулахад Орос эсэргүүцэн байлдаж чадах нь юу л бол? Арменаас Оросын цэргийн баазыг хөөж гаргах нь нэгэнтээ ойлгомжтой болсон.


Армен, Азербайжан хоёр нийлж байгаад Кавказыг Ирантай холбох хуурай газрын хонгилыг 100 жилээр АНУ-д өгчихсөн. Оросыг нэгэнтээ хөөгөөд гаргачихсан гэсэн үг. Өөртөө бат итгэлтэй Украин л ийнхүү Молдова, Армен, Азербайжанд үлгэр жишээ урам зориг өгч байгаа нь худлаа биш.

 

Украинчууд 4 жилийн өмнөх тэр хүнд өдрүүдэд зэр зэвсэг, хүн хүч муутай мөртөө Киевийн дэргэд, Гостомелд шүдээ хүртэл зэвсэглэсэн Оросын армийг хэрхэн бут цохиж байхыг хараад энэ дэлхийн тэрбум, тэрбум хүн ард тэдэнд итгэж эхэлсэн. Тэднээр бахархсан. Тэдний нэг би байна. Монголд хаа очиж Украинаар бахархагчид олуулаа байдаг тул би айхгүй бичиж байна. “Морь” жилтэй удирдагчтай “Гал Морин жил”-ийн “Морин” сард Украины арми, украинчууд галтай, хийморьтой бууна даа, оросууд дээр. Харж л байгаарай. Украин ялна!

 

Тодын Отгонбаяр (Зураач Лондон) 2026.03.24