sonin.mn

Хэн нь жинхэнэ хулгайч вэ? Нийгмээрээ ОЭ, ДА, УХ, ХБ, МЭ...А-аас Я хүртэлх нарын тухай шуугицгааж талцацгаах. Хэн нь манай талын хулгайч, хэн нь дайсны талын хулгайч вэ, засрах хулгайч уу, засрахгүй хулгайч уу? Манай нийгмийн гол асуудал. Гэвч хулгайч олдож байгаагүй, олдох ч үгүй. Энэ бол зүгээр хулгайчдын орны эрх мэдлийн хуваарилалт явагдаж байгаагийн гадна харагдах үзэгдэл төдий юм.


Тэд бүгд найзууд, бүгд авцаа өгцөөтэй бас бие биедээ барьцаалагдсан. Заримыг нь хамтад нь гаднаас барьцаалсан. Херо видео зэвсэгтэй, Амундра аудио зэвсэгтэй, Баясаа мөнгөтэй. Намуудын удирдлагуудыг санхүүжүүлдэг тул бүгд өртэй. Хүрэлсүх эрх мэдэлтэй. Женкод видео нь ч, аудио нь ч, мөнгө нь ч байгаа.


Дээр нь самосвал цаас баримт байгаа. ОЭ, ДА нарт ч бүх төрлийн зэвсэг байгаа. Цөмийн зэвсэгтэй дарга нар. Яг л Израйль, Иран эсхүл Ким Жун Ун, Хаменей шиг. Үүнийг дэлхий даяараа хүчний тэнцвэр /Balance of power/ гэдэг. Хүчний тэнцвэр байгаа үед хэн нэг нь ялд унахгүй. Энэ удаа асуудлын гол нь авлига, хулгайг арилгах тухайд бус АВЛИГЫН ОРДОНЫ ХААН хэн суух вэ гэдэг тэмцэл МАН дотор өрнөж байна. Хамгийн том нам нь хамгийн том хулгайч, том намын удирдлага хамгийн том авлигач. Ийм байсан ийм л байх болно.


“ТӨРИЙГ ХҮМҮҮНД БУС СҮЛДЭД ОРШОО”  


Хамаг Монголын хаан Хабул “Төрийг хүмүүнд бус Сүлдэд оршоо” хэмээн сургасан нь бий. Хараат бус хяналтын механизмгүй оронд авлига хулгай яаж гаардаг зүй тогтлыг олон улсын Үндсэн хуулийн хүрээний хямрал, эдийн засаг дахь нөлөөллийн талаар нэрт эрдэмтэн Жэймс Бьючанан болоод түүний хамтрагч Гордон Туллок, Жеффри Бренан, Ричард Вагнер, Сюзан Акерман нар “Public Сhoice Theory” /Олон нийтийн сонголт/ бүтээлдээ хараат бус хяналтгүй нийгэмд төрийн алба, төсөв тэлж, иргэд, аж ахуйн нэгжийн татвар нэмэгдэж, авлига хулгай өсдөг, төрийн албан хаагчид ч хувийн эрх ашгаа боддог тухай, “The Calculus of Consent“ “Corruption and Government” бүтээлдээ хүнд найдаж бус сайн дүрэм, хяналтын систем бий болгох тухай, “Why nations Fail” /Улс орон хэрхэн дампуурдаг вэ/ бүтээлдээ хяналтгүй системд эрх мэдэлтнүүд хэрхэн баяжиж, авлига, хулгай газар авдаг тухай номлодог.


ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ОНОЛ БА ХЯНАЛТ ТЭНЦВЭР


Бид хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж гурав хувааж, манай Үндсэн хуулиар баталгаажуулсан гэж ойлгодог. Гэвч бодит байдалд огт хуваарилаагүй төдийгүй эрх баригч намд /МАН/-д гурвууланг нь өгсөн. Тэд хуулиа баталж, төсвөө зарцуулна бас өөрөө өөрийгөө хянана. Тэд бүгд өөрсдийгөө Тусгаар тогтносон гэж ойлгодог, тусгай эрхтэй, тусгай үүрэгтэй аугаа хүмүүс, тэд нар төр түмний хөрөнгөнд гар дүрж, намаа санхүүжүүлэхийг ариун явдал гэж үздэг, өөрийнхөө халаасыг зузаатгахыг намаа дагасны буян гэж ойлгодог. Энэ бол тогтсон соёл. Үүнийг харсаар намынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг намынх нь гишүүд сохор. Энэнээс өөр улс орон аваад явчих нам алга гэж сонгодог ард түмэн, сонгогчид сохор. Үүнийгээ таньдаг чөтгөр дээр гэж булзааруулна.


“СОХРЫН ОРОН”


Герберт Уэллсийн “Сохрын орон” гэж нэрт өгүүлэл байна. Монгол хэл дээр Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр орчуулж 3 дахь удаагаа хэвлүүлж саяхан олны хүртээл болгосон. Андын нуруун дахь Миндобамба уул дэлбэрч газрын гүнээс гардаг хорт хийн нөлөөллөөс болж бүх иргэд нь сохорсон тэр орны иргэдийн дунд гаднаас ирсэн эрүүл ганц хүн амьдрах аргагүй болж байгаа тухай тэр эссед өгүүлдэг. Хэдэн үеэрээ сохорсон тэр улсын иргэд эрүүл хараатай, саруул ухаантай зочиноо сэтгэцийн өвчтэй эрүүл бус гэж үзнэ. Танилцсан найз охиных нь эцэг эх хүртэл удам муутай ийм хүнтэй охиноо суулгахгүй гэнэ. Нийгэм бүхэлдээ сохрохоор ийм болдог ажээ.


Манай улсад авлига, хулгай нүүрлэснийг дээр, доргүй бүгд мэднэ. Амьдрал өрнөж байхад аваа өгөө байх. Энд хэрээс хэтэрч иргэний дайн маягийн ХУЛГАЙЧ НАРЫН ДАЙН болж өрнөж байгаа тухай юм. Бид авлигач, хулгайчдын аль нь зөв, аль нь буруу тухай НИЙГМИЙН ДАЙСНЫГ ДҮҮЖЛЭХЭЭР нийгмээрээ хуваагдаж байна.


Төрийн бүх эрх мэдэл Тусгаар тогтнолын ордонд төвлөрчихөөд байхад. Засаглал УИХ, Засгийн газар, Шүүх эрх мэдлийн тухай онолдож, сайн Үндсэн хуультай гэж цэцэрхэж суудаг гавъяат хуульчид сохор. Хулгайн схемийг бүгдийг харсаар далд эдийн засаг илээсээ давчихаад байхад эдийн засгийн өсөлт, төсөв, мөнгөний бодлого, ханшны талаар гөлөг төөрүүлж суудаг гавъяат эдийн засагчид, аудит, хууль хяналтынхан сохорсон уу? Эрүүл байлгахаас илүү өвчлүүлж, эрүүл мэндээр бизнес хийдэг салбар бий болсныг харсаар дуугуй яваа эмч нар сохор, сайн сурсан мэдсэн зүйл огт үгүй, бас мэдэхгүй чадахгүй юмгүй, халтар хултар хэлтэй, хагас нийгэмшсэн хөгжингүй орны арбайтын ажилчид бэлтгэдэг боловсролын систем угсарчихаад тоо, статистикаар нүүр тахлаж суудаг боловсролын салбарынхан, багш нар сохорчээ. Хамгийн өрөвдмөөр нь нийслэлийг ийм зах замбараагүй болгож байгааг харсаар оролцсоор байгаа хот төлөвлөлт, барилга, архитекур, зам, дэд бүтцийн, цахилгааны инженерүүд сохорсон нь бүр хөөрхийлөлтэй.


Том намуудын түрэлтийг мэргэжлийн хүмүүс, тэдний мэргэжлийн холбоод дааж, давж дуу хоолойгоо хүргэж, ажил хэрэг болгох боломжгүй гэдгийг амьдрал бидэнд харууллаа.


Аргагүй юм даа. Зүүн Европын социалист лагерын бүх орнууд хүчирхэг коммунист намуудаа татан буулгасан байтал Монгол Улс МАХН аа авч үлдэж чадсан юм. Олон намын тогтолцоог сонгосон даруй МАХН дотроо үзэл баримтлалаараа хуваагдаж намууд үүссэн бол утгаараа төлөвшсөн институтууд болж бодлогын намууд хөгжих байв. Учир нь нийгмийг хөтөлж явах сэхээтнүүд тэр намд байсан юм. Эс бөгөөс жигүүр, фракцыг зөвшөөрөөд нэг намын системээр урагшлах байлаа. Шинэ тутам үүссэн боловсон хүчингүй намууд МАХН-тай тэмцэх тэмцэлдээ гишүүдийн уралдаанд орж одоо томууд нь коммунист нүсэр бүтэцтэй хулгайгаар тэжээгддэг асар их зардалтай хүмүүсийн цуглуулга болцгоосон юм. Ийм нөхцөлд бодлого бус булчин, зориг, хэрүүл гурав ертөнцийн гурав болдог. Дээрэм, хулгай, авлига гурав төр болдог ажээ.


Бизнесийхэний хувьд сохрын газар сохор гэгчээр ялсан нам, фракц тэднийх. Аль ч нам ялсан бизнесийнхэн болоод гадныхан хожидог тогтолцоо юм. Яагаад гэхээр тэд бүгд энэ явж байгааг зөв, үнэн, өөр зам үгүй гэж ойлгож байгаа учир сохор.


Одоогоор бидний эзэд Баясгалан, Эрдэнэбилэг ... /гэр бүлийн банкыг Голомт, Худалдаа, Хөгжил энэ тэр гэж нийтлэг нэрээр нэрлэж иргэдээ хуурах хэрэггүй / нар болоод байгаа ч томрох тусам системийн гэгдэх хэдэн банкнаараа дамжаад улсаараа гадны эрхшээлд орох болоод байгаа нь үнэн юм. Энэ тухай Төмөрдашийн Баярхүү нар цуцалтгүй ярьж байгаа. Кино театруудад “Нийгмийн дайсан” кино, Зайсан Хиллд Тордайн Ганболд намын даргын дүрд тоглосон хориотой жүжиг тавигдаж байна. “Нийгмийн дайсан” киног найруулсан Гармаа найруулагч сохор биш байна. “Хориотой жүжиг”-ийн зохиолыг бичсэн нэрт сэтгүүлч Ц.Балдорж эрүүл байж, жүжгийг шинэчлэн тавьсан М.Баттулга найруулагч сохор биш байна.


ХУЛГАЙН ГОЛОМТГҮЙ БОЛОХ ТУХАЙД


Авлига хулгайн бүх зам Тусгаар Тогтнолын ордон руу чиглэж байхад хэн нэгнийг цохож нэр дурьдах нь утгагүй юм. Миний бие 16 жилийн өмнө эмхэтгэсэн “ТӨРТЭЙ Ч БОЛООСОЙ” номоороо Монголын нийгэм авлига, хулгайн үүр болно гэж дүгнэсэн итгэл үнэмшил маань харьцуулсан судалгаа, тоо, нийгмийн нөхцөл байдлаар өнөөдөр бүрэн нотлогдож байна. Валютын сангийн дүгнэлтээр дампуурлын ирмэгт байсан системийн Голомт зэрэг банк дэд бүтэц барих нэрээр нүүрсний оффтекийн хоёр гэрээ хийгээд гурван жилийн дотор эзэн нь их наядын хөрөнгөтэй болохыг харсаар, нүүрс, зэс, төмрийн хүдэр, жоншны экспортоор олон арван тэрбум доллар алга болчихоод байгааг харсаар, түмний хөрөнгөөр эрх мэдэлтнүүдд хэрхэн баяжиж байгааг харсаар байж гар хөл нь болж амьдрахаас аргагүйд хүрч байгаа хууль, хяналтынхан сохор.


Бид бүгдээрээ сохор. Намайг ч сохор байхыг нийгмээрээ шаардаж байна. Чи сайд байсан зүгээр байгаагүй байх л гэнэ. Сонгуулиар жагсаалтаар хойгуур орсон Номтоос юм авсан байх л гэнэ. Аваагүй гэхээр хохино гэнэ.


Эсхүл чи өөрчилж чадахгүй л гэнэ, одоо юу ч хийгээд нэмэргүй л гэнэ. Нас чинь хүрэхгүй л гэнэ. Зарим нь нэр хүнд, танил талаа ашигла л гэнэ. Би чадахгүй ээ. Миний тоост энэ орчлонд ирсэн үүрэг Эх сайхан Монголоо үүрд оршиход л өөрийгөө зориулах удмын тавилантай юм. Авлига, хулгайн шалтгаан нь УИХ, ЗГ, ШҮҮХ, хяналтын байгууллага бүгд ялсан намын эрх мэдэлд байдаг учир өөрөө өөрийг хянах чадваргүй болдог байна. Энэ бол Үндсэн хуулийн гажиг юм.


  • Шударга сонгууль явуулахын тулд сонгуулийн байгууллагыг эрх баригч намаас салгах хэрэгтэй.
  • Төрийн алба тэлж, төсөв данхайдаггүй байхын тулд төрийн албаны байгууллагыг эрх баригч намаас салгах хэрэгтэй,
  • Төр, түмний мөнгө, хөрөнгө шамигдуулдаггүй байлгахын тулд аудит, хяналтын байгууллагыг эрх баригч нам өөрөө томилдог байж болохгүй,
  • Шүүх хууль тэгш үйлчилдэг байлгая гэвэл шүүх эрх мэдлийг эрх баригч намын савраас салгах ёстой. Энэ бол Үндсэн хуулиа өөрчлөх суурь шалтгаан юм. Эс бөгөөс хулгай, авлигаараа эрх баригчид, эрх мэдэлтнүүд нь гадны барьцаанд ороод хэдхэн сонгуулийн дараа тусгаар тогтнолоо алдахад ойртож байна.


Одоо эрүүл саруул хүмүүс байвал хоёр худлаагаас зөвийг хайх биш, хоёр хулгайчаас нэгийг сонгох биш зөв дүрэм, журам, жаяг, жасаа, хуультай болоход нийтээрээ идэвхтэй оролцооч гэж гуймаар байна. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг хал балгүй хувиа хичээ гэсэн үг биш. Зөвд тэмүүл гэсэн сургаал билээ.


АВЛИГА ХУЛГАЙГААС АНГИЖРАХ АЛХАМ ба ӨӨРЧЛӨХ ЦАГ


ҮНДСЭН ХУУЛИА намын жагсаалтаар сонгогдож байгуулагддаг хуулиар засагладаг Бага хурал, сонгуулийн ерөнхий хороо, төрийн албаны зөвлөл, аудитын ерөнхий газар, шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн хороо зэрэг хараат бус байгууллагуудыг байгуулах, Бага хурлын шийдвэрийг хянах эрх бүхий иргэдээс сонгогддог үндэсний эрх ашгаар засаглах Их хурал бүхий хоёр танхимт Үндэсний Их хуралтай болох чиглэлд өөрчилж, хянах эрх намд бус ард түмэнд хадгалагдах замаар засаглалын хяналт тэнцвэрийг сонгодог хэлбэрт оруулах нь авлига, хулгайг таслан зогсоох зам мөн. Энэ чиглэлд Ард нийтийн санал асуулга явуулахад нэгдэцгээх цаг боллоо.


Өөрчлөх цаг. Эс бөгөөс ялсан намын ордон Авлигын ордон хэвээр намынх нь дарга нар, удирдах зөвлөлийнхөн хамгийн том авлигачид хэвээр л байх болно. Гурван жилийн дараа, арван жилийн дараа бид хоёр хулгайчийн аль нь зөв тухайд талцсаар л байх болно.


Хүрэлсүхийн ЗИЛ 130 машинд суугаад сүнгэнүүлж өгөх үү, Женкогийн төмөр замаар жириилгэж өгөх үү, Баярцогтын зуучлалтай МАНАН каст үүсгэх үү. Аль нь ч системийн өөрчлөлт хийж чадахгүй. Учир нь бүгд энэ системдээ нэг цул болж ээнэгшсэн Андууд билээ. Өөрчлөлтийг өнөө хэр эхлэхгүй аваас авлига, шударга бусын хонгилын түлхүүр авах тэмцэлд Ардын Нам, түүний “А” копи ....”В” “С” ... гээд улсаараа намчирхаж талцсан, СОНГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ ХУЛГАЙЧДЫН ОРОН гаднаас засаглатал орших болно. Бахь байдгаараа байж бүгдээрээ сохрын газар сохор явах уу. Нүдээ нээж, эрүүл саруулаар амьдарцгаах уу. Өөрчлөх цаг ирлээ. Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй.

 


Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга, Үндсэн хууль судлаач, Баянжаргалын Цогтгэрэл

2026.03.27 Улсын нийслэл