sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн дэд профессор Б.Батыг урилаа.
 
 ҮЕ ҮЕИЙН 3000 ГАРУЙ ГЕОЛОГИЧ МУИС-ИАР ОВОГЛОЖ БАЙНА
 
-Энэ жил Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Геологийн салбарт бүхий л зүйлээ зориулан, Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж байгаа бүх геологичиддоо баярын мэнд хүргэе.
80 жилийн тэртээгээс геологийн алба үүсч бий болоод эх орныхоо хөгжил дэвшилд хэдэн зуун геологич маань үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Зөвхөн үүгээр ч хязгаарлагдахгүй өнгөрсөн 20-р зууны эхээр “Монголор” нэртэй Хаант Орос, Хятад, Монгол улсын хамтарсан алтны олборлолтыг одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт явуулж эхэлсэн түүхтэй. Мөн Налайхын нүүрсний уурхай ч гэсэн 1900-аад оны үед нээгдсэн байдаг. Аливаа салбарын үйл ажиллагааг явуулахад мэргэжилтэй боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Үндэсний дээд боловсролтой Геологич мэргэжилтнийг бэлтгэх анхны гараа МУИС-аас эхтэй. 1960 онд Сайд нарын зөвлөл болон МАХН-ын Намын төв хорооны тогтоолуудаар МУИС-ийн Байгалийн ухааны факультетын дэргэд Геологийн салбарыг анх удаа байгуулж, бэлтгэж эхэлжээ. Ирэх жил манай сургуулийн хувьд Үндэсний дээд боловсролтой геологичдийг бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиож багаа билээ. 1992 оноос МУИС-д Геологийн салбарыг дахин байгуулах, газрын тосны мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх зорилгоор Байгалийн ухааны факультетын харьяанд Геологи-минералогийн тэнхим байгуулан сургалт, судалгааны ажлыг явуулснаар МУИС-ийн геологич, төгсөгчдийн хоёр дахь үеийн түүхийг эхлүүлсэн. Энэ  хугацаанд 1991-2010 оны хооронд Геологи-Минералогийн тэнхим, 2010-2014 оны  хооронд Геологи болон Ашигт малтмалын тэнхимүүд болон үйл ажиллагаа явуулж байсан.  2014 оноос эхлэн МУИС-ийн шинэ бүтцээр Геологи-Геофизикийн тэнхим болон нийт хоёр үндсэн хөтөлбөр, долоон мэргэшлээр дээд боловсролтой  геологи,  геофизикч  мэргэжилтэн бэлтгэж байна. МУИС-иар овоглогдох  үе үеийн нийт 3000 гаруй геологич тоологддог.
 
ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛЖ, ИННОВАЦИЙГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ
 
-Манайд уул уурхайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, олборлолтын үйл ажиллагаа явуулахад  техник технологи илт хоцрогдсон байна. Энэ хамгийн том асуудал. Техник, технологитой холбогдоод байгаль, орчин нөхөн сэргээлтийн асуудал яригддаг.  Тиймээс  уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ Засгийн газрын зүгээс хамгийн тэргүүнд техник технологийг  сайжруулж, инновацийг хөхүүлэн дэмжих  шаардлагатай байна. Монгол улс байгалийн баялгаа бараг түүхийгээр нь экспортод хамгийн хямд үнээр гаргаж байгаа нь буруу. Түүхий эд нь зах зээл дээр маш хямд байдаг. Бид өөрийн эх орондоо шинэ технологийг импортлоод үйлдвэрлэл явуулж эцсийн бүтээгдэхүүнээ экспортлох эсвэл  агуулахаасаа зарахад хэд дахин илүү ашиг олж болохыг олон жишээнээс харж болох юм. Гаднаас түүхий эд  өндөр үнэтэй  авалгүйгээр бүгдийг эх орондоо үйлдвэрлэх боломж бололцоо манай улсад хангалттай бий. Энэ бол маш том асуудал юм.  Түүнчлэн бид өнөөг хүртэл ашигт малтмалыг зөвхөн олборлогч улсын байр сууринаас дэлхийн эдийн засагт оролцож ирсэн. Олборлогч улсаас гадна үйлдвэрлэгч улс болох ёстой. Импортоор бид их хэмжээгээр хүнс, хувцас, боловсруулсан төмөр, бензин тос,  барилгын материал оруулж ирдэг (бүр цахилгаан эрчим хүч худалдан авдаг).  Харин хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн шинэ технологи, техник огт орж ирэхгүй байна. Хамгийн түрүүнд шинэ технологийг ямар ч үнээр болов импортлоод ирвэл бид эх орондоо дээрхийг бүгдийг нь үйлдвэрлэж болно доо. Ажлын байр олон зуугаараа нэмэгдэнэ.
 
 
Манай улсад Бүхнийг үйлдвэрлэх боломж, түүхий эд нь бэлэн байгаа шүү дээ. Гагцхүү үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг оруулж ирэх тал дээр Засгийн газар бодлогоор ажиллах шаардлагатай байна. Намууд ч гэсэн улс орныг хөгжүүлэх хөтөлбөртөө оруулаасай. Эхлүүлсэн ажил, төслүүд байгаа боловч маш хангалтгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр л гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаад, техник технологиор нь хангаад өгчихвөл Монгол Улсын хэмжээнд баригдаж байгаа бүхий л байшин барилгуудын төмрийн хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүнийг чанартайгаар үйлдвэрлэж чадна. Тэр бүү хэл эрэлт хэрэгцээгээр нь бүтээгдэхүүнээ экспортоор гаргах боломж бий, төмрийн түүхий эдийн нөөц нь манайд хангалттай байгаа.
 
 
 
Блиц: 1991 онд: ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийг Уулын инженер-Инженер геологич, гидрогеологич мэргэжлээр төгссөн. 1999 онд: МУИС-д Геологийн Магистрын зэрэг. 2004 онд: ОХУ-ын ШУА-ийн Сибирын салбарын Газрын царцдасын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан 2004-2011 онд: Геологи уул уурхайн үйлдвэрлэлд гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад геологич, төслийн ахлах геологич, ерөнхий геологичоор тус тус ажилласан.
 
БИД ӨӨРСДИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
 
-Хятад, Австрали зэрэг орон өөрсдийн газар нутгаас зарим ашигт малтмалуудыг (эрчим хүчний нүүрс зэрэг) олборлохоос татгалзаж байна. Нүүрс шатааж хүрээлэн буй орчинд нөлөөлсөөр дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг технологи одоо хоцрогдсон.  Манай улс энэ их нүүрсээ яах вэ гэхээр дахиад л шинэ технологи ашиглан шингэрүүлсэн түлш гаргаж авах хэрэгтэй болно. Монгол Улс байгалийн баялаг-ашигт малтмалын түүхий эдээр дэлхийд дээгүүр орохоор баян улс. Монгол Улсын хөгжлийн загвар өмнө миний ярьсан байдлаар харагдаж байна. Монголчууд бид зөвхөн өөрсдийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлээр эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэртээ тэргүй цөөхөн хүн амтай, ашигт малтмалын нөөц баялаг хэдэн зуун жилдээ хангалттай байна. Австралийн хөгжлийн загвартай төстэй байх юм. Австралийн эдийн засгийн 23 хувийг уул уурхайн олборлолт эзэлдэг. Манайх ч бас тэр хавьцаа байгаа. Австралийн хөгжлийн загвар нь өөрийн улсын хэрэгцээндээ зориулж олборлолт, үйлдвэрлэлээ явуулаад илүү гарсныг зах зээлийн ханш зөвхөн өсөлттэй үед экспортолдог, орж ирсэн мөнгийг хөгжлийн сан эсвэл баялгийн санд нь төвлөрүүлдэг. Ердөө л энэ. Монгол Улсын хэмжээнд эрдэс баялгийн нөөц бүрэн судлагдаагүй гэж хэлж болно. Судлах ёстой асар их нөөц, шинэ ордууд байгаа. Гадаргуугаас нь судалсан судалгаа хангалттай болсон гэж үзэж болно. Монгол орны хэмжээнд 1:200000 масштабтай геологийн зураглалын ажил хийгдээд дууссан. Харин одоо 1:50000 масштабтай буюу илүү нарийвчлалтай зураглал хийгдэж байна.
 
Уурхайн нөөц дуусвал түүнийг түшиглэсэн дагавар хот балгас болон орхигдоно
 
-Манайд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхлэхэд түүнийг түшиглэсэн дагавар хотуудыг шинээр байгуулахыг эрмэлзэж байна. Энэ буруу бодлого. Тухайн уурхайн нөөц ашиглагдаад дууссан үед тэнд асар их үнээр боссон хотыг яах вэ гэдэг асуудал тулгарна. Уурхай ажиллахгүй бол ажилчид ажилгүй, тоггүй, амьдрах ямар ч бололцоогүй болно. Тэр хотыг байгуулахын тулд, тухайн уурхайгаас олсон ашгийнхаа дийлэнх хувийг хотыг бүтээн байгуулахад нь зарцуулчихсан байдаг. Ашгийн тодорхой хувийг тэр хотыг байгуулахад биш, эрдэнэсийн санд эсвэл нөгөө хөгжлийн санд төвлөрүүлээд өөр шинэ геологи, уул уурхайн төслүүдийг улс өөрөө санхүүжиж байх ёстой юм. Манайд ийм жишээ зөндөө байна. Тухайлбал, Бор-Өндөрийн уурхай байна. Хайлуур жоншны нөөц дуусвал тэр хот яах вэ. Энэ хот Хэнтий аймгийн Дархан сумын нэг багийн статустай хот. Уурхайн нөөц дуусаад санхүүжилтгүй болчихвол тухайн хот балгас болохоос өөр аргагүй. Эрдэнэт үйлдвэрийн тухайд аз болж аймгийн статустай тул уурхайн нөөц хэзээ нэгэн цагт дуусвал иргэд нь аймгийн төсөвт суусан хөрөнгөөр амьдрах боломжтой гэсэн үг. Оюутолгойн тухайд маш том бүтээн байгуулалт явагдаж байна. 100 жилийн дараа нөөц нь дууслаа гэж үзвэл тэр эзгүй цөл газар хэн амьдрах вэ. Хамаг ашгаа 100 жилийн дараа элсэнд булж байна гэсэн үг.  Уул уурхай нь хөгжсөн улсууд хэзээ ч уурхайгаа түшиглэн хот байгуулдаггүй. Уурхай дагаж хөгжих том хот гэж байхгүй. Өнөөдөртөө хөгжөөд байгаа юм шиг хэрнээ хойшдоо асар олон тэрбум төгрөгийг булшилж байна гэсэн үг. Манай Улс Голланд өвчин тусчихмааргүй байна. Голланд өвчин гэдэг нь ирээдүйн ашгаа хараад тодорхой хэмжээний олборлолт хийгээд экспортлоход зах зээлийн ханш өндөр үед маш их хэмжээний ашиг олдог. Дараагийн циклд зах зээлийн ханш унасан үед түүнийг олборлоход зарцуулсан өртөгөө нөхөж чадахаа болиод алдагдалд орж эхэлдэг. Гэтэл зөвхөн уул уурхайн экспортод чиглэсэн хөгжлийн бодлого барьж байгаа үед эдийн засаг, төсөв, бусад эдийн засгийн салбарууд халдвар авч өвчилж эхэлдэг буюу эдийн засаг бүхлээрээ навс унадаг. Уул уурхайгаасаа хамааралтай, зөвхөн экспортолдог орнууд энэ өвчнөөр өвчлөөд байдаг (Төв африк, өмнөд Америкийн зарим улс). Байгалийн асар их баялагтай хэрнээ түүнийгээ зөв зарцуулж чадахгүй байгаа орнуудаас халдвар авахгүй юмсан.
 
ОРОН НУТГИЙН ИРГЭД УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ХОЁРЫГ  ЯЛГАЖ САЛГАХ ХЭРЭГТЭЙ
 
-Орон нутгийн иргэдийн буруу ойлголттой холбоотой геологи, уул уурхайн үйл ажиллагааг хаах, боох, явдал ихэссэн. Уул уурхай болон геологийн судалгаа гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Геологичид гэдэг бол газрын гадарга дээр судалгаа хийж, газрын гүн дэх байгалийн баялгийг илрүүлдэг. Дараа нь ашигт малтмалын орд болгоод нөөцийг нь улсын эрдэнэсийн санд бүртгүүлдэг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан ашиглалтад бэлтгэгдсэн ордууд дараагийн шатны үйл ажиллагаа буюу уул уурхайн олборлолтод шилждэг. Үүнтэй холбоотой хариуцлагатай уул уурхайн асуудлууд ихээхэн яригддаг. Дээр дурдсанчлан хариуцлагатай уул уурхай бол шинэ технологи дээр тулгуурлан явагдах ёстой. Улсын хэмжээнд 1990-ээд оноос геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааг улсын төсвөөс санхүүжүүлэн явуулах, геологийн зураглалын ажлыг бүрэн санхүүжүүлэх үүргийг хүлээж харин ашигт малтмалын ордуудын хайгуулын ажлыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ёстой бодлого өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. 1997 оноос эхлээд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгож эхэлсэн байдаг. Энэ нь улс өөрийн нуруунаас хайгуулын зардал, хөрөнгө төсвийг холдуулаад, хувийн хэвшлийнхэнд бүхий л эрсдэлээ үүрээд хийх нөхцөлийг бий болгосон байдаг. Яагаад улс өөрөөсөө холдуулж байна вэ гэхээр хайгуулын ажил зардал ихтэй, өндөр эрсдэлтэй байдаг. Газрын гүнээс юу ч гарч болзошгүй. Бүр гарахгүй ч байж болох учир төсвийн хөрөнгийг эрсдэлтэй санхүүжилтэд оруулахаа больсон. Энэ зарчим нь цаашид ч энэ хэвээр үйлчилнэ. Замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг зохицуулах нь зөв. Яагаад гэвэл зарим нэг тусгай зөвшөөрлүүд нь цөөн тооны үл бүтэх этгээдээс болж зарж борлуулах,  мөнгө олох хэрэгсэл болж хувирсан гашуун түүхтэй. Нөгөөтэйгүүр жинхэнэ орд газрыг хайх, мэргэжлийн компаниуд хоморгонд нь өртсөн тохиолдол мөн цөөнгүй бий.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин