sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Астропарк секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргалыг урьсан юм.
 
АЛИВАА УЛС ОРНЫ ХАРИЛЦАА ХОЛБОО НУУЦ БАЙХ ЁСТОЙ
 
-Сансрын салбар мөнгө их зардаг юм шиг харагддаг. Гэхдээ тодорхой нэг хэсэгт хүч гаргаж ажиллавал маш хурдан өсөлт үзүүлдэг салбар. Монголын эдийн засагт хамгийн өгөөжтэй нь энэ салбар. Тухайлбал, бидний хэрэглээнд үүрэн телефоны дөрвөн оператор байна. Эдгээрийг гадны хиймэл дагуулаар түрээсэлж мөнгө олдог. Үүнийг дагаад ард түмний хэрэглээний зардал өндөр байдаг. Хэрэв төр, засгаас сансрын салбарыг хөгжүүлбэл үүнийг бууруулж чадна. Бүр томоор ярьвал стратеги байгаа. Аливаа улс орны харилцаа холбоо нууц байх ёстой. Гэтэл гадныхан биднийг чагнах бүрэн боломжтой. Мөн бусад мэдээллээр нь хяналтад авах боломжтой. Тиймээс бид стратегийн хувьд энэ салбарт ахиц гаргах хэрэгтэй байна.
Жишээлбэл, газар тариалан эрхлэгч хүмүүс сансрын мэдээллийг ашиглан цаг агаараа өөрөө судлаад утаснаасаа бүрэн мэдээлэл авдаг. Мөн өндрөөс авсан зурагнаас хөрсний хаана үржил шим сайтай байгааг олж мэдэж болно. Монголын газар нутгийн хаана нь сайн хөрс шимтэй газар байна тэнд нь илүү тариагаа тарих ч юм уу. Өнөөдөр ганцхан Сэлэнгэ аймагт тулгуурлаад байдаг. Гэтэл хөрсний элэгдэл яваад шимгүй болоход дараагийн нөөц газар хаана байх вэ. Үүнийг улс анхааралдаа авч стратегийн гол зүйлдээ ашиглах хэрэгтэй.
 
 
Дэлхийн том гүрнүүд сансар судлалыг хариуцсан яам, агентлагуудтай байна. ОХУ “Роскосмос”, АНУ NASA, Япон JICA, Энэтхэг, Канад яагаад сансрын агентлагтай байна вэ гэхээр эртнээс хэрэгтэй салбар мөн гэдгийг ухаарсан учраас өрсөлдөж байна. Манайх үүнээс хоцрох учиргүй. Уг нь бид чинь тодорхой хэмжээний түүхтэй. 1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх сансарт нисч дэлхийн 10 дахь орон болсон. 
 
 
Хоёр жилийн өмнө анхны хиймэл дагуулыг МУИС-ийн оюутнууд хөөргөсөн гээд олон амжилттай ажил хийсэн байгаа. Одоо бид дараагийн ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэж боддог.
 
ЯАГААД МОНГОЛ ЭМЭГТЭЙ САНСАРТ НИСЧ БОЛОХГҮЙ ГЭЖ
 
БЛИЦ:
 
Мэргэжил:
 
Дээд, гадаад харилцааны ажилтан
 
Боловсрол:
 
1999-2003 он: “Чингис хаан” дээд сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн.
2013 он: Удирдлагын академийг Төрийн удирдлагаар төгссөн.
 
Ажлын туршлага:
 
2003-2006 он: “Аэро Монголиа”-д оффис зохион байгуулагч, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд ВИП зааланд зохион байгуулагч
2006-2010 он: “Сонор трейд” компанид Хүний нөөц
2010 он: “Орчлон” дунд сургуульд цаасан урлалын багш.
2011-2012 он: “Кемпински” зочид буудалд менежер
2012-2014 он:  Гадаад харилцааны яамны ДБҮЭГ-т  зохион байгуулагч
2014 оноос: Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Астропарк секторын эрдэм шинжилгээний ажилтан.
 
-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд олон оронтой хамтран ажиллах хэрэгтэй. Сая Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д очоод Монгол эмэгтэйг сансарт нисгэж өгөх хүсэлт тавьсан. Дээрээс нь Монголын “Марса” ТББ-ын шинэ төслийг танилцуулж NASA-тай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх саналыг АНУ-ын талд тавьсан нь маш шинэлэг байсан. Үнэндээ энэ нь тухайн улсын иргэний оюуны чадамж өндөр байгааг бусад оронд харуулж байгаа юм. АНУ-д 40 гаруй эмэгтэй сансрын нисгэгч бий. Эмэгтэй нисгэгч нарын ихэнх нь доктор, эрдмийн зэрэг цолтой, нэг салбарт ажилласан хүмүүс байдаг. ОХУ гэхэд 200 гаруй нисгэгчийн дөрөв нь эмэгтэй. Япон, Хятад улс хоёр эмэгтэй нисгэгчтэй. Монгол Улс өөрийн анхны эмэгтэй нисэгчтэй болох боломж бидэнд байна. Монгол эмэгтэйчүүдийн өндөр ур чадвар, боломжуудыг дэлхийд харуулах хэрэгтэй. Үүнийг бодлогын хэмжээнд ярих нь чухал. Нэг нисгэгч нисэхийн цаана шинжлэх ухааны байгууллагуудын олон шинэ бүтээл, шинэ туршилтыг авч явдаг. Сансарт туршсан, шинэ залуу болон өмнө нь хийж байсан судлаачдын ажилд ахиц гардаг. Нэг нисгэгчийн цаана бүхэл бүтэн улс орны шинжлэх ухааны салбарын мэдээллүүд ахиж, шинэ дэвшил гардаг.
 
ШИНЖЛЭХ УХААНЫ ТУСГАЙ ЯАМТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
 
-Монголд сансар судлалын салбарт цөөхөн хүн ажиллаж байна. Бэлдэх шаардлага их байна. Хэрэв үндэсний хиймэл дагуулыг дэмжвэл боловсон хүчин буюу өмнөх хиймэл дагуулаа хөөргөсөн хүмүүс нь байж байна. Тиймээс хиймэл дагуул дээрээ илүү их анхаарал тавьбал бид илүү үр шим хүртэнэ. Монголын хаана ч холбооны хэрэгсэл маш их хэрэг болж байна. Тэгэхээр мэдээлэл сайтай газруудад гэмт хэрэг бага байна. Харилцаа холбоотой байвал эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Дэд бүтцэд нь сансрын судалгааны ажлыг оруулж өгвөл улс орны хөгжилд өндөр үр ашиг өгнө. Аюулгүй байдал бүрэн хангагдана.
Монголын эдийн засагт орох мөнгө яагаад гадагшаа гарах ёстой юм бэ. Гадны улсын хөгжлийн гол түлхүүр нь өөрийн гэсэн юмтай болсноор мөнгө нь тухайн улсдаа үлдээд хөгжөөд байна. Тиймээс БСШУСЯ-ыг нэг цул байлгаснаас тус тусын яамтай байвал илүү хөгжинө. Гэтэл өнөөдөр хэт нэг хүнийг харсан байдалтай байна. Социализмын үед шинжлэх ухаан нь тусдаа байхад соёл, урлаг нь цэцэглэсэн. Үүн шиг шинжлэх ухааны тусгай яамтай болох хэрэгтэй. Тэгвэл хийх ажил нь цэгцэрч, төсөв нь олон юм руу тарамдахгүй, оногдсон төсвөөрөө өчнөөн юм хийнэ шүү дээ. Гарц нь ингэж л харагдаж байна. Мөн мэдлэгтэй хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
 
МОНГОЛ УЛС САНСРЫН АГЕНТЛАГТАЙ БОЛОХ ЁСТОЙ
 
-Манай улс албан ёсны сансар судлалыг хөгжүүлэх агентлагтай болох хэрэгтэй.  Энэ ажлын эхлэлийг манай хүрээлэн 2017 онд санаачилсан. Дээд шатандаа очоод л чимээгүй болчихоод байна. Уг нь энэ агентлагийг байгуулаад тодорхой хэмжээний төсөв өгөөд ажиллавал хурдан өгөөжөө өгөх салбар. Ажил нь дэмжигдэхгүй бол тэгээд л мартагдана. Нэг засаг гарсан ч өмнөх Засгийнхаа ажлыг явуулах ёстой. Агентлаг байгаа юм чинь өгдөг мөнгийг нь өгөөд, нэмдгийг нь нэмээд тодорхой боловсон хүчнүүдийг нь тавиад явбал Монголд энэ салбар түлхүү хөгжинө. Хөгжих боломж ч бий. Гол нь зах зээл нь байгаа ч зарах юмаа хийхгүй байна гэсэн үг. Энэ салбарын боловсон хүчнүүд энд тэнд тархай бутархай байна. Монгол хүмүүсийн оюуны чадамж өндөр, толгой сайтай гэдэг. Тиймээс бид сансрын зах зээлд хүрэх ёстой. Монголд боловсон хүчин нь байна. Эсвэл бид пуужинд хэрэгтэй ямар нэг эд анги материалыг нийлүүлдэг болсон ч болж байна. Монгол Улс энэ салбарт оролцоод эхэлбэл эдийн засагт маш том түлхэц болж, хөгжинө. Түүнээс уул уурхай, нүүрс ухаж улс орноо нүхлээд үлдэхгүй. Толгойгоо ажиллуулбал мөнгө олох боломж их байна.
 
БИД ДУНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ БАРЬЖ АВАХ БОЛОМЖТОЙ
 
-Монгол Улсын гурван сая хүн бүгд утастай гэж бодоход бүх хэрэглээгээ Засгийн газар өөрийн хиймэл дагуулаар дамжуулаад дээрээс нь бусад буурай орны утасны сүлжээг бид хангаж болно. Бид бусад улсын хиймэл дагуулыг түрээсэлдэг шиг манайхыг түрээслэх орон олон бий. Бид өндөр зах зээлийг биш дундын зах зээлийг барьж авах боломжтой. Тэгвэл үүнээс их мөнгө олно. Манай нэг жишээ бол Иргэний нисэх байна. Монгол Улсын дээгүүр агаарын олон зам байдаг. Энэ замаар явсан гадаадын онгоцны аюулгүй байдлыг нь хангасан, холбоогоор үйлчилсэн гэж орлого олж улсын төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байна. Үүний оронд чадварлаг, богинохон цөөхөн бүтэцтэй, ажлаа мэддэг боловсон хүчнээ одооноос бэлдээд гадаад, дотоод руу явуулж байх хэрэгтэй. Гэтэл энэ ажил нь зогсонги байдалд орсон. Энэ асуудал аль ч салбарт байна.
 
Нэг дарга дээр очоод албан бичгэн дээр гацчихдаг. Тэр дарга нь хариу өгөх, өгөхгүй нь мэдэгдэхгүй судалж байна гэсэн үгээр ам хаачихна. Тэгж байтал нөгөө дарга нь тэр ажилтайгаа буучихдаг. Суудал дээр нь суусан дарга нөгөө ажилтай нь танилцах нь бүү хэл дахин шинэ ажил зохиогоод байж байдаг.
 
 
Монголд тогтолцооны ийм эмгэг харагдаад байна. Албан бичиг шидэлцсээр байтал цаг хугацаа яваад бэлдэж ирсэн залуучууд нь зэврээд эсвэл аль нэг мөнгөтэй салбар руу явахаас өөр аргагүй. Мөнгөтэй ажлын санал ирэхэд сонголтоо хийдэг. Сэтгэлтэй тулдаа цалин багатай ч салбараа хөгжүүлье гэсэн зарим нь ажлаа хийгээд үлддэг.
 
 
Бид бусадтай харьцуулж ярих дуртай хүмүүс юм. Тэр бол утгагүй. Америк ямар билээ, хэдэн хүнтэй, хэдэн зуун жил хөгжсөн. Орос ямар хөгжилтэй билээ. Бид өөрсдийгөө өмнөх түүхтэйгээ харьцуулах ёстой. 1961 онд манай шинжлэх ухаан ямар байсан. 1981 онд ямар байв. Одоо бид ямар байна гээд харах хэрэгтэй. 1981 онд монгол хүн сансарт нисч хүмүүст сансрын дохио өгсөн. Зурагт гардаг болсон. Зурагт үзснээр хүмүүс соён гэгээрч эхэлсэн. Тэгвэл XXI зуунд бид харилцаа холбооны гайхамшигтай үед байна. АНУ-д байгаа хүн Монголд байгаа хүнтэй дүрсээ хараад, хамт байгаа юм шиг тийшээ явах шаардлагагүй болж бараа худалдан авалт дээрээ дүрсээ харж байна. Энэ чинь монголчууд харилцаа холбоон дээр хөл нийлүүлж чадаж байгаа юм. Тэгэхээр монгол хүний оюуны чадамж сайн байгааг харуулж байна. Хэрэв бид чадамж муутай бол гадны орны энийг сурах гэж удна. 1990 онд Монгол ямар байлаа. Одоо малчдад сайхан орчин, бүх юм нь байгаа болохоор хот руу ирэх шаардлагагүй болсон. Шинжлэх ухааны дэвшил хүнийг орчиндоо байлгах хүслийг нь төрүүлж байна.
 
ХАНДЛАГА, ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧЛӨӨД, ХАРИЛЦАА ХОЛБООГОО САЙЖРУУЛЪЯ
 
-Ямар ч гэсэн хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа. Шинжлэх ухааны ажилтнуудын улсын анхдугаар хуралдааны “Хандлагаа өөрчилье” гэдэг уриа цагаа олсон. Монголчуудын хандлага зарим зүйл дээр буруу байдаг. Заавал нэг дарга шийддэг эсвэл нэлээн том доктор нь хөдлөхөөр бусад нь дагаж хөдөлдөг бус үнэхээр тухайн салбарт юмаа хийж чадаад, бусдыг манлайлж байгаа хэсгийг дагах ёстой. Настай нь илүү, залуу нь туршлагагүй гэдэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манайхан залуу хүнийг ажилд авахдаа ажлын туршлага гэдэг. Гэтэл тэр хүн чинь туршлагатай болохоор ажиллах гэж байгаа шүү дээ. Тиймээс хандлага, харах өнцгөө өөрчлөөд, харилцаа холбоогоо сайжруулах юм бол энэ салбар юун уул уурхай. Хурдан хөгжих боломжтой. Гол нь салбарын сайд, бодлого тодорхойлогч нар хүнээ зөв олж тавих ёстой. Юмаа чадахаас гадна массыг авч явдаг зөв хандлагатай, зөв боловсон хүчнийг дээрээ тавьбал доогуураа асуудалгүй. Өнөөдөр улс төр хэтэрхий бүх салбарт хутгалдсанаас болж шинжлэх ухааны салбарт хүртэл энэ хандлага ажиглагдаж байна. Бид шинжлэх ухаантай байж янз бүрийн шашин, бөө давамгайлах гээд байдаг. Шинжлэх ухаан хүнд зөв бодол, зөв хандлага, юмыг танин мэдэх аргыг нь зааж өгдөг. Тиймээс энэ салбарыг улам хөгжүүлээд тусад нь яамтай болж хийх ажлынхаа талаар зөвлөмж зөвлөгөө авдаг баймаар байна. Шинээр хийж байгаа ажилдаа шинжлэх ухаанч байдлаар санал зөвлөгөө авдаг болчихвол энэ салбарын жинхэнэ хэрэг гарч байна гэсэн үг.
 
Би гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй. Сансрын нислэгийн түүхийг 10 жилийн сурагч байхдаа сонирхдог байсан. Үүнийхээ дагуу Гадаад харилцааны яаманд ажиллаж байхдаа Ж.Гүррагчаа гуайтай танилцаж, монгол хүн сансарт ниссэний 20, 25, 30 жилийн ойн баярт өөрийн хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байсан. Ж.Гүррагчаа гуай энэ хүрээлэнд ажиллах санал тавьснаар 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Манай хүрээлэн дээр Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуайн санаачлагаар 2014 онд сансрын музей, оддын театр байгууллаа. Хүүхэд багачууд манай ордноор байнга үйлчлүүлдэг. Музейгээ үзээд монгол хүн сансарт ниссэн, Монгол Улс хиймэл дагуултай юм байна. Сансар огторгуй гэдэг чинь ийм байдаг гэсэн анхан шатны мэдээлэлтэй болдог. Монголд шинжлэх ухааны мэдлэг өгөх газар цөөхөн шүү дээ. Тиймээс төр, засгаас анхаарч олон газарт байгаа нэг чиглэлийн үзмэрүүдийг нэгтгэхэд туслаасай гэж бодож байна. Манай хүрээлэнд  2014 оноос хойш гадаадын таван сансрын нисгэгч ирэхэд сансрын нисгэгч нь өөрөө хүлээж аваад хүмүүст юу үзүүлж харуулдаг, оюунлаг ямар ажил хийж байгаагаа  үзүүлэх  сайхан  ордонтой болсон нь бас нэг том дэвшил юм.
 
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин