sonin.mn
Английн “EYE CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноныхон Манба дацан Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв, Оточ Манрамба их сургуулийн захирал, Манба Дацан хийдийн тэргүүн хамба лам, хүний гавьяат эмч, профессор Д.Нацагдоржийн ажил, амьдралыг харуулсан “The Medicine Buddha” баримтат киноны нээлтийг хийлээ. Нээлтэд тус хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Төрийн хошой шагналт, Хөдөл­мөрийн баатар, Ардын жүжигчин Н.Жанцанноров, киноны найруулагч Бенжамин Жонс нар оролцсон юм. “The Medicine Buddha” кино өнгөр­сөн онд Монгол үндэсний кино ур­лагийн академийн “Академи авардс-2018” наадмын шилдэг ба­рим­тат киногоор шалгарсан бөгөөд тавдугаар сарын 31-нд Лондонд нээлтээ хийсэн байна. Мөн өнгөрсөн есдүгээр сараас цахим худалдааны томоохон компани “Амазон”-оор дамжин дэлхийн олон сая үзэгчдэд хүрч Монголын уламжлалт анагаах ухаан, шашин, түүх, соёлыг олон улсад сурталчилж байгаагаараа онц­лог юм. Киноны зураг авалтыг Лондон, Улаанбаатар болон түүний төр­сөн нутаг болох Завхан аймгийн Цагаан­чулуут суманд хийсэн аж. Кино найруулагч, продюссер Бенжамин Жонс нь Английн “EYE CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэ­гээ­рүүлэгчид” цуврал баримтат кино хийдэг бөгөөд 2003 онд Их Британийн кино, телевизийн ур­лагийн академийн шилдэг богино хэм­жээний киноны шагналыг “Candy Bar Kid” киногоор, 2008 онд “HD FEST” наадмын шилдэг инээдмийн богино киноны шагналыг “Traffic Warden” шагналыг хүртэж байжээ. Мөн өмнө нь Их Британийн BAFTA шаг­налд нэр дэвшиж байсан ба Английн дэлгэцийн найруулагчдын хол­­бооны гишүүн юм байна.  Энэ үеэр зочдын сэтгэгдлийг сонирхсон юм.
 
Манба дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж:
 
Монголын өв соёлыг дэлхийд таниулсан кино боллоо
 
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд шинийн 8-ны билэгт сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ кино Д.Нацагдорж гэдэг хүнээсээ илүү Монголын өв соёл, бурханы шашин, цагаан сарын үйл явц, уламжлалт анагаах ухааныг монголчууд төдийгүй дэлхийд таниулсан кино боллоо гэж бодож байна. Бенжамин Жонс, Константин Палвидис болон кинонд оролцсон бүх хүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. 
 
 
Монголын өв соёлыг дэлхийд таниулж, олон оронд гарч байгаа гэдгийг сонссон. Энэ сайхан үйл явдлыг өнөөдөр /өчигдөр/ мон­гол­чуудад үзүүлж байгаа нь таалаг­даж байна. Энэ түүхэн кино үеийн үед баримт чигээрээ үлдэнэ гэдэгт итгэж байгаа. Монголчууд бид бүгд аз жаргалтай байлаа. Эрүүл мэнд, БСШУСЯ-наас хүмүүс ирсэн байна.
 
 
Кино найруулагч, продюссер Бенжамин Жонс:
 
Миний амьдралд том мөр үлдээсэн учрал байлаа
 
-Киноны гол сэдэв Манба Дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдоржийн ажил, амьдрал юм. Энэ хүн ямар их буянтай үйлс бүтээсэн юм бэ гэдгийг киногоороо харуулахыг хичээсэн. Надад уран бүтээлийн онгод хайрлахаас илүү миний хувийн амьдралд том мөр үлдээсэн учрал байлаа. Бид долоо хоногийн турш аян замд явсан. Өглөөний 06:00 цаг гэхэд Отгонтэнгэрийн хаяанд очиход -35 хэмийн хүйтэн байсан нь зураг авах төхөөрөмж маань зураг авах боломжгүй гэсэн дохио өгч байсан. Ингээд 07:00 цагийн үед тэнгэр улам муудаж хүчтэй шуурга тавих нь илт байсан учир хамба лам маань төвлөрч ном уншихад хэсэг хугацааны дараа тэнгэр цэлмэсэн нь үнэхээр гайхалтай байлаа. Саяхан энэ киног маань Лондонд нээхэд Монголын Элчин сайд ирсэн. Нээлтийн дараа дэлхийд алдартай киног борлуулж, дэлхий даяар үзүүлдэг компани энэ киног сонгож Их Британи, АНУ, Канадад борлуулах эрхийг авч, дэлхийд алдартай “Амазон” сувгаар цацах боломжтой болсон. Тиймээс энэ кино олон хүнд хүрнэ.
 
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат:
 
Энэ кино Монголын гайхамшигтай бүтээл боллоо
 
-Энэ кино Монголын гайхамшигтай бүтээл болж байгаа юм байна. Манба Дацан хийд, сургууль, эмийн том үйлдвэрийг нэг хүн санаачилж бүтээнэ гэдэг гайхамшиг юм. Зөвхөн Монголын ард түмэн бус гадаадынхан Нацгаа хамба дээр ирж бараалхаж, эдний эмнэлэгт эмчлүүлж байна. Монголд уламжлалт Дорно дахины анагаах ухааны том төв байна гэдгийг дэлхийд үзүүллээ.
 
 
Монголын байгаль, ухаан, тэвчээр, энэ хүний эрдэм ухаан, кино зураг авч чадахгүй байхад ном уншаад цэлмүүлж байгаа талаар киноны найруулагч ярьж байгаа нь гайхамшиг. Хүн, байгаль, оюун ухаан болгоныг зангидсан хамбадаа бүгдээрээ залбирцгаая.
 
 
Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Жанцанноров:
 
Шашин, анагаах, урлагийг цогцлоосон хүн ховор
 
-Энэ киноны багийнхан анх надтай ирж уулзаад санал солилцсон. Хүнд сэтгэл гэж нэг юм байна. Сэтгэл дээр шашин, анагаах өвчин зовлон, урлаг гурвуулаа нийлж байж сэтгэлийн их хүчийг бий болгодог. Сэтгэлийн их хүч бол Монгол нутгийн төрсөн нутгийн энерги хүчтэй шууд холбоотой байдаг. Тиймээс үүн дээр та бүхэн сайн анхаараарай гэсэн санааг хэлсэн. Үүнийг киноныхон сайн авсан байна. Шашин, анагаах, урлаг гурвыг нэг хүн дээр цогцлоосон нь их ховор тохиолдол. Тиймээс Д.Нацагдорж хамбаас өөр шашин, анагаах, урлагийг цогцлоосон хүн ховор гэж бодож байна. Ийм үнэтэй киног бүтээсэнд талархаж байгаагаа илэрхийлье гэсэн юм.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин