sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа  “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал,доктор Д.Алтанцэцэгийг урьж, ярилцлаа. 
 
 НЕФТИЙН ОРДТОЙ АТЛАА ҮЙЛДВЭРГҮЙ БАЙНА ГЭДЭГ ХАРАМСАЛТАЙ БАЙСАН
 
 
-Би ХБНГУ-д эдийн засаг, банк санхүү чиглэлээр суралцаж төгсөөд 1999 онд эх орондоо ирсэн. Түүнээс хойш уул уурхайн компаниудад ажиллаж  байлаа.  Тухайлбал, Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани маш их хөрөнгө зарцуулж, Дорнод аймгийн Тосон уул 19, Тамсаг 20 талбайд хайгуулын ажил хийж байлаа.
 
 
Газрын тосны хайгуулын ажлыг анх тэнд хараад би сүрдэж байлаа. Маш их хөрөнгө, хүн хүч, техник зарцуулдаг ажил юм.   Ингээд 2010 оноос тухайн талбайд газрын тос илэрч Монгол Улс албан ёсны олборлогч орон болсон.  Дээр хэлсэн хоёр ордын баталгаат нөөц нь 336 сая тонн гэсэн дүн гарсан.  Түүнээс ашиглалтын нөөц нь 43 сая тонн байлаа.  Ингээд хайгуулын ажил амжилттай болж, газрын тос гарч туршилтын олборлолт эхэлсэн байдаг.  Тэр үеэс л миний  дотор нэг зүйл бодогдож эхэлсэн л дээ.  Бид нефтийн ордтой атлаа яагаад өөрсдөө олборлож болдоггүй юм бэ гэсэн харамсаж, харамлах сэтгэл төрж байлаа. Ингээд Монгол Улс үйлдвэртэй болох хэрэгтэй гэсэн бодол төрсөн. Үүний тулд өөрийгөө ч бэлтгэх ёстой гэсэн зорилго тавьсан. Тиймээс 2010 оноос дахин  Германд очиж  газрын тосны чиглэлээр суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан. Төгсч ирээд хаана л газрын тосны үйлдвэр байгуулна гэж байна. Тэр бүхэнд хүрч ажиллахыг хичээсэн. Харин жил гаруйн өмнөөс  “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, зорилгодоо хүрэхээр ажиллаж байна.
 
ЗАСГИЙН ГАЗАР БОГИНО ХУГАЦААНД ЯМАР ИХ ЗҮЙЛ ХИЙЖ БОЛДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА
 
Блиц:
 
Боловсрол:
-ХБНГУ-ын Чөлөөт их сургуульд макро эдийн засгийн чиглэлээр суралцсан.
-Тус улсын Техник эдийн засгийн их сургуульд гадаад худалдаа, банк санхүү, даатгалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
-ХБНГУ-ын Фрайберг хотын Техникийн их сургуулийн Уул уурхайн академид газрын тос боловсруулах технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч, Монгол Улсын зөвлөх инженер
 
Ажилласан байдал:
 
1995-1999 онд -ХБНГУ-ын өмч хувьчлалын хороонд мэргэжилтэн
1999-2003 онд -Монгол Германы Засгийн газрын хамтарсан геологийн металл бус ашигт малтмал илрүүлэх, судлах төсөлд төслийн зохицуулагч
2003-2005 онд -Герман Монголын хамтарсан “Barbra.mining” компанийн Гүйцэтгэх захирал
2005-2009 онд – АМГТХЭГ-т мэргэжилтэн
2010-2013 онд -ХБНГУ-ын Фрайберг хотын Уул уурхайн академид судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
2014-2015 онд -УУХҮЯ-нд Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн
2015-2016 онд -“Интерстандарт” компанийн гүйцэтгэх захирал
2017 онд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Ерөнхий инженерээр тус тус ажилласан.
 
-Газрын тосны үйлдвэр бол цоо шинэ зүйл биш. Манайх газрын тос боловсруулж байсан орон юм шүү.  Бид Зүүнбаянд  жижиг үйлдвэртэй байсан. 20 гаруй жил ажиллаад 1969 онд хэд хэдэн шалтгааны улмаас үйл ажиллагаа нь  зогссон. Түүнээс хойш газрын тосны хайгуул, олборлолтын ажил унтаа байдалд орсон гэхэд болно.  Харин 1990 оноос эргээд газрын тосны албан ёсны хайгуул судалгааны ажил  эхэлсэн юм. Ганцхан газрын тос ч биш бүх ашигт малтмал дээр хайгуул судалгаа хийж байсан.  Тэгж явсаар 2005 оноос газрын тосны хайгуул судалгаа жинхэнэ утгаараа сэргэсэн. Улмаар 2014 оны гуравдугаар сард ҮАБЗ-өөс газрын тос боловруулах үйлдвэр барих  зөвлөмж гаргасан байдаг. Хаанаас ч хэнээс хамаарахгүйгээр  дотооддоо боловсруулах нь  маш том боломж гэдгийг харсан  шийдвэр байлаа.  Түүнчлэн үе үеийн Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж ажилласан.  Харин энэ удаагийн Засгийн газар маш богино хугацаанд ямар их зүйл хийж болдгийг харуулж байна.  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төмөр зам, автозам барих ажлыг түргэсгэсэн.   Ер нь энэ замууд баригдахгүй бол бид ирэх оны хавар түүхий эдээ зөөх боломжгүй болох байлаа.  Мөн үйлдвэрийн хотхоны ажил байна.   Хотхон барих зайлшгүй шаардлагатай.  Хэмжээгээрээ Хөтөл шиг хотхон байх юм.  Бусад үйлдвэр шиг ажилчдаа түр зуурын контейнерт амьдруулмааргүй байна. Энэ нь эдийн засаг, иргэдийн ар амьдрал талаасаа ч их зохимжгүй.  Тиймээс үйлдвэрийн дэргэд хотхон барих ажлыг ирэх нэгдүгээр сараас эхлүүлэх гэж байгаа.
 
СҮҮЛИЙН 100 ЖИЛД ГАЗРЫН ТОСЫГ ТОЙРСОН ДАЙН ТАСАРСАНГҮЙ
 
– Ер нь монголчууд яагаад бүтээн байгуулалтын ажил хийж болохгүй гэж.  1945 онд Япон, Берлин тэр чигээрээ бөмбөгдүүлж байсан. 10 жилийн дараа буюу 1955 онд Берлин, Японыг харахад цоо шинэ хот боссон байсан. Тэгэхэд бид сүүлийн 25 жил юу ч хийж чадаагүй л байна.  Яахав хотод хэд хэдэн өндөр байшин  босчээ.  Гэхдээ энэ нь хөгжил мөн ч юм уу, биш ч юм уу  сайн мэдэхгүй юм.  Уг нь бид үүний оронд үйлдвэр барих хэрэгтэй.  Дэлхий дээр газрын тосны үйлдвэргүй орон тун цөөхөн болжээ. Газрын тосгүй орнууд дамжуулах хоолой, далайгаар тээвэрлэж, боловсруулдаг. Газрын тос бол стратегийн чухал асуудал болсон.  Сүүлийн 100 жилд газрын тосыг тойрсон дайн тасраагүй.  Үндэстэн дамнасан компаниуд түүхий эдийг нь аваад явчихдаг. Болив, Перу улсын жишгээс  энэ бүхнийг харж болно. Тиймээс бид энэ улсууд шиг болохгүйн тулд үйлдвэрээ өөрсдөө барих зайлшгүй шаардлагатай. Дэлхий дээр газрын тосны үйлдвэр 200 гаруй жилийн түүхтэй.  Харин манайд одоо л цаг нь болж, тохироо нь бүрдэж байна.  Бид ХХI  зууны бие даасан улс мөн л юм бол энэ салбарыг хөгжүүлэх ёстой.  Хамгийн наад зах нь эрчим хүчний хараат байдал үгүй болно.  Цаашлаад шатахууны үнийн асуудал байна.  Дэлхий дээр газрын тосны үнэ янз бүрийн шалтгаанаас болж өсч, буурдаг. Газрын тосны үнийг дагаж бүтээгдэхүүний үнэ өсдөг.  Зах зээлийн үнэд нөлөөлж, инфляцийг өсгөх гол хүчин зүйл болдог.  Одоогоор манай улс газрын тос худалдаж авахын тулд жилд 1-1.3 тэрбум ам.долларыг гадаад руу урсгаж байна. Тэр нь гадаад худалдааны тэнцэлд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв газрын тосны асуудлаа шийдэж чадвал инфляци, гадаад худалдааны тэнцэл, хамаарлын асуудал шийдэгдэнэ.  Мөн  хөдөө аж ахуй, уул уурхайн ихэнх салбар бензин шатахууны үнээс болж түүхий эдийн үнээ нэмдэг. Үүн дээр төр засаг зохицуулалт хийж, тэндэнд шатахууныг хүүгүй зээлээр нийлүүлж, бие биенээ дэмжих боломжтой.  Ингэж байж улс орон хөгжинө.
 
ПЕТРО МАТАДЫН 20 ДУГААР ТАЛБАЙД ТОС ОРГИЛСОН САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН
 
-Олон улсад газрын тосны үйлдвэрээ төрийн мэдэлд байлгах нь түгээмэл байна. Дэлхийн томоохон газрын тосны компаниуд төрийн өмчит болсон. Энэ нь ч зөв юм. Стратегийн чухал бүтээгдэхүүнийг төр хяналтдаа байлгаж, зохицуулалт хийдэг. Манайх ч мөн л энэ зарчмаар явах нь зүйтэй.  Манай үйлдвэр 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Олборлолтыг цааш нэмэгдүүлэх олон арга байдаг.  Нөөцийн хувьд нэлээдгүй хугацаанд олборлолт хийх боломжтой.  Тамсагийн сав газар нөөц ихтэйд тооцогддог.  Тэнд Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас өөр газар хайгуулын ажил хийж байгаагүй. Харин одоо  Засгийн газраас  хайгуулын ажлыг өргөжүүлэх бодлого барьж байна. Ажил хийгдээгүй талбайд шинээр судалгааны ажил хийх үүрэг өгч байгаа.  Саяхан гэхэд Петро Матадын 20 дугаар талбайд өөрийн даралтаар тос оргилсон сайхан үйл явдал болсон.  Тиймээс ордын нөөцийн хувьд санаа зовох асуудал биш.
 
Нэмүү өртөг шингээж,  эцсийн бүтээгдэхүүн бий болгох нь л санаа зовох асуудал юм.  Энэ үйл явцын гинжин хэлхээг харвал эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, нефть химийн үйлдвэр, химийн үйлдвэрт орж байна. Өнөөдрийн бидний амьдралдаа хэрэглэж байгаа зүйлсийн бараг 90 хувь нь газрын тос буюу минерал эрдсээс бүтэж байна. Химийн бүтээгдэхүүн ороогүй зүйл гэж байхгүй боллоо.  Тиймээс энэ үйлдвэр баригдвал бидний цөөхөн монголчуудын амьдралд маш их хэрэг болно. 2024 он гэхэд үйлдвэр ашиглалтад орж, шатахуунаа нийлүүлээд эхэлнэ.  Бид шууд ашгаа хүртэж эхэлнэ. Ийм том төсөл хэрэгжүүлэхэд тогтвортой Засгийн газар,  чадвартай хэрэгжүүлэгч чухал.   Зөв зохион байгуулаад ажиллавал болдог л юм байна.  Одоогоор бидний ажилд садаа болж буй зүйл нь урт өвөл, баярын өдрүүд л байна даа. Өөр асуудал алга.
 
НЕФТИЙН ҮЙЛДВЭР ТӨРИЙН ӨМЧИТ БАЙХ ЁСТОЙ
 
-Дэлхий дээр газрын тосны үйлдвэрийг  цоо шинээр барих нь тун ховор. Ихэнх нь өргөтгөх, нэмж шинэчлэх эсвэл химийн үйлдвэрт тулгуурлаж  нефть химийн үйлдвэр барих зарчмаар явдаг.  Харин манайх шиг ногоон зүлгэн дээр үйлдвэрээ барьж байгаа улс байхгүй.  Үүгээрээ анхдагч болж байна.  Ер нь барилаа гэхэд том хотын дэргэд барьдаг.  Ядаж л цэвэр бохир ус, цахилгаанаа тэндээсээ авна. Харин бидний онцлог нь цоо шинээр зам гүүр, цахилгаанаа татаж байгаа. Сая татсан таван мегаватт цахилгаан бол үйлдвэрийн барилгын үеийн угсралтад хэрэглэнэ.  Харин үйлдвэр өөрөө 35 мегаватт цахилгаан станцаар ажиллана.  Мөн үйлдвэр хэзээ ч тасралтгүй гэсэн зарчмаар ажиллах юм.  Харин инженерийн шийдлийг хамгийн зөв үр ашигтай бага мөнгөөр хийх нь төслийн ажилчид бидний үүрэг. Үйлдвэрийн ТЭЗҮ  2018 оны арваннэгдүгээр сард Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. Хүмүүс батлах гэж яасан их уддаг гэдэг. Хүмүүсийн хийгээд ирсэн ТЭЗҮ-г өөрсдийн нөхцөл байдалд тааруулж, өөрсдөдөө ашигтай тал руу нь оруулах гэж удсан юм. Өнгөрсөн оны өдийд үйлдвэрийн ТЭЗҮ-гээ баталсан. Бид одоо үйлдвэрийн хамгийн хүнд хэсэгт явж байна. Барих бол яахав төсөөлөгдөж байна. Хамгийн хэцүү нь төлөвлөх. Үйлдвэр эхлээд цаасан дээр баригддаг. Энэ 12 байгууламжийн ширхэг бүрийг хэдэн мянган өгөгдөл тооцооллын үндсэн дээр барьж байгуулдаг амаргүй ажил юм шүү дээ. Түүн дээр Нефть боловсруулах үйлдвэр барихад алслагдмал байдал жаахан хүндрэлтэй байна.   Хөрөнгө оруулалтын хувьд Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум ам.долларыг хөгжлийнхөө төсөлд зарцуулаарай гэж өгсөн.  2016 онд манай төр  засгаас Газрын тос боловсруулах үйлдвэр барья гэж шийдсэн байдаг.  Нэг тэрбум 36 сая гэдэг бол зөвхөн ТЭЗҮ-гийн тоо. Ер нь нэг ч бай хоёр ч бай энэ чухал стратегийн ач холбогдолтой ажилд бол асуудал биш юм. Бид аль болох ч  хамаг бүсээ чангалаад бүтээн байгуулалтаа явуулж байна.  Мөн нэг асуудал байгаа нь 
  
 
Монголд газрын тосны чиглэлд боловсон хүчний асуудал хүндрэлтэй байна. Яг үйлдвэрийн процесс тал дээр хүн алга. Харин хими болон агуулах сав чиглэлээр бол суралцсан хүмүүс байгаа байдаг. Мөн энэ чиглэлд туршлагатай хүн чухал байна. Гаднаас туршлагатай, мэргэжлийн хүмүүсийг авчирч ажлуулахад өндөр өртөгтэй байх зэрэг асуудал байна.   
 
 
Бид энэ ажлуудад залуусыг сонгож авахдаа гуравхан үзүүлэлтийг хардаг.  Дипломын дүн ямар байх хамаагүй.  Гол нь сэтгэл зүтгэлтэй, санаачлагатай, “нээлттэй” тархитай байхад л болно. Монгол хүн чадалтай.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин